Хоёр нутагтан
Усанд ч, хуурай газарт ч амьдрах чадвартай амьтдыг судлаачид хоёр нутагтан гэж нэрийддэг. Үүнтэй адил аль ч Засгийн үед амиа авч үлдэхийг санаархагчид улс төрийн хүрээнд олширох хандлагатай. Үнэндээ хоёр нутагтан бусдаасаа илүү амь бөхтэй, урт удаан амьдардаг болохыг судлаачид тогтоосон байдаг.
Энэ нь өнөө үеийн улстөрчдийн хувьд хамгийн шинэлэг шийдэл бололтой. АН-ынхан “Илчилнэ, уудална, баривчилна, хорино” гэх болсон цагт амьд үлдэх арга заавал хэрэгтэй. Нам дагавал ам тосдоно гэдэг болсон өнөө үед итгэл үнэмшил ямар ч хэрэгцээгүй. Зүгээр л хог. Дахин ашиглах боломжгүй хаягдал мэт.
Хэн хэн нь үзэл бодлынхоо төлөө тууштай байж, намдаа зүрх сэтгэлээ өгвөл С.Баяр, Х.Хулан хоёр шиг л болно. Тийм биз, улстөрчид өө. Тэдний алдаа нь намдаа хэтэрхий үнэнч байсных. Бас хэн хэн нь үзэл бодол, үнэт зүйл, зорьсон зорилгынхоо төлөө бат бөх зогссонтой холбоотой.
Харин өнөөдөр намд элсэнэ гэдэг ердөө л тоглоом. Хожвол баяжина. Хожигдвол аавын хаалга татна. Аз нь таарвал сугарч үлдэнэ. Мэдээж, энэ бүхэн цаг хугацааны асуудал. Харин шинэ заалт нэмж оруулсан нь гэр бүлээрээ оролцох. Гэхдээ цөм нэг намд шамбааралдвал ирээдүйгүй. Унавал хуйгаараа үхэх учраас.
Яг л Д.Балдан-Очир, түүний гэргий С.Намсрайжав нар шиг. Иймээс хоёр нутагтныг нутагшуулж эхэлсэн хэрэг. Жишээ нь, Д .Сумьяабазар, Д .Дагвадорж нар шиг. Ах нь МАН-аас УИХ-д нэр дэвшиж, Сонгинохайрхан дүүргээс сонгогдов.
Энэ мэдээллийн дараахан түүний төрсөн дүү Асашёорюү Д.Дагвадорж эрх баригч намын батлахыг сүр дуулиантайгаар өвөртөлсөн. Зүрх сэтгэлээ дагасан сонголт хийсэн талаараа Д.Дагвадорж хэлж, залууст үлгэрлэнэ гэж байсан. Түүний зөв. Тэр үлгэрлэж чадна. Гэхдээ аль талаараа. Бас бодох л асуудлын нэг.
Магадгүй 2016 онд МАН олонх болж, Засгийн толгой өөрчлөгдвөл дүүд зүсэм талхны хэлтэрхий олдох ч юм бил үү. Алсыг харж амьдарна аа гэж энэ байх. Үгүй дээ л, түүнийг бас бизнесийг нь оролдохгүй. Муугаар бодож Д.Сумьяабазар АН-ынхны гарт байгаа АТГ-ынханд базуулбал дүү нь сонсоогүй царайлахгүй биз дээ.
Ах, дүүсийн амь нэг гэдэг хойно. Өөрөөр хэлбэл, Засаг хэний гарт байгаа нь тэдэнд тийм ч сонин биш. Яадгийн тэдэн шиг хоёр нутагтнууд энэ төрд олон байхад. УИХ-ын гишүүн Б.Наранхүүг хар л даа. Төрсөн эгч нь МАН-ын НАМЭХ-ны дарга төдийгүй намдаа бас ч гэж байр сууриа эзэлсэн эмэгтэй.
За тэгээд Ж.Батзандан АН-аар овоглох болсон ч ах Ж.Бат-Эрдэнэ МАН-д өөрийн гэсэн орон зайгаа олсон овсгоотой эр бий. Тийм байхад газар, уснаа явагчийн амьдралыг амтлаад үзэхэд буруудах юун. Ай даа, үүнийг нь мэдэхгүй эхнэр, нөхөр хоёр сонгуулийн үеэр саналаа өгөх гэж хэрэлдэж суухым.
Үгүй энэ нам юм хийсэн, танай нам юу хийсийм гэж ирээд л. Итгэл үнэмшил хог дээр хаягдаж, амны алчуурын үнэд ч хүрэхгүй байхад… Амьдрал мэдэхгүй золигнууд шүү.
Л.Нинжсэмжид
Эх сурвалж: “Нийгмийн шуудан” сонин
URL: