Монгол улсын 2013 оны шилдэг 10 бүтээн байгуулалтыг нэрлэжээ
Хуучин он улиран одож шинэ он эхлэх бүрд хэвлэл мэдээллийн хэрэгслүүд улирч буй оны шилдэг, топуудыг өөр өөрсдийнхөөрөө шалгаруулан нэрлэдэг. Гэхдээ манай нөхцөлд ихэвчлэн гадны болон элдэв хүчин зүйлсийн нөлөөлөлд автагддагийг үгүйсгэх аргагүй. Тухайлбал өнгөрөгч оны шилдэг бүтээн байгуулалтаар дөнгөж суурь нь тавигдаад байгаа бурханы хөшөө, ердийн нэг усан оргилуур мэтийг зарим мэдээллийн хэрэгсэл онцолсон байх жишээтэй.
2013 он монголчуудын хувьд цар хэмжээ болон ач холбогдлоороо Оюутолгойн уурхайг эс тооцвол ардчилсан хувьсгалаас хойших 23 жилийн хугацаанд хамгийн их хэмжээний бүтээн байгуулалт өрнөсөн жил байлаа. 2013 онд Монгол улсад өрнөсөн шилдэг бүтээн байгуулалтуудыг оны туршид гарсан онлайн мэдээлэлд тулгуурлан, хөндлөнгийн хэн нэгнээс хамааралгүйгээр тодруулж байна. Өнгөрөгч оны тэргүүлэх бүтээн байгуулалтууд дэд бүтэц, эрчим хүч, барилгын салбарт голлон хийгджээ.
1. Автозам
Өнгөрөгч онд Монгол улс өмнө байгаагүй хэмжээний автозам барьж ашиглалтад орууллаа. Шинээр 1824 км автозам барьж, нийт замын урт 5000 км-т дөхөв. Үүнд Арвайхээр-Баянхонгор чиглэлийн 108 км зам, Улаанбаатар-Дундговь чиглэлийн 104 км зам тус тус орж, шинээр 3 аймгийн төв нийслэл Улаанбаатар хоттой автозамаар холбогдов. Мөн Сайншандаас Замын-Үүд хүртэлх 116 километр ам ашиглалтад орсоноор ОХУ болон БНХАУ-ыг холбох олон улсын чанартай босоо тэнхлэгийн зам бүрдэв. Цаашид 2015 он гэхэд бүх аймгийн төвүүдийг хатуу хучилт бүхий автозамаар бүрэн холбохоор төлөвлөж байна.
2. Салхин цахилгаан станц
Монгол улсын анхны салхин цахилгаан станц 6-р сарын 20-нд ашиглалтад оров. Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт байрлах Клин Энержи компаний Салхит салхин цахилгаан станц 1.6 МВт чадал бүхий 31 салхин цахилгаан үүсгүүрээс бүрдэж, суурилагдсан нийт хүчин чадал 50 МВт-д хүрнэ. 100 мянган өрхийн цахилгааны хэрэглээг хангах уг станцын нийт өртөг 170 тэрбум төгрөг болжээ. Мөн 110 кВ-ийн 28 км урт хоёр хэлхээт цахилгаан дамжуулах шугам, дэд станцыг барьж тус тус ашиглалтад оруулав. Тус станц нь сүүлийн 30 жилийн хугацаанд Монгол улсын цахилгаан эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдож буй хамгийн анхны том хэмжээний, дээр нь байгальд ээлтэй цэвэр эрчим хүчний эх үүсвэр гэдгээрээ оцлог юм.
3. Цахилгаан дамжуулах шугам
М-Си-Эс Интернэйшнл компанийн хэрэгжүүлсэн Мандалговь-Тавантолгой-Оюутолгойн 220 кВ-ын 400 км урттай цахилгаан дамжуулах агаарын шугамын бүтээн байгуулалтын ажил 11 дүгээр сарын 11-ний өдөр дуусч, улсын комисст хүлээлгэн өгөв. 160 тэрбум төгрөгийн өртөг бүхий уг төсөл улс орны хөгжилд онцгой чухал үүрэгтэй уул уурхайн томоохон төслүүд болох Оюутолгой, Тавантолгой, Цагаан суваргын ордууд болон Өмнийн говийн хэрэглэгчдийг Төвийн эрчим хүчний системтэй холбож байна. Түүнчлэн монгол инженерүүд анх удаа 2 хэлхээт 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын төслийг өөрсдийн эрдэм мэдлэг, ур чадварт түшиглэн хэрэгжүүлснээрээ онцлог ажил болов.
4. Орон сууц
Хэдийгээр оны эцсийн статистик дүн мэдээ гараагүй байгаа боловч өнгөрөгч онд нийт 14-15 мянган айлын орон сууц ашиглалтад орох төлөвтэй байна. Монгол улсын хэмжээнд 2010 онд 9800, 2011, 2012 онд тус тус 11 мянган айлын орон сууц баригдаж байсан бол өнгөрөгч оны 9 сарын байдлаар нийт 7812 айлын орон сууц ашиглалтад оржээ. Засгийн газраас хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хүрээнд 2013-2014 онд нийт 34 мянган айлын орон сууц барихаар өнгөрөгч онд төлөвлөв. Хэдийгээр өндөр үнэтэй, чанаргүй хэмээх гомдлыг олон барилга дагуулж байгаа боловч цаашид эрэлт нийлүүлэлтийн харьцаа тэнцэж, зах зээлийн хуулийн дагуу үнэ ханш тогтоход чиглэсэн бүтээн байгуулалт хийгдсээр байна.
5. Боловсролын салбарын барилга байгууламж
Өнгөрөгч онд боловсрол, шинжлэх ухааны салбарт 100 орчим барилга байгууламж шинээр ашиглалтад оруулж, хүлээн авсан байна. Үүнд цэцэрлэг 24, ерөнхий боловсролын сургууль 18, дотуур байр 5, спорт заал 5, дээд сургуулийн өргөтгөл, 1000 оюутны байр, лаборатори, шинжлэх ухааны зориулалттай барилгууд орж байна. Тэгвэл энэ онд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр нийт 89 сургууль, цэцэрлэг баригдахаар төлөвлөгджээ.
6. Эрүүл мэндийн салбарын барилга байгууламж
Зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойших анхны төрөх эмнэлэг өнгөрөгч оны эхээр ашиглалтад оров. Амаржих эхийн 100, нярайн 50 ортой, хамгийн орчин үеийн эмчилгээ, оношлогоо, мэс заслын тоног төхөөрөмжөөр тоноглогдсон нэгдүгээр амаржих газрын өргөтгөл нийт 10 тэрбум төгрөгийн өртөгөөр босчээ. Мөн Хөвсгөл аймагт 50 ортой төрөх эмнэлэг, Говь-Алтай аймгийн эрүүл мэндийн газар, 20 ортой халдвартын, 10 ортой сүрьеэгийн эмнэлэг, Улаанбаатар хотод нуруу нугасны төрөлжсөн “Гранд мед” эмнэлэг, “Таны төлөө бид” эмэгтэйчүүдийн эмнэлэг тус тус ашиглалтад оров.
7. Баруун-Уртын дулааны станц
БНСУ-ын буцалтгүй тусламжаар нийтдээ 5 сая ам.долларын хөрөнгө оруулалт бүхий Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын дулааны станцыг өнгөрөгч оны сүүлээр ашиглалтад хүлээж авав. 15 МВт суурилагдсан хүчин чадал бүхий тус станцад БНСУ-ын орчин үеийн дэвшилтэт технологийн халаалтын системийг нэвтрүүлж, уг системд зарцуулагдах цахилгааны хэрэглээний өсөлтийг нарны эрчим хүч хэрэглэх замаар бууруулахаар тооцсон байна. Энэ онд 8 аймгийн төвд шинээр дулааны станц барихаар төлөвлөж байгаа нь орон нутгийн хэрэглэгчдийн дулаан хангамжийн найдвартай байдлыг хангах, агаарын бохирдлыг буруулахад чухал нөлөө үзүүлнэ. Баруун-Уртын дулааны станц нь 2 жилийн өмнө ашиглалтад орсон Ухаа-Худгийн станцын дараа орох ардчиллаас хойш баригдсан 2 дахь томоохон хүчин чадал бүхий станц юм. Мөн өнгөрөгч онд 5-р цахилгаан станц, Амгалан дулааны станц, ТЭЦ-3, 4-ийн 50-100 МВт-ын өргөтгөлийн ажлууд тус тус эхлэв.
8. Төмөр бетон дэрний үйлдвэр
Жилдээ 350 – 500 мянган бетон дэр үйлдвэрлэх хүчин чадал бүхий төмөр замын бетон дэрний үйлдвэр 9-р сард ашиглалтад оров. Үйлдвэрийн гол тоног төхөөрөмжүүд нь Английн RMS компанийнх бөгөөд бетон дэрний даац тэнхлэг дээрээ 23-32 тонн байна. Тус үйлдвэрийн бүтээгдэхүүн ирэх хавраас эхлэх Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 217 км шинэ төмөр замын угсралтын ажилд ашиглагдаж, цаашид Монгол улсын 1000 км төмөр замын модон дэрийг солиход чухал үүрэг гүйцэтгэнэ. Тус үйлдвэр социализмийн үеийн “Байшин үйлдвэрлэх комбинат”-ын суурь баазад тулгуурласан бөгөөд цаашид эрчим хүч, дулааны шугам сүлжээ, дэд бүтэц, зам барилгын төмөр бетон эдлэлүүдийг үйлдвэрлэх юм.
9. Гудамж төслийн эхний шатны ажил
Өнгөрөгч онд “Гудамж” төслийн хүрээнд Улаанбаатар хотын автозамын 16 уулзварын шинэчлэлтийн ажил дуусч ашиглалтад оров. Эдгээр ажил автозамын түгжрэлийг бууруулахад тодорхой хэмжээгээр нөлөөлж байна. “Хотын төв”, “Хурдны зам”, “Гэр хороолол” гэсэн гурван дэд төсөл бүхий “Гудамж” төслийн хүрээнд цаашид нийт 33 уулзварын өргөтгөл шинэчлэлт, Туул, Сэлбэ голын дагуух 122 км урттай хурдны зам, гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлууд тус тус төлөвлөгдөөд байна.
10. Ноосон утасны үйлдвэр
Төв аймгийн Зуунмод суманд ажиллаж эхэлсэн “Могол ноос” компаний үйлдвэр хэдийгээр цар хэмжээний хувьд ихгүй боловч Монгол улсын үйлдвэрлэлийн нэгэн шинэ салбарын эхлэлийг тавьж байгаагаараа онцлог юм. Уг үйлдвэр хоногт 2-3 тонн ноос, ноолууран утас үйлдвэрлэх хүчин чадалтай. Тус компани ирж буй оноос даавууны үйлдвэрийг ашиглалтад оруулан эхний ээлжинд сурагчийн болон төрийн албан хаагчдын дүрэмт хувцас үйлдвэрлэж, цаашид Монгол улсын ноос ноолууран даавууны хэрэгцээг бүрэн хангахаар төлөвлөж байна. Мөн засгийн газраас үзүүлсэн 700 сая төгрөгийн дэмжлэгийн үр дүнд зөөлөн оёдлын Эксклюсив брэнд төрөн гараад байна.
FACT.MN
URL: