АНУ-ын тагнуулч Б.Яшар: Бин Ладен 2006 онд үхсэн
АНУ-ын Тагнуулын төв газрын тагнуулч асан Беркан Яшар Оросын телевизийн нэгдүгээр сувагт ярилцлага өгчээ. Тэрбээр зартай алан хядагч Осама Бин Ладены үхлийн тухай ярьсан байна. Беркан Яшар нь чечень үндэстэн аж. Одоо тэрбээр Турк улсад амьдардаг. Туркийн тусгай албаныхан түүнд хамгаалалт гаргаж өгчээ. Тэрбээр “АНУ-ын тусгай албаныхан энэ сарын 2-ны шөнө устгасан гэж зарлахаас таван жилийн өмнө Осама Бин Ладен нь хорвоогийн жамаар мөнх бусыг үзсэн.
Би Бин Ладентай хувийн харьцаатай байсан төдийгүй түүнийг 2006 оны зургаадугаар сарын 26-нд гурван бие хамгаалагчийнх нь хамт сүүлчийн замд нь үдэж байсан. Би Бин Ладены үхлийг мэддэг гэдгээрээ АНУ-ын ТТГ-аас болгоомжилж байгаа. Иймээс Бин Ладены тухай олон хүн мэдэх тусам би аврагдах болно.
Мөн Оросын телевизэд ярилцлага өгвөл нэмэлт баталгаа болно гэж би үзэж байна. Би Бин Ладентай 1992 оны есдүгээр сард Чеченьд танилцаж байсан. Тэнд би “Свобода” радиогийн ажилтнаар орж байсан. Тухайн үед АНУ-ын ТТГ-аас надад Абу Бакар гэдэг нууц нэр өгсөн. Тэр үед би Бин Ладены бие хамгаалагч болох гурван чечень хүнтэй танилцаж байсан. Тэднийг Сами, Аюб, Махмуд гэдэг. Тэд Бин Ладентай сүүлчийнх нь өдөр хүртэл хамт явсан. Энэ он сар, өдрийг би маш сайн тогтоосон. Тэнд гурван ширхэг зургаагийн тоо байсан. Өөрөөр хэлбэл, 2006 оны зургаадугаар сарын 26 юм. Эдгээр бие хамгаалагч болон өөр бас Лондонгоос хоёр, АНУ-аас хоёр нийлээд долоон хүн Бин Ладеныг нас барсныг харсан. Тэрээр нас барахынхаа өмнө маш хүндээр өвдсөн. Маш их турсан байж л дээ. Түүний хүссэнээр гурван чечень хүн түүний цогцсыг угааж, оршуулсан.
Мэдээж нэг номерын алан хядагчийг оршуулсан тэдгээр гурван чечень хүн лав алуулсан байх. Би 2008 онд Вашингтонд болсон бага хурал дээр анх удаагаа ямар ч нэр ус хэлэлгүй Бин Ладены нас барсан өдөр, сар, оныг зарласан. Үүний дараа гурван чечень хүн сураггүй алга болсон. Хамгийн сүүлд уулзсан хүн бол Сами байсан. Түүнийг Бин Ладеныг нас барснаас хойш хэд хоногийн дараа АНУ-ын Тусгай албаныхан хулгайлсан болов уу.
Энэ бүхнээс үзэхэд Сами л Бин Ладены оршуулсан газрыг тэдэнд хэлж өгсөн бололтой. Бин Ладеныг Пакистан Афганистаны хил дээр байдаг ууланд оршуулсан. Исламабадад Бин Ладеныг устгах ямар ч ажиллагаа болоогүй. Би АНУ-ын тагнуулын газрын гал тогоог сайн мэднэ. Тэд оршуулсан газрыг олж, цогцсыг гаргасан. Тусгай албаныхан технологийн дагуу ажилласан. Бин Ладены алхам бүрийг нь хянасан гээд л ярих хэрэгтэй биз дээ. Дараа нь үүнийгээ агуу ялалт байгуулсан. Ингэхдээ татвар төлөгчдийн мөнгийг салхинд зүгээр ч нэг хийсгэчээгүй гэдгээ харуулаа биз дээ” гэжээ.
Д.Түвшинтөр http://niigmiintoli.mn/
URL: