Гишүүдийг дагаад цэнгэ, цэнгэ
Нэгэн байнгын хорооны хуралдааны үеэр “Та ч ёстой гоё дуулдаг юм байна лээ шүү, хохо” гэсэн нэгэн гишүүний нэгнийгээ магтсан яриа чих дэлслээ. Хариуд нь нэг шингэхэн хоолой “Тийм үү. Дуулна аа, дуулна. Хихи” хэмээн хариу өгч байх юм. Үргэлжлүүлээд “Их шахуулсан уу. Шахаад байх шиг байсан. Дотор чинь гайгүй юу. Хохо” гээд санаа зовсон шинжтэй асууж байна. Нөгөөх шингэн хоолой мөн л “Тэгсэн, тэгсэн. Бүгдээрээ байсан бол балай авахгүй юу. Та нар хааччихсан юм бэ. Хихихи” л гэж байна. Цааш нь сонсоод байх нь ээ манай гишүүдийн дунд дуулдаг, бүжиглэдэг, архиар шахаж нэгнийгээ “халаадаг”, уур амьсгалыг хөгжөөдөг, онигоо ярьдаг гээд төрөл бүрийн авъяастай хүн олон байдаг юм байна. Хамгийн гол нь баярлаж, цэнгэж, хөгжиж байвал цаг нар хэд болж байгаа нь тэдэнд хамаагүй гэнэ билээ.
Үргэлж бие бие рүүгээ хатуу үг шидэлцэж, гомдлын үг хэлж, хааяа хааяа сурсан зангаараа нэгнээ хааж боосон шиг суудаг гишүүд маань шинэ жилээ тэмдэглээд хөгжөөн, наргиантай болсон нь энэ. Бүгдээрээ нийлээд байгууллага, байгууллагын шинэ жил хэсээд явбал дуулж, хуурдаад “балай авах” шинжтэй. Улс орны өнцөг булан бүрээс цугларсан гэсэндээ төрөл бүрийн авъяастай. Өөр өөрийн онцлог чанараараа шинэ жилийг жинхэнэ утгаар нь доргиох чадвартай юм байна, тэд.
Мөн чанар нь ийм атлаа УИХ-ын гишүүд сүүлийн үед ганц, ганцаараа энд тэндхийн шинж жил дээр очих болж. Тэгээд албаны хоолойгоор хэд гурван өгүүлбэр хэлж, хүмүүст баяр хүргээд гарын бэлгээ өгөөд гарч явдаг юм байна. Шинэ жилийн баяр дээр өөрийнхөөрөө байх шиг чка зүйл байхгүй гэдгийг тэд заримдаа мартдаг бололтой юм. Одоо нэгэнт үүнийг сануулж хэлсэн болохоор УИХ-ын гишүүд та бүхэн аливаа нэг арга хэмжээн дээр ч ангийнхантайгаа хамт байсан шиг уур амьсгалыг бүрдүүлэх гээд үзээрэй. Ганцаардаад байвал бусдаасаа тусламж авахад ч буруутахгүй байх. Тэгсэн байхад жирийн албан хаагчид, байгууллага, хамт олны дунд “Гишүүдийг дагаад цэнгэ, гишүүдийг дагаад цэнгэ” гэдэг дуу хит болно доо.
Т.УРАНГЭРЭЛ
URL: