ТЕГ-ынхны хаасан алтны компаниуд уруу нинжа нар дайрч, 10 мянга гаруй хүн үймлээ

-С.В.Паушокийн “Алтан Дорнод Монгол” компанийн 600-700 ажилтан бүгд Заамарын хөндийд нинжа болж үлджээ-

Олон улсын арбитрын шүүхэд манай улсад ялагдаад байгаа Оросын иргэн С.В.Паушокийн “Алтан Дорнод Монгол” компанийн эзэмшилд байдаг Төв аймгийн Заамарын хөндий дэх алтны уурхайг хааж, олборлолт явуулж байсан газарт энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг 19 компаниар нөхөн сэргээлт хийлгэхээр ашиглалтын талбай руу оруулснаас үүдэн Заамарт эмх замбараагүй байдал үүсчээ.

Олон компанийг уг ашиглалтын талбай руу оруулсан болон урин дулаан цаг ирсэнтэй холбоотойгоор Заамарын хөндийд зөвшөөрөлгүйгээр алт олборлох гэсэн олон арван компани, нинжа нарын бөөгнөрөл үүсч, алтны төлөөх тэмцэл хурцдаж эхэллээ. Эндхийн ойр орчимд байгаа зохих зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа алтны компаниуд руу нинжа нар дайрч, цагдаа алт олборлогч компаниудын дунд мөргөлдөөн үүсээд байна.

Байдал ийн хурцдаж байхад Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай буюу урт нэртэй хуулийн хэрэгжилтэд хяналт тавихаар Тагнуулын ерөнхий газрын дөрвөн ажилтан Заамарын хөндийд өнгөрсөн долоо хоногт очиж ажиллажээ.

Ингээд өнгөрсөн пүрэв гарагт олон жил хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа “Шижир алт”, “Дацантрейд”, “Тод ундарга” гэх мэт арав гаруй алтны уурхайн үйл ажиллагааг бүрэн зогсоосон байна. Тэгсэн атлаа яг ижил хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа “Хайлааст” голыг боон алт олборлож байгаа “Эрэл” группын “Мон дулаан”, “Баянгол” голын сав газарт алт олборлож буй “Илт богд” уурхайг хаагаагүй нь нутгийнхны дургүйцдийг төрүүлжээ.

Тагнуулынхан аль нэг компанийн үйл ажиллагааг зогсоох эрхгүй байдаг атлаа ийн алагчлан хууль сахиулсан нь ч хууль бус үйлдэл болжээ. Ийм байдлаар ТЕГ-ынхныг ажиллах сургаар өнгөрсөн долоо хоногийн даваа гарагаас эхлэн Заамарын хөндийг том том жийп машин хөлөглөн, алт илрүүлэгч, богино долгионы станц зэрэг тоног төхөөрөмжөөр тоноглож, цэргийн иж бүрэн хувцсаар ижилссэн залуус алтны уурхайнуудаар эргэлдэж, сүрдүүлэх болсон байна. Нинжа нар төвөөс ямар хүн ирэх, цагдаагийнхан хаана яваа гэх мэдээллийг хамгийн түрүүнд авдаг хэмээн тус сумын удирдлага болон бусад албаныхан хэлж байлаа.

Тагнуулын ажилтнуудын явсан шөнө л гэхэд тус хөндийд хамгийн томдоо тооцогддог “Монголросцветмет” нэгдлийн “Шижир алт” уурхай руу 100 гаруй нинжа дайрч, Төв аймгийн цагдаагийн хэлтсийнхнийг бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллахад хүргэсэн байна. Мөн Төв аймгийн Сэргэлэн суманд “Нарийн гол” ХХК-ийн шороон ордын талбайд нинжа нар орсон аж.

Эдгээр гар аргаар алт олборлогч компаниудынхан дээр ямар нэгэн хэрэг төвөгт орооцолдож байсан, эрүүгийн бусад элементэд харьяалагдах хүмүүс гээд нийтдээ 10 гаруй мянган хүн эмх замбараагүй байдал үүсгэж эхэлсэн талаар эх сурвалж мэдээлсэн юм.

Мөн өнөөдрийг хүртэл хуульгүй ажиллаж байгаа нинжа нар орон нутгийн цагдаагийн байгууллага, уурхайн хамгаалалтын албанаас илүү унаа, техникээр хангагдсан байдаг нь хууль бус үйлдэл нь даамжирч цаашид байдал илүү хурцдах боломж нээлттэй байдаг гэдгийг хэлж байлаа.

С.Энхзаяа


URL:

Сэтгэгдэл бичих