М.Цэемаа : ЦЭНГҮҮН /Өгүүллэг/
Өвөр энгэрийнх нь цас тарлантсан Аргалын уулын бараа үдшийн бүрий дундуур өндөлзөж бөмбөлзөж айсуй.
Аргалын утаа үнэртэхэд агсагдаж ядарсан Цэнгүүний буларсан биеийнх нь цангаа тайлагдах шиг.Сэнгэнэсэн цэнгэг агаар жавар бусгаан үнэртэхүй аргалын утаан хөгшиг сэмбийлцэн Алаг хайрханы зүүн сугаас нохойн дуу чимээлж Цэнгүүний зорьсон айл ойрхон буйг илтгэнэ.Цэнгүүний авга ах Дөш эхээс унахын л энэ хөндлөн хар уулынхаа энэтээх сугаас ер холдсон нь үгүй.Тавиад оны дундуур цэргийн албыг говьд хааснаас өөрөөр уулаасаа Дөш холдоогүй.Уул ч цагийн мөнх мөнхийн харуулдаа ертөнцийн энэ л нам гүмхэн хязгаартаа хэв хэвээрээ.
Дөшийн үеийнхэн “манай Дөш хилийн хайчинд явж тагнуул бариад одонгоор шагнуулсан энх цагтаа баатарлаж,хал үзсэн хуучин цэрэг дээ” гэнэ. Тэр тухай яриа гарахаар хуучин муу мод толгойгоо дахин дахин угзарч инээх уухилахын завсар хамраараа шуухитнаад “…хээцэс миний баатарлал ч дээ…Гэрээ л их санана даа.Өөдийгөө санаад өмдөндөө дусаагаад…хэмээн. наргиан болгоно.Өөдөө гэж Дорж,Балт,Шатар,Дөш дөрвийн төрүүлсэн эх.Ах дүү дөрвөөс огт эхнэр авалгүй дүү Дөшийнхөө хамжаанд амьдрах намхан номхон бор хүн байх л даа.Түүнийг Балт гэнэ.Балт Дөшийн нэр дээрх нэгдлийн данстай хонийг өвөл зунгүй дагаастай.Цагтаа Өршөөлтйин хийдийн унзад явсан нэгэн.
Дөш дөч хол гарсан хойноо Аргалын уулын арын жалгаар нутаглах “сахал” Түдэвийн их охин Пагма хүүхэнтэй ханилж зулай зулайгаа гишгэн төрсөн дөрвийн дөрвөн “хэнз” хөвгүүдтэй сэн.Хазаарын амгайн шигшрээ,зөөлөн явдалт их дэлт хээр морины явдал зуур бүүвэйлэгдэн энэ тэрхнийг харж яваа Цэнгүүнд төрсөн нутгийнх нь зүс бараа хичнээн дотнохон.
Дөш цэргээс халагдаж ирээд л багийн дараа нь бригадын агент хийжээ.
Сумын төвөөс урагшаа Аргалын ууландаа хэдий ч юм юмнаас хол говийн гурван сумын зааг тул хүний хөл тасрахгүй.Цай давс даавуу даалимба авахаар ирэх хүүхэд хүүхэн хэн байлаа ч Өөдөө хөгшин агентийн гэрийн том хар цоожны түлхүүрийг гэрийнхээ зүүн урд хатавчны ханын толгойноос авч өгөөд “хүүхээд миний хүү даахаараа авах юмаа аваарай” л гэх.Тэглээ гээд Дөшөөс ам даавуу,атга будаа дутаагүй гэдэг юм билээ.Дэлгэрэх нэгдлийнхний “толгой” агентуудын нэг дээ.
Далаад оны дундуур даа социалист өмчийг хямгадан хайрлах тухай уриалга гарч ая дантай болж бүр коммунист дуулал зохиогдож,хүн бүрт цээжлүүлж цээжилснээ шалгуулж шалгагдаж хөл хөөрцөг боллоо.Сумын хариуцлагатны хурал тармагц намын дарга Сампил хөдөөний агентуудын улстөрийн уриалгын цээжлэлтийг шалгах юм болоход томоо гэгчийн сэгсүүргэн дээл өмсөж,үнэгэн малгайгаа сугавчилсан Дөш хамгийн түрүүнд өндөлзөж байснаа ухасхийн босоод гацаж цацаж …хүн бүр хар нялхаасаа эхлэн… хэмээн дуржигнуулан уншаад лүгхийн дуутай нь аргагүй суугаад өгчээ.Тэнд байсан инээд муутай нэгэн хожмоо “бүтэж үхэх” дөхсөн өө ярих.
Албаны ажилтай олон оныг хот орон газар үдсэн Цэнгүүн хаврын эхэн сарын сүүлээр өсөж төрсөн нутаг юугаа тэмцэн ирж яваа нь учиртай.Насны танагтай ч яах вэ ер нь л сүүлийн үед нутаг орон,ээж аав ойр тойрныхон нь байн байн зүүдэнд нь ороод нэг л сэтгэлийн хоргомжтой. Төрсөн бууц,хүйн чулуу энэ тэр гээд энэ нутаг Цэнгүүний сэтгэлийн хойморт залрах нарийн нандиныг хадгалж сэтгэлийг нь даллан дуудсаар ахуйд уриныг хүлээх сэтгэлийн түвдэл хүрсэнгүй.Тав тухтай унаагаар хүргэж өгөх гэсэн хүсэлтийг ч үл анзааран энгийнээрээ явж хүрэхээр зорьж гараад 2 хоног дээрээ яваа аж.Хөдөө хээрээр ганцаар морь унаад бодолхийлэн явах нь сэтгэлийн түмэн амгалантай.
Олон жилийн өмнө Оросд сургуульд сурч байхдаа айхавтар хүнд өвдсөн ч залуу насны ааг,сайн эмч нарын буянаар эдгэж хөл дээрээ боссон. Нас явахын хирээр хуучин танил өвчин нь сэдрэн өндөлзөж,өнгөрсөн сард гадаадад хийлгэсэн дэлгэрэнгүй шинжилгээгээр “рак” гэх оношийг баталжээ .Цэнгүүн сэтгэлээр нэг их унаагүй ч , унаж босох энэ л амьдралд хором ч гэлээ хоргодох нь хүний ёсоо доо.Эргээд харахад үлдэж хоцрох нь юу билээ.Хоолой төвөнхөд нь “гомдол” бөөгнөрөөд л…
Хичнээн жил ч нутагтаа ирээгүй юм бэ дээ бүү мэд…
Ханаран нүүгэлтэх бараа сүрт Аргалын уулынхаа өврийн хаваржаан дээр авгынхаа гэрийн гадаа дөрөө мултлан буулаа.Бэргэн эгч нь уяан дээрээ шахам тосон авч духыг үнэрлэхэд “ижийнх нь энгэрийн үнэр” сэнгэнэхүй хамрын уг руу шархиран арайхан уйлсангүй.Нулимс их л ойрхон явдаг болсон байх чинь “хадан гэр минь ойртон харьж яваа сан уу”гэх бодлоосоо бусгав.
Хаврын гүн хар хөх тэнгэрийн цээлд гялалзах зүүний сүвэгчний дайны одод өрхний завсраар гялалзахыг харж,саяхан гарсан хурга ишиг,өтөг бууц,сүү саальны үнэр шингэсэн авгындаа авгыгаа эзгүйд ирсэн дээ сэтгэл жаахан гонсгордуу.
Өвгөн болж байна даа харьж явна гэх гоморхол цээжний гүнд өмөлзөхөд эгэл боргил,цагаахан энэ амьдралаас ургаж гарсан Цэнгүүн их хол яваад эргэж иржээ.Ямар зөөлхөн дулаахан,энгийн юм дээ…
Хэдэн жилийн өмнө Аргалын уулын энгэр Ихрийн өвөлжөөний зүүн хамар дээр аргалд явсан ижийгээ тосч очин арагтай аргалыг нь үүрээд гэр өөдөө гэлдэрчээ явахдаа ижий нь барьж явсан хулсан савраараа зүүн хойд руу чиглүүлэн зааж,”энэ хадан мөргүүгийн зүүн дор хавтгай хөх чулуу бий тэр миний хүүгийн хүйн чулуу юм шүү дээ”хэмээн ярьсныг Цэнгүүн тод санана.
Маргааш өглөө нь аажуухан боссон Цэнгүүний нүүр өөд өлийн харсан Пагма “миний дүү өнөөдөр амарч өнжинө биз дээ.Өвгөн оройхон ирэх байх.Бага бэр төрөх гээд Гэзгийн хөөвөр рүү явсан.Өчигдөр өдөр багийн дарга хүү энүүгээр дайрч өнгөрөөд явахдаа чамайг ирж яваа гэж хэллээ л дээ.Өвгөн ирээд шинэ шөл усны юм бодох байгаа.Мань мэтэс чинь хоол хошны нарийн нандиныг мэдэлгүй ходоод дотрыг чинь эвдэж бусгах вий дээ хэмээн сэтгэл тавих нь гал дээрх тогооноос үнэртэх уургийн улаан цайны зөөлөн эерүү үнэр шиг ээ.
Уух идэхийн ая нь олдох байлгүй дээ Пагма эгч минь би чинь тэр хол газраас санаж сарвайх та нараа,нутаг усаа л гэж зүтгээд хүрээд ирлээ дээ хэмээн хагас суугаа чигээрээ суниаснаа дээлээ эгэлдрэглэн нөмрөөд галын зүүгээр тойрон гарч одлоо.
Хаврын ногооны түрүүч шингэн хөх униар татсан Аргалын уулын энэтээх сугад Цэнгүүн төрсөн гэрийнхээ бууринд хөрвөөж,хүй дарсан хөх чулуунаасаа адис аван мөргөөд,олон олон үеэрээ тойрон нутаглаж идээшин дассан ууландаа сүсэглэн залбираад сэтгэл нь амарч ууцаа үүрэн авгынх руугаа аажуухан алхаллаа.
Миний байх ёстой газар орон…энэ…Цэнгүүний цээжний гүнд ийнхүү шивнэх шиг…
УУлын наад ташлангаар хонин сүрэг сувдран ярайна.Зүүн урд хамар дээгүүр хөтөлгөө морьтой хүн авгынхыг чиглэн ирж явнаа даа.Эмээл дээрх суудал нь яах аргагүй Дөш ах мөн шиг вэ?.
Уулсын зулай гүн цэнхэр тэнгэрээр цагаан онгоц утаа олгойдуулан явж өнгөрөх,наран ээвэр хаваржааны хөлд юу эсийг бодон зогсоно вэ
Монгол хүний сэтгэлийн түмэн амирлал ажгуу.Эгэл бүхэн агуу…бодь юм даа.
2013 оны 4-р сар Цэемаа
Аргалант уул
URL: