Нярай хүүхэддээ зориулж бэлтгэх зүйлс
Хүүхдийн даавууг зөөвөн хөвөн-цаасан материалан эдээр дөрвөлжилж хийнэ. Эсвэл 1 удаа хэрэглэхэд зориулсан дөрвөлжин алчуураар орлуулж болно. Хүүхдийн даавууг хүрэлцэхүйц хэмжээгээр бэлтгэж авбал зохино. Нийт хэрэгцээндээ зориулж 24-өөс доошгүй даавуу бэлтгэнэ. Усыг сайтар шингээдэг сэвсгэр зөөлөн даавууг зарим хүн өлгийний даавууны дотуур хэрэглэдэг. Сэвсгэр зөөлөн зузаан даавууг хүүхдийн салтаанд хавчуулан шээсийг нь шингээж болохоос гадна хүүхдийн бөгсөн доогуур живх тавьж болно.
Хөхний саалтуур, ариутгасан хөвөн, хүүхдийн арьс цэвэрлэсэхэд зориулсан шингэн тос, хөхний товч хагарахаас сэргийлдэг цайр, хушны тос, хөхний товч ариутгах нунтаг ба шингэн эм зэргийг бэлтгэх хэрэгтэй.
Нийлэг хулдаас, өлгий, өлгийний уут, хүүхдийн ор зэргийг мөн бэлтгэнэ. Хүүхдийн ор нь хөнгөн, авсаархан, хөдөлгөхөд тохиромжтой, суурьтай байвал зохино. Гадуураа гялгар цаасаар бүрж ууталсан гудастай байх нь тохиромжтой. Гудсыг зузаан зөөлөн эдээр хийвэл зохимжтой. Орны гудсыг дор хаяж 3 давхар даавуугаар бүтээнэ. Орны даавуу норох, бохирдох бүрт солино. Ийм учир хуучин даавуу, дэрний уут зэргийг ашиглаж, орны даавуу хийж болно. Хүүхдэд тусгайлан дэр бэлдэх хэрэггүй.
Өлгий: Улирлын байдалд тохируулан хүүхдийн өлгий бэлтгэнэ. Дулаан, зөөлөн, хөнгөн байх ёстой. Өлгий хэт зузаан байж болохгүй. Өлгийг угааж болохуйц байдлаар бэлтгэнэ. Тэрчлэн нярай хүүхдэд зориулсан тусгайлсан уутан өлгийг бэлтгэж болно. Гэхдээ энэ өлгийг хүүхдийг салхинд гаргах, гадуур авч явах үед хэрэглэнэ. Хүүхдийг битүүлэн булхуулж өлгийдвэл амьсгалахад саад учирч бүтэж магадгүй учраас битүүлж оёсон өлгийг шөнийн цагт хэрэглэж болохгүй.
Хүүхдийг усанд оруулахад зориулсан тусгай сав бэлтгэнэ. Хэт халж хүүхдийг түлж магадгүй байдагтай уялдаж төмөр сав хэрэглэж болохгүй. Гэхдээ усанд оруулах сав нь хүүхдэд тохирохооргүй том байж болохгүй.
Хүүхдийн саван: Ариун цэврийн ердийн саванг хэрэглэхэд хүүхдийн арьс цочирч болзошгүй. Иймд нярай хүүхдэд зориулсан зөөлөн саван олж бэлтгэх хэрэгтэй. Эсвэл шингэн саван олж усанд уусган хэрэглэвэл нэн зохимжтой.
Алчуур: Нярай хүүхдэд зориулсан зөөлөн алчуур бэлдэнэ. Гагцхүү хүүхдийн алчуур цэвэрхэн байх ёстой.
Хүүхдийн тэрэг: Энэ нь хүүхдэд зориулсан дугуйтай ор юм. Хүүхдийг машинд авч явах шаардлага гарвал дугуйг нь салгаж аваад хүүхэдтэй тэргээ хойд суудалд бэхэлж болно.
Түшлэгтэй түрдэг тэрэг: Нярай хүүхэдтэйгээ хамт гадуур зугаалах, гудамжаар явахад зориулсан тусгай түшлэгтэй сандал маягийн тэрэг хэрэглэнэ. Энэ тэрэгний сандалд хүүхдээ хагас суугаа байдалд суулгаад бэхлэгчээр бэхэлж түрж явахад нэн тохиромжтой. Энэ нь хүүхдийг суулгаж сургахад ч ашигтай. Мөн автобус зэрэг нийтийн хэрэглээний унаанд ороход хүүхдээ тэрэгтэй нь хамт аваад орж болдгоороо онцлогтой.
Түүнээс гадна автобус, галт тэрэг зэрэг нийтийн унаанд хүүхдээ авч явахад зориулсан тусгай зориулалтын элгэвч байдаг. Олны дунд хүүхэд эхтэйгээ ойр байж түүний далууныг мэдэрч байх нь чухал. Мөн энэ элгэвчийг хэрэглэхэд эхийн хоёргар чөлөөтэй байдаг тул нэн тааламжтай.
Элгэвчийг гэртээ байхдаа ч хэрэглэж болно. Yүнийг хэрэглэхэд хүүхдийн толгой гулжийхгүй, хүүхэд толгой дааж сурахад нь дэм үзүүлдэг сайн талтай. Хэрвээ та хүүхдээ угжихаар шийдвэл зургаагаас доошгүй угжны шил бэлтгээрэй. Угжны шилийг хэрхэн цэвэрлэх, ариутгах талаар мэдсэн байх шаардлагатай. Угжны шилийг цэвэрлэхэд зориулсан тусгай сойз байдгийг санахад илүүдэхгүй.
Хувцас: Хүүхдэд зориулсан маш олон янзын хувцас байдаг билээ. Гэхдээ л нярай хүүхдэд зориулсан хувцас нь дулаан, зөөлөн цэвэр байх ёстойг санаж байгаарай. Нэг хоногт зориулж 4 ээлжийн хувцас бэлдвэл зохино. Түүний хоёрыг нь өдөр, хоёрыг нь шөнө солино. Хүйтэн сэрүүний улиралд дулаан зөөлөн ойм, бойтог шаардагдана. Yүнд 4 ээлжийн цамц, зөөлөн ноосон алчуур, хөнжил хамаарна.
Өвлийн улиралд зориулж ноосон малгай бэлдэх хэрэгтэй. Зуны улиралд зориулж өргөн хүрээтэй малгай хэрэгтэй. Хүүхдийн хумс авахад зориулж хайч зэхнэ. Тэрчлэн хүүхдийн үсийг самнахад зориулсан зөөлөн сам ч бас хэрэгтэй.
URL: