Ч.Хурц: Хуулиудыг ашиг сонирхлын үүднээс дэндүү их тонгочуулах юм

hurts_doctor-middleГеологи, эрдэс зүйн ухааны доктор Ч.Хурцтай уул уурхайн салбарын асуудлаар ярилцлаа.

-Манай улсын эдийн засаг уул уурхайн салбараас хэт их хамааралтай байна гэж үздэг. Ер нь уул уурхайн салбарын өнөөгийн нөхцөл байдал ямар байна вэ. Та юу гэж үзэж байгаа талаар ярилцлагаа эхлэх үү?
-Эрдэс баялгаар баян манайх шиг улс орон өөрийнхөө үндсэн үйлдвэрлэл нийгэм эдийн засгийн асуудлаа их тодорхой салбар дээр авч явдаг. Тэгэхээр манай улсын хувьд эрдэс баялгийн буюу геологи уул уурхайн салбар улс эх орныхоо хувь заяа, нийгэм эдийн засгийн гол түшиц тулгуур нь болдог. Зарим нь ганцхан салбарт тулгуурласан нийгэм, эдийн засгийн бодлого дээш явахгүй гэж ярьдаг. Харин энэ бол их өрөөсгөл буруу ойлголт юм шүү дээ.

Ер нь улс орон байгуулагдаж байгаа үйлдвэрээ дагуулаад бусад үйлдвэрлэлийн салбараа дагалдуулж хөгжүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл, уул уурхайн салбарт ажиллаж байгаа хүмүүс хоол иднэ, хувцас өмсөнө, соёл иргэншлийн төв, сургууль, цэцэрлэг зэрэг маш олон зүйл шаардлагатай. Тиймээс уул уурхайн үйлдвэрээ дагаад бусад салбарынхаа үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор хүн амаа хөгжүүлэх бодлогыг баримтлаад ирэхээр аяндаа хөгжил ирдэг.

Бид Эрдэнэтийн үйлдвэрийг барихаас гадна Улаан толгойн сангийн аж ахуйг хүнсний ногооны чиглэлээр тулгуурлаж байгуулж байсан. Харин Гургалдайн сангийн аж ахуйг мах болон сүүний чиглэлээр байгуулсан юм. Тэгэхээр хүнсний асуудлаа Эрдэнэтийн үйлдвэр ингэж шийдэж байсан.

Түүнчлэн Эрдэнэтийн үйлдвэрийг барихаас өмнө 15 мянган хүн оршин суух хотыг барьсан. Орос, Монгол хоёр ерөнхий боловсролын дунд сургуулийг мөн л барьсан. Уурхайчдын маш том соёлын ордонг барьсан. Гэр бүлийнх нь хүмүүст зориулж хивсний үйлдвэрийг байгуулж байсан гэх зэргээр улс эх орноо чирж байгаа гол салбараа дагуулж, бусдыг нь хөгжүүлдэг юм.

Эрдэнэтийн үйлдвэр хэзээ нэгэн цагт нөөц нь барагдана. Гэхдээ өнөөдрийн байдлаар дахиад 60 жил ашиглах нөөц баталгаа бий. Тэгэхээр Эрдэнэтийн үйлдвэрт ажиллаж байгаа хүмүүс тухайн газраа хөгжүүлэх ёстой. Үйлдвэр 60 жилийн дараа хаагдахад цаашид яаж авч явах вэ гэдэг асуудлаа шийдэх хэрэгтэй. Нэг таатай мэдээлэл дуулгахад Эрдэнэтийн үйлдвэр мэргэжлийн удирдлагатай болсон явдал юм. Тиймээс мэргэжлийн хүмүүс очсон болохоор энэ үйлдвэрийн төлөө арай өөр сэтгэлгээгээр хандаж байна.

Түүнчлэн Бюренгранд үйлдвэрийн дайны Монгол Улсын хэмжээнд оношилгооны төвийг барих гэж байна. Мөн өөрийнхөө засвар механикийн заводыг цаашдаа металл боловсруулах салбарын хэмжээнд хөгжүүлэхээр ажиллаж байна. Ингэж алсаа харсан үйлдвэрийн салбарыг бий болгох ёстой. Улмаар бэлэн төмрийн бэлдэц, ган бэлдэх үйлдвэрээ гаргах гэж байна. Ингэж ажиллаж, энэ хандлага руу явж байгаа явдал бол улс эх орныхоо төлөө манай инженерүүдийн хийж буй том үйл ажиллагаа гэж харж байна.

-Оюутолгойн нөхцөл байдлыг хэрхэн дүгнэж байна вэ. Үйл ажиллагаатай нь танилцсан уу?
-Би саяхан Оюутолгой яваад ирсэн. Оюутолгойн үйлдвэрлэл эхэлчихсэн. Эрдэнэтээс их буюу 34 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадлаар баяжуулах үйлдвэр нь ажилд ороод жигдэрчихсэн байна. Хамгийн чухал нь металл авалтаа дээшлүүлэх, гаргаж байгаа баяжмалынхаа чанарыг сайжруулах, туршилт тохируулгынхаа ажилд шилжчихсэн байна. Энэ бол сайн хэрэг. Харин харамсалтай нь нийгэм эдийн засгийнхаа асуудлыг бүрэн хийгээгүй байна.

Тодруулбал, ажилчдын орон сууц алга, нийгэм соёлын объектууд нь байхгүй байна. Орон нутгийн байгууллага Оюутолгойн дэмжлэгтэйгээр Монгол Улсын хэмжээнд тэмээний ноосыг боловсруулах үйлдвэрийг өнөөдөр эхлүүлчихсэн байна. Дэргэдээ оёдлын цех ажиллаж байна. Нийт 16 оёдолчин ажиллаж байна. Үүнд их бахархалтай хандлаа. Улмаар уурхайчдын гэр бүлийг байнга байлгах, тэднийг тогтвор суурьшилтай байлгахад жаахан хангалтгүй ханджээ.

Хүн гэдэг амьтан чинь өглөө ажилдаа явахдаа өнөөдрийнхөө хийх ажлыг төлөвлөдөг. Харин орой тарахдаа аз жаргалаа бодож харьдаг. Гэтэл анхны хөрөнгө оруулалтаа төлөвлөхдөө нийгэм, соёлын объектоо бодсонгүй. Тэгэхээр улс бүс нутгийнхаа хөгжилтэй холбогдсон үйл ажиллагаатайгаа Оюутолгой өөрийнхөө амьдралыг авч явахгүй бол хэцүү шүү дээ. Энэ үйлдвэрт олон улсын хэмжээний өндөр менежментийн боловсролтой гадны мундаг мундаг хүмүүс ирсэн байна.

-Геологийн салбартаа хэр анхаарал хандуулсан байна вэ. Энэ салбарын ирээдүйг ямар өнцгөөс харж байгаа вэ?
-Геологийн судалгааны хувьд монгол геологи хөл дээрээ босчихсон юм байна. Би Оюутолгойн геологийн ажилтай нь танилцсан. Үнэхээр ордын геологи, ашиглалтын хайгуул, хүдрийн биетийн нөөцийг нэмэгдүүлэх хайгуулын ажлыг Монголын геологи бүрэн аваад явах хэмжээнд хүрчихжээ гэдгийг эндээс мэдэрсэн. Тэгэхээр нийгэм соёлынхоо арга хэмжээний зүйлийг төлөвлөж хэрэгжүүлж болох байх. Хамгийн чухал нь одоо ашиглаж байгаа үйлдвэрийнхээ тодорхой хэсгийн хөрөнгө оруулалтыг хийх замаар Оюутолгойн бүх бэлтгэлийг хийх бүрэн боломжтой болно. Түүнээс бүх зүйлийг нь хөрөнгө оруулалтын шугамаар гэх юм бол түүн шиг худал зүйл байхгүй.

Тиймээс Оюутолгойн техник үндэслэлийг боловсруулахад Монголын инженерүүд, ахмадууд, эрдэмтэн мэргэд чадал чансаагаа гарган туслах цаг нь болсон байна гэдэг нь шууд харагдаж байсан. Оюутолгойг муу талаас нь харах биш. Харин нийгэм эдийн засагт үр өгөөжтэй болгохын тулд гэрээ хэлэлцээрээ боловсронгуй болгож, орчин цагийн хариуцлагатай уул уурхай, ил тод байдлын асуудлыг хэвшүүлэх хэрэгтэй гэдэг дүгнэлтэд хүрсэн.

Ер нь уул уурхайн салбарын хөгжлийг хэдий их нууна, төдий хэмжээгээр ил гардаг. Хэдий их ил тодорхой байна вэ, төдий чинээгээр олон хүн дэмжиж ажилладаг. Их нуухаар л хардлага, сэрдлэг гарч, асуудлыг ар араасаа дагуулдаг.

Сүүлийн үед том том үйлдвэрүүд баригдаж байна. Тэгэхдээ эрдэс баялгийн салбар тэр дундаа геологи бол бизнесийн байгууллага биш. Геологид тендер зарлаж болдоггүй юм. Учир нь хамгийн хямд, хялбар хийх нэрийдлээр муу ажил төлөвлөөд тааруухан гүйцэтгэх аюул тулгардаг. Тиймээс геологийн ажлыг үе үеийн ахмадууд, сайхан залуу инженерүүдийн хувь заяаг шийдье гэвэл тендерийн замаар биш, харин тэдний бүтээлч, хөдөлмөрч сэтгэлгээг хөгжүүлсэн асар өндөр боловсрол эзэмшүүлэхийн төлөө ажиллах нь хамгийн чухал.

-“Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого”-ыг батлахаар ярьж байгаа. Ингэснээр эрдэс баялгийн салбарын хөгжлийг хурдасгах уу?
-Удахгүй төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогыг батална. Энэ нь миний ойлгосноор бол их ерөнхий л болсон харагдсан. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын геологи, уул уурхайг хөгжүүлнэ гэсэн байгаа юм. Үндсэн асуултдаа хариулт өгөхгүй байна. Хаана, яаж, яг юуг хийж хөгжүүлэх юм бэ. Юунд геологи уул уурхайн ажлыг төвлөрүүлэх юм бэ. Ямар зорилгоор энэхүү ажлыг хийх юм бэ гэдэг зүйл огт алга байна.

Түүнчлэн гадны хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаа үед манай улсын эрдэс баялгийг ашиглахад дэлхий дахин шал өөр хандлагатай болсон байна. Тодруулбал, дэлхийн улс орнууд 2050 он гэхэд хаанаас, яаж эрдэс баялгийг олох вэ. Австрали хэчнээн баян гэлээ ч нөөц нь дуусна. Африкийн орнууд хэчнээн баян гэсэн ч зарим түүхий эд нь дуусах хандлага руу орчихсон байгаа. Ийм нөхцөлд үүцээ хадгалаад хоцорсон монголчууд өнөөдөр дэлхийн хөгжлийн энэ чиг хандлагад зориулж, стратегийн түншлэл гэдэг бодлогыг маш сайн хөгжүүлэх шаардлагатай.

Юуг стратегийн түншлэл гэж яриад байгаа юм бэ гэхээр Герман орон манайхаас зэсийн баяжмал аваачаад зэс хайлуулах үйлдвэртээ оруулж ирэхэд хаягдлаа хаях газар нутаг байхгүй. Тэд байгаль орчноосоо айж байна. Дэлхий дахины хандлага ийм болчихсон байна. Тиймээс германчууд манайхтай харилцах харьцаандаа Европын холбооны орнуудыг дагуулаад манайхтай яаж харилцах гэж байна вэ гэхээр “Танайд металлургийн үйлдвэрийг чинь байгуулж өгье. Харин бид танайхаас манай үйлдвэрт хэрэгцээтэй эцсийн бүтээгдэхүүн металл авъя. Бид баяжмал аваачаад “хог” тээж очмооргүй байна. Тиймээс улс оронд нь үүнийг хөгжүүлж өгье гэдэг асуудал хөндөгдөж байгаа юм.

Үүнтэй холбоотойгоор Монголд уул уурхайн боловсруулах үйлдвэрийг эрчимтэй хөгжүүлэхэд нэг их айхтар зүйл тулгарна. Энэ нь ажиллах хүчин юм. Өнөөдөр манай улсын хүн ам гурван саяд хүрч байгаа. Харин манайд баригдах зарим үйлдвэр нь гурван сая хүн ажиллах бололцоотойгоор баригдана. Олон зуун хүн хэрэгтэй. Хэзээ ч боловсруулах үйлдвэр нэгээр зогсдоггүй.

Өнөөдөр нэг үйлдвэр бариад түүнээс гарч байгаа бүтээгдэхүүнийг гүн боловсруулах ажил нь цааш явагдана. Тиймээс 20-30 жилийн цаана харж төлөвлөсөн Япон, Солонгос, Герман, Хятад, Оросын хөгжлийн бодлоготой өөрийнхөө бодлогыг уялдуулахгүй бол бид цаашаа явахгүй. Ер нь ухаалаг хандахгүй бол болохгүй.

-Уул уурхайн салбарт хэрэгжүүлж байгаа зөрүү, буруу бодлогыг цаашид хэрхэх вэ?
-Өмнөговийн коксжих нүүрснийхээ сав газрыг бүтнээр нь Айвонхоу майнзд өгчихөөд суугаа байгаа шүү дээ. Ийм бодлого байж болохгүй. Тиймээс эрдэс баялгийн талаархи төрөөс баримтлах бодлого бол маш сайн байх ёстой. Өнөөдөр гарлаа гэхэд нэмэр алга. Учир нь шалгах шалгуур алга. Гарсангүй гээд гомдохгүй. Нэг л хөдөлсөн хөгжлийн темп гэдэг зогсоож болдоггүй юм. Монгол Улсын нүүрсний борлуулалт, коксжих нүүрс олборлолтын хэмжээ 30 саяд хүргэнэ гэж байна. Манайх энэ коксжих нүүрснийхээ 12 ордыг Айвонхоу майнзын мэдэлд байгаа лицензтэй талбайгаа бүрэн эзэмшээд эхлэхэд бид 100 жил 100 сая тонноор гаргах бололцоотой орон шүү дээ. Түүнд зориулж геологийн бодлого явдаг ёстой.

Өнөөдөр баруун бүсэд илрээд байгаа төмрийн бүхэл бүтэн бүс нутаг байна. Энэ бол Увс аймгийн Цагаанхайрхан сумаас Завхан аймгийн Сант маргад сум хүртэл төмрийн дэлхийн гайхамшигт орд газар байна. Энэ нь Монголын хэрэгцээг хангаад зогсохгүй дэлхийн хэрэгцээг хангах эрдсийн түүхий эдийн орд юм. Харин үүнийг судлах геологийн ажил өнөөдөр төлөвлөгдөөгүй л байна. Иймээс баруун бүсийн хөгжлийг яаралтай шийдэхгүй бол бүх хүн ам Хангай Хэнтийнхээ уулыг дагаад Хөвсгөл, Сэлэнгэ рүүгээ нүүгээд байна. Нутаг орон эзгүйрч байна. Энэ бол цөлжилт биш эзгүйрэл шүү дээ. Хүн ам сийрэгжиж нүүдэл суудал хийх нь сайны шинж огт биш. Тэгэхээр баруун бүсийн геологийн судалгааг эхлүүлэх хэрэгтэй.

Түүнчлэн зөвхөн Монголынхоо төлөө амьдарна гэж хөгжлийнхөө бодлогыг тодорхойлвол энэ буруу. Харин Даян дэлхийн хөгжилд монголчууд ямар хувь нэмэр оруулах вэ. Монгол гэсэн нэрээр юу хийх вэ гэдгээ гаргаж тавих нь бидний өнөөгийн хөгжлийн зорилго мөн.

-Салбар, салбарын хөгжлийг тодорхойлсон эрх зүйн орчин хэр найдвартай байна вэ?

-Байнгын ажиллагаатай парламент бий болсон нь сайн боллоо. Нөгөөтэйгүүр муу боллоо. УИХ-ын гишүүн ажил хийсэн болохын тулд янз бүрийн хуулиудыг янз янзын ашиг сонирхлын үүднээс дэндүү их тонгочуулах юм. Хууль хэдий их тогтворгүй байна төдий чинээгээр гадны хүний итгэх итгэл алдарна. 1994 онд Ашигт малтмалын тухай хуулийг Б.Чимэд гуайтай хоёулхнаа сууж гол ноён нурууг нь босгож байсан. Би эрх зүйн талаар боловсрол байхгүй ч гэсэн хууль гэж юу юм бэ гэдгийг гадарлана. Хуулийн эцсийн зорилго бол дэглэм тогтоох шүү дээ. Аливаа хууль өөрөө үзэл баримтлал логиктой байдаг. Нэг үг нэмчихээр үзэл баримтлал нь өөрчлөгдөөд явчихдаг. Тиймээс хуулийг тогтвортой байлгах нь чухал. Өнөөдөр хүртэл Урт нэртэй хуулийг өөрчилье гээд ярьж байна. Нэгэнт л нийтээр гараа өргөөд баталчихсан юм бол эцсийн үр дүнд хүртэл нь явах хэрэгтэй. Болж байна уу, үгүй юу гэдэг дээр нь судалгаа хийсэн нь дээр шүү дээ.

Б.Пүрэвжав


URL:

Сэтгэгдэл бичих