Ш.Батхүүгийн хэрэгт дахин нэг хүнийг хорьжээ
“Жаст” группийн захирал асан Ш.Батхүүгийн хэрэгт холбогдуулан дахин нэг хүнийг хорьжээ. Төрийн банкны Бизнес хариуцсан дэд захирал Н.Амгаланг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын дундуур саатуулсан байна.
Түүнийг “Хадгаламж” банкинд ажиллаж байхдаа чанаргүй зээл гаргасан, эрх мэдлээрээ далайлган Ш.Батхүүгийн хууль бус үйлдэлд оролцсон байж болзошгүй гэх үндэслэлээр ийнхүү хориод байгаа аж.
Ямартаа ч түүнийг нийслэлийн прокурорын газрын зөвшөөрлөөр барьсан бөгөөд өдгөө 20 шахам хоног саатуулж байгаа юм байна. Эх сурвалжийн мэдээлснээр “Хадгаламж” банкинд ажиллаж байхдаа Ш.Батхүүтэй үгсэн хуйвалдаж, чанаргүй зээл гаргасан асуудалд холбогдсон найман хүнийг ажлаас нь халаад байгаа аж.
Н.Амгалангийн хувьд тэдний адилаар Ш.Батхүүгийн хэрэгт холбоотойгоор ийнхүү сэжигтнээр татагдаад байгаа юм байна. Харин одоогоор түүний албан тушаалыг түдгэлзүүлээгүй байгаа аж.
Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас “Эрдэнэт” үйлдвэрээр батлан даалт гаргуулж үйлдвэрийн удирдлагуудын гарын үсгийг хуурамчаар үйлдэн зээл аваад эргүүлэн төлөөгүй гэх үндэслэлээр өдгөө сэжигтнээр тооцогдоод буй Ш.Батхүү ийнхүү араасаа олон хүнийг дагуулж эхэллээ.
Уг хэрэгт Н.Амгалангаас гадна “Хадгаламж” банкны гүйцэтгэх захирал асан Л.Бадамцэцэг, “Жаст” группийн Санхүү эрхэлсэн дэд захирал асан Н.Батсайхан нарыг холбогдуулан шалгаж эхлээд байгаа юм.
М.Өнөрөө
Эх сурвалж:
URL: