2014 оны Өрнийн зурлага
Ирж буй онд хониныхон тэвчээр шалгах багахан сорилуудыг давах хэрэгтэй болох нь. Гэхдээ тайван хүлээцтэй, ухаалаг байвал 2014 оныг хохирол багатай давна. Ер нь, гэр бүлийн асуудал үл ойлгоцлоос үүдэх нь гэдгийг санаарай. Тиймээс уурлаж бухимдан хувцсаа баглахаас өмнө уужуу тайван хандаж, зарим зүйлийг өнгөрөөсөн нь дээр гэдгийг зөвлөе. Энэ онд таны хайр дурлалын хувьд тийм ч одтой байхгүй ч онцын ноцтой асуудал гарахгүй л болов уу.
Гэхдээ ирэх зун ихэнх хонинуудыг хайр дурлалын халуухан учрал хүлээж байна. Гэвч төгсгөл нь тийм ч бүтэлтэй урт удаан харьцаанд хүргэхгүй л байх вий. 2014 онд та хүчээ бүрэн дайчилбал ажлын талбарт амжилт олох болно. Гэхдээ өөрийнхөө хүчинд найд, бусдад хууртагдаж болзошгүйг анхаар. Санхүүгийн асуудал тийм сайнгүй байх ч оны эцэст гэнэтийн их орлого олно. Эрүүл мэнддээ анхаарал хандуулахад илүүдэхгүйг од эрхэс харуулж байна.
Үхрийн орд – 2014 он хэтэвчийг чинь баярлуулна
Гэр бүлд тань амар амгалан хэрэгтэй байгаа тул тэдэндээ өмнөхөөс илүү анхаарал хандуулаарай. Амьдралын тань хэвшил өөрчлөгдөнө. Энхрий зөөлөн ханд, хавар гэхэд таны хичээл зүтгэлийн үр дүн гарна. Мөн шинэ онд сайн, муу олон гэнэтийн учрал таныг тосч байна. Ганц бие үхрийнхэнд тааламжтай уулзалт, танилын хүрээгээ тэлэх боломжууд гарч ирнэ. Ажил дээр үүсэх дарамт шахалт, шүд зуухаас аргагүй их ачааллыг тэсвэрлэж чадвал та эцэст нь үр шимийг нь харамгүй хүртэх болно.
Хамгийн гол нь, та замын дундаас шантрах хэрэггүй шүү. Санхүүгийн хувьд 2014 он таны хэтэвчийг баярлуулна. Давхар орлогын үүд нээгдэнэ. Ер нь, жилийн турш санхүү тань тогтвортой байна гэж зурхайд буужээ. Магадгүй өв хөрөнгө өвлөгдөх магадлалтай. 2014 онд үхрийнхнийг эрүүл мэнддээ анхаарч, хамрын ханиадыг ч тоохгүй өнгөрөөхгүй байхыг сануулсныг бүү март
Ихрийн орд – Хайр дурлалд хөл алдалгүй эргэцүүлж тунгаа
Гэр бүл тань таны амарч, алжаал тайлах цорын ганц амар амгалан газар гэдгийг санаарай. Оны эхэнд хэвийн байх ч хагас жилээс хойш гэр бүлийн жижиг сажиг маргаан гарч болох ч энэ тийм бухимдах зүйл биш. Хайр дурлалын хувьд сэтгэл догдлуулсан, бас гонсойлгосон, сонирхол татсан олон үйл явдлууд ар араасаа хөврөх нь бололтой. Эдгээрийг зохицуулж, хөл алдахгүй байх нь хүндрэлтэй байж болзошгүй. Тиймээс, яаралгүй тайван бодож эргэцүүлэх цагийг өөртөө гаргаарай.
Харин ганц бие ихрүүд хувь заяаны эзэнтэйгээ учрах магадлалтай. Энэ онд тушаал дэвших том боломж гарч байна. Гэхдээ их зан гаргах хэрэггүй шүү. Харин намрын улиралд толгой өндийх завгүй их ажилд дарагдах нь. Мөнгө санхүү тань энэ жил олон ааштай авгай шиг л байх вий. Гэнэтийн их орлого, хэсэг завсарлагаа гээд. Хамгийн гол нь орлогоо ухаалаг зарцуулж чадвал хүндрэлийг ажрахгүй. Мөн хууч өвчин сэдрэх магадлалтай тул одооноос эрүүл мэнддээ анхаарал хандуул.
Мэлхийн орд – Бүсгүйчүүдэд илүү ээлтэй он
Танд зориулан од хийморийг дүүрэн ачсан 2014 оныг угтан авахад бэлэн байгаарай. Ялангуяа, энэ ордны бүсгүйчүүдэд илүү “хайртай” он айсуй. Энэ онд гэр бүлийн уур амьсгал зөвхөн танаас шалтгаална гэдгийг санаарай. Хэдийгээр ар гэрээ умартан зүтгэх их ажил хүлээж байгаа ч гэр бүлдээ битгий хүйтэн хөндий ханд, үл ойлголцол гарч болзошгүй. Хайр дурлалын хувьд тийм ч дардан биш байх нь. Өөрөөр хэлбэл, хар цагааны туйл ээлжилнэ. Танаас ийм л хоёр сонголтыг хүлээж мэднэ.
Тиймээс тэвчээр, уужим ухаан танд хэрэгтэй шүү. Оны эхний хагаст та эцэж цуцатлаа ажиллах тийм ч их амжилт олохгүй. Гэхдээ мятрашгүй тууштай байсныхаа үр дүнг оны сүүлийн хагаст мэдрэх болно, Санхүүгийн хувьд энэ онд сандрах зүйл бага байх нь. Гэхдээ шинэ ажил, орлого нэмэх өөр эх үүсвэр хайхад гэмгүй шүү. Гэхдээ олсноо бүгдийг нь үрэх хэрэггүй хуримтлал үүсгэж, хадгалах хэрэгтэй шүү. Ирж буй онд хамгийн их анхаарах зүйл эрүүл мэнд шүү гэдгийг эцэст нь сануулъя.
Арслангийн орд – Зүрхээ хайрла, хэт бухимдах хэрэггүй
Харамсалтай нь, айсуй жил танд гэр бүлийн таатай амгаланг мэдрүүлэхгүй нь дээ. Хамгийн гол нь асуудал танаас болж үүсэхгүй. Гэвч та гэр бүлдээ хандуулах анхаарлаа хүүхэд рүүгээ илүү чиглүүлсэн нь дээр. Хайр дурлалд ч тийм одтой байхгүй, шинэ учрал, сэтгэл догдлуулсан болзоо, хууран мэхлэлт, салалт гээд олон толгой эргүүлсэн асуудал ар араасаа ундарч магад. Намар болоход гэр бүлээ авч үлдэх үү, аль эсвэл гэдэг сонголт хийх хэцүүхэн асуулт таныг зовоож мэднэ.
Гэхдээ уужуу тайван хандаж, зөв алхам хийнэ гэдэгт чинь итгэж байна. Харин хосоо олоогүй арслангууд бурханаас заяасан хувь заяаны бэлгээ угтан авах бололтой. Ажлын хувьд аажмаар шат ахисаар л байна. Гэхдээ дэмий зүйлд хүч тарамдалгүй хамгийн чухал зүйлд бүх зүйлээ зориулан зүтгэ. Хэрэв ажлаа солих тухай бодож байсан бол энэ онд эргэлт хийхэд хамгийн тохирох үе. Энэ онд та санхүүгийн хувьд айх хэрэггүй байна. Гэхдээ хэтрүүлэн өр зээл тавихгүй бол шүү дээ. Зүрхээ хайрлах хэрэгтэй хэт их бухимдах хэрэггүй. Оны эцэст та хүсэл мөрөөдөлдөө хүрснээр дахин шинэ оныг угтах болно.
Охины орд – Гэрэл гэгээ дүүрэн шинэ онд тавтай морил
2014 онд гэр бүл нь амар амгалангаар дүүрэн байх цөөн ордын нэг охиныхон. Бүх зүйл төгс, баяр хөөр дүүрэн үйл явдлууд дундрахгүй. Хайр дурлалын хувьд ч гэгээн цагаахан зүйлсээр дүүрэн хамгийн сайхан харилцаа энэ онд тохионо. Үүнийг энэ ордныхон талархан хүлээж авахаас өөр гайхалтай бэлэг юу байх билээ. Мэдээж, гэр бүл, хайр дурлалын хувьд охиныхон ажлаа санаа амар хийх болно.
Үүний үрээр ажил дээрээ өсөж дэвших боломж нээгдэх ч хянуур болгоомжтой байхад илүүдэхгүйг од эрхэс сануулж байна. Танд атаархсан хүмүүсийн хов жив бага боловч хор хүргэж мэдэх тул болгоомж илүүдэхгүйг хэлүүлэх юу байхав. Санхүүгийн хувьд ч та сэтгэл амар байхад болно. Хавраас санхүү тань илт сайжрах вий. Гэхдээ хэт үрэлгэн байхад тань 2014 он тийм ч таатай хандахгүй шүү. Мөнгөө гамна. Эрүүл мэндэд онцын асуудалгүй ч ажил амралтаа зохицуулах нь зүйтэй.
Жинлүүрийн орд – Санхүүдээ хянамгай ханд
Та энэ жил гэр бүлийн амар жимэр уур амьсгалыг эвдсэн элдэв асуудалтай тулгарахгүй. Амар амгалан байдал ноёлно гэсэн үг. Гэхдээ хэт хөндий хүйтэн, үл хүндэтгэсэн байдал гаргах хэрэггүй шүү. Хайр дурлалын хувьд тийм ч таатай өдрүүд харагдахгүй байна. Уйтгартай, нэгэн хэвийн харилцаа залхааж мэдэх юм. Тиймээс хостойгоо аялал зугаалгаар явах, илүү халамж анхаарал хандуулснаар сөрөг байдлыг зөрүүлж болно.
Харин шинэхэн хосууд илүү чармайлт гаргахгүй бол харилцаа хөндийрч мэднэ. Хамгийн гол нь, хүлээцтэй зөөлөн байх нь дээр. Ажил дээрээ та даруу, хамтрагч нартаа хүндэтгэлтэй хандах хэрэгтэй шүү. Хэрэв байдал нэгэнт хяналтаас гарсан бол эрс өөрчлөлт хийх сэтгэлийн бэлтгэлтэй бай. Энэ онд гэнэтийн орлого ашиг их байх ч үүнтэй адилхан зарлага ч их гарна. Тиймээс санхүүдээ хянамгай ханд, зарим үед бүсээ чангалах үе гарч болзошгүй. Жилийн эцсээр байдал дээрдэнэ. Жилийн эхнээс эрүүл мэнддээ анхаарч, шинжилгээ хийлгэж, хоолны дэглэм барихад илүүдэхгүй.
Хилэнцийн орд – Гэнэтийн учралууд хүлээж байна
Энэ жил танд гэр бүлийн таагүй уур амьсгалаас бултах боломж олдохгүй. Гэр бүлийн жижиг маргаан сунжирч магадгүй. Гэхдээ үүнийг ойшоохгүй орхиж болохгүй. Гэр бүлийнхэнтэйгээ сайн ярилцаж, асуудлын голыг ол. Энэ онд гэнэтийн учралууд таныг хүлээж байгаа. Эдгээрийг та зүрх сэтгэлээрээ бус бодол санаагаараа шийдвэрлэхийг хичээ. Ганц бие хилэнцүүдийн хувьд энэ жил баттай урт удаан харилцаа үүсгэх хамтрагч тэр бүр гарч ирэхгүй.
Ажлын талбар дээр ч гялалзсан амжилт харагдахгүй байна. Зууралдсан их ажил, данс тооцоо, дарамт шахалт ирж болох юм. Гэхдээ шантрах хэрэггүй. Таны давж гарах л даваа гэж бод. Зун хангалттай сайн амарч эрч хүчээ нөөж ав. Харин мөнгөний үүд нээлттэй байх нь. Ухаалаг хилэнцүүд мөнгөө өсгөх аргаа дор нь олох бололтой. Гэхдээ хянамгай байхад илүүдэхгүй шүү, мөнгө бол мөнгө шүү дээ. Эрүүл мэнддээ тэр бүр анхаарал хандуулаагүй явж ирсэн бол энэ онд тэгж хэнэггүйтэх хэрэггүй. Хэнэггүй явсны хор уршиг гарч ирж болзошгүй.
Нумын орд – Эрч хүчээр дүүрэн байна
Гэр бүлийн тогтсон хэв маягт чинь томоохон өөрчлөлт гарна. Өөрчлөлтөд дасахад амаргүй байх болов уу. Гэр бүлдээ анхаарал халамж тавихыг танаас шаардаж байна. Гэр бүл, үр хүүхэддээ мөнгө зарах хэрэгтэй бол бүү цааргал. Хайр дурлалын элч харамгүй тусах нь. Гэхдээ бага зэргийн тэмцэл шаардана. Ганц бие нумынхан хавар үдэшлэг эсвэл зугаалгад явахдаа санаанд оромгүй байдлаар хувь заяаны хосоо олох бололтой. Хамгийн гол нь, зөв цагт, зөв үйлдлийг алдахгүй байх нь чухал.
Энэ оны эхэнд та 24 цаг ажилласан ч эцэж цуцахгүй эрч хүч дүүрэн байхаа мэдрэх болно. Өөрөө ч гайхах вий. Шагналд урамшил ч хүртэх болно. Гэхдээ зун гэхэд эрч хүч сулрах ч таныг бүхэнд нь энэ он ивээлдээ авсан. Бизнес эрхлэгч нумынхан одтой, азтай байна. Санхүүгийн хувьд том өсөлт байхгүй гэж бүү гонсой. Бас том уналт байхгүй. Ер нь, санхүү тань тогтвортой нэг хэвийн байна гэсэн үг Хэрэв өр бий бол энэ онд барагдуулахыг хичээ. Энэ онд сэтгэл ямар байна эрүүл мэнд ч түүнээс шалгаална. Тиймээс тайван байх нь чухал.
Матрын орд – Тулаанд бэлтгэлтэй бай
Оны эхнээс л таныг гэр бүлийн асуудал ороогоод эхэлнэ. Сэтгэлээр унасан үедээ тайван амсхийх газар гэр бүлийн орчин биш болж байгаа нь харамсалтай ч оны сүүлчээр бүх зүйл урьдын хэвэндээ орно. Мөн төлөвлөөгүй жирэмсэлт, гэрлэлт гарч ирж болзошгүй. Тиймээс бэлтгэлтэй байхад гэмгүй. Хайр дурлалын хувьд тогтворгүй түр зуурын харилцаа давамгайлах нь. Гэхдээ намар болоход таны амьдралд гол байр эзлэх хүн гарч ирж болзошгүй. Тиймээс шинэ танилдаа анхааралтай хандаарай.
Сэтгэл хөдлөлдөө хэт авталгүй бодит байдлыг зөвөөр дүгнэ. Ажил дээрээ санаачлагыг гартаа авч зөв чиглэлээ алдахгүй явж чадвал амжилт хүлээж байна. Таны хичээл зүтгэл удирдлагын тань хараанд өртөх нь дамжиггүй. Гэхдээ намар ажлын талбарт том өрсөлдөгч гарч ирэх нь. Энэ тулаанд бэлтгэлтэй бай. Санхүүгийн хүндрэл гарч болзошгүй тул эртнээс мөнгөндөө гамтай хандаж, хуримтлал бий болго. Энэ онд өвдөхгүй байя гэвэл спортоор хичээллэ.
Хумхын орд – Аз жаргалтай хором мөч бүрээ үнэл, хайрла
Хамгийн чухлаас чухал зүйл гэр бүл гэдгийг та энэ жил илүү мэдэрнэ. Энэ онд бүл нэмэхээр төлөвлөсөн бол хэрэгжүүл. Хэрвээ та гэрлэсэн нэгэн бол гэр бүлийнхээ хүнд илүү их сэтгэл татагдаж, уур амьсгал эрс сайжирна. Аз жаргалтай хором мөч бүрээ үнэлж, хайрла. Хамтын аялал зугаалга чинь бал сар шиг романтик байх болов уу. Харин ганц бие хумхынханд олон учрал тохиох ч удаан хугацааны бат бөх харилцаа үүсэхгүй.
Гэхдээ дурсамж дүүрэн сонирхолтой 2014 онд тавтай морил, та. Ажлын амжилт тийм амар ирэхгүй тул хичээ. Ерөнхийдөө ажил алба тань энэ онд өнгөтэй, амжилттай байна. Таны хичээл зүтгэл дарга нарын тань анхааралд өртөж чадвал тушаал ахих боломж гарч ирнэ. Хэрвээ та өөрөө алдаа гаргахгүй бол ажлын амжилтын нэгэн адил санхүү тань батжина. Та аливаад овсгоотой байж, орж ирэх сайхан саналуудад нухацтай хандаарай. Мөрийтэй тоглох хэрэггүй шүү. Харин эрүүл мэндээ бүхнээс өндөрт тавьсан нь өлзийтэй.
Загасны орд – Романтик учралуудад бэлэн бай
Адал явдлаар дүүрэн 2014 оныг угтан авахад бэлдээрэй. Гэр бүлийн хүрээнд жинхэнэ сенсаци үүсгэсэн гал дүрэлзэж магад. Энэ байдал даамжирч намар гэхэд асуудлыг шийдэхэд нэгэнт оройтсон байх вий. Энэ жил загасны ордныхныг маш олон романтик учралууд хүлээж байна. Өөрөөр хэлбэл, хайр дурлалын далай таныг угтаж байна. Зохицуулахад төвөгтэй асуудлууд үүсч мэднэ гэдгийг анхаар. Хамгийн гол нь таны тууштай байдал асуудлыг шийдэхэд тусапна.
Залуу хосууд гэр бүлийн шинэ гишүүнтэй болох талаар бодоход гэмгүй. Оны эхнээс л ажилд дарагдаад эхэлчихсэн суух нь дээ. Энэ их ажил магадгүй танай удирдлагын үнэлгээ, таны хичээл зүтгэл хоёр авцалдахгүй байснаас таныг уурлуулж болох юм. Тиймээс хавраас ажлаасаа хөндийрч амрах хэрэгтэй. Зун гэхэд бүх зүйл хэвэндээ орно. Энэ жил цалин мөнгө нэмэгдэж, тушаал дэвшиж болох юм. Мөнгөнд бодлогогүй ханддаг зангаа засах хэрэгтэй. Тэгвэл санхүүгийн хүндрэлд орохгүй. Сэтгэл санаагаа тайван байлгах хэрэгтэй. Тэгвэл эрүүл мэндээ төдийлөн муутгахгүй. Биеэ бодож, тайван бай.
URL: