Т.Ганболд: Хууль нь муудаа биш, харин гишүүдийн хариуцлагагүйгээс болж унасан

ganbold-middleМонголын алт үйлдвэрлэгч холбоо өнгөрөгч ням гарагт бүтэн жилийн тайлангийнхаа хурлыг хийлээ.

Энэхүү хуралд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Д.Очирбат, МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Геологи, эрдэс зүйн ухааны доктор Ч.Хурц, алт олборлогч компаниудын төлөөлөл зэрэг олон хүндэт зочин оролцов.

Энэ үеэр алтны салбарын хүндрэл бэрхшээл болон ололт ирээдүйн талаар өөр өөрсдийн байр суурийг илэрхийлж, санал бодлоо солилцсон юм. Монголын алт үйлдвэрлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга Т.Ганболдтой ярилцлаа.

-Нэг жилийн хугацаанд ямар ажлыг хийж бүтээсэн бэ. Цаашдын төлөвлөгөө юу байна вэ?
-Манай холбоо байгуулагдсан зорилгынхоо дагуу амжилттай ажилласан байна гэж дүгнэж байгаа. Анх 11 компанийн захирал цуглаад яриад суухад бүгд л нэг зовлон тоочдог, зорилго нэгтэй ч гэсэн тус тусдаа асуудлаа ярьдаг байсан юм.

Тэр үед төрийн байгууллагуудын хаалгыг мөргөсөн бухимдалтай хүмүүс цугладаг байсан. Үүнээс хойш нэгдсэн зохион байгуулалтад ороод өдгөө 50 гаруй гишүүнтэй болж, үйл ажиллагаа маань улам өргөжин тэлж байна. Түүнчлэн алтны салбартай холбоотой хууль эрх зүйн өөрчлөлтүүд яригдаж эхлэх үед өөрсдийн санаа бодлоо хэлэх, мэргэжлийн байгууллагын үүднээс олон нийтэд зөв мэдээлэл хүргэх гэж хичээж ажиллаж байна.

Өөрөөр хэлбэл, Алтны худалдааны ил тод байдлын тухай хууль, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх ашиглахыг хориглох тухай хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуулийн үзэл санаа, ач холбогдлыг олон нийтэд зөв танин мэдүүлэх шаардлага байгаа. Тэгэхгүй бол энэ талаар буруу ойлголттой хүмүүс манай салбарыг улам харлуулж ойлгож байгаа юм.

-Монголбанкинд тушаах алтны хэмжээ буурсан нь юутай холбоотой вэ. Энэ нь хууль эрх зүйтэй юу эсвэл алт олборлогч компаниудын үйл ажиллагаа болон нөөцтэй холбоотой юм уу?
-Энэ бол нөөцтэй ямар ч холбоогүй. Хууль эрх зүйн тааламжгүй нөлөөнөөс Монголбанкинд тушаах алтны хэмжээ эрс буураад байгаа юм.

Тодруулбал, 2007 оны төгсгөлөөр гарч ирсэн Гэнэтийн ашгийн 68 хувийн татвартай холбоотой. Үүнээс болж олон аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа зогссон. Ажиллаж байгаа хэсэг нь далд хэлбэрт орсон. Ингээд уг хууль цуцлагдаад сэхэл аваагүй байж байтал байгаль орчноо хамгаалах нэрийн дор Урт нэртэй хууль батлагдсан. Энэ Урт нэртэй хууль харин ч байгаль орчиндоо халтай, халамжгүй болсон шүү дээ.

-Урт нэртэй хуулиар байгаль орчныг жинхэнэ утгаар хамгаална, аврагч хууль болсон хэмээн санаачлагчид нь тайлбарладаг. Харин та халтай хууль гэлээ. Ингэж нэрлээд байгаагийн шалтгаан нь юу байна вэ?

-Үнэндээ байгаль орчноо хамгаалах гэж гарч ирсэн хууль гэдэг. Гэхдээ уг хууль гараад үйл ажиллагаа нь зогссон ордууд дээр нэг ч байгаль орчны нөхөн сэргээлт хийгдээгүй. Учир нь эрх зүйн хоорондын уялдаа холбоо нь алдагдчихаад байна шүү дээ. Яагаад гэвэл тухайн үед хуулийн дагуу зөвшөөрлөө аваад явж байтал гэнэт зогс гэхээр хүний өмчид халдсан хэрэг болно биз дээ.

Үүнийг мэдэхээрээ тэр дор нь компаниудад нөхөн олговор олгох шийдвэрийг гаргаж байсан. Гэтэл дөрвөн жил хагас болж байхад нэг ч компанид нөхөн олговор өгөөгүй. Үндсэн хуулийн дагуу бол хоёр жил хэрэгжээгүй хууль цуцлагддаг. Ашигт малтмалын хуулийн дагуу хоёр жил хэрэгжээгүй бол тухайн орд газрыг үргэлжлүүлэн ашиглах эрх нь нээгддэг. Бид өнөөдөр хуулийн хүрээнд үргэлжлүүлээд ажиллая гэхээр хаалттай байдаг. Үүнийг дагаад ямар ч нөхөн сэргээлт хийгдээгүй. Улмаар ил ордууд дээр нь нинжа нар бужигнаад л өдгөө хүрлээ шүү дээ.

-Алтны худалдааны ил тод байдлын тухай хуулийг УИХ-ын чуулганаар хэлэлцээд олонхийн дэмжлэг авч чадалгүй уначихсан. Та бүхний зүгээс үйл ажиллагааг маань дэмжсэн нэлээд чамбай хууль батлагдана гэсэн хүлээлт байсан. Яагаад олонхийн дэмжлэг авч чадаагүйн шалтгааныг эрэлхийлсэн үү?

-Хуучин манай хууль эрх зүйн орчин ийм л байсан шүү дээ. 2005 онд ч гэсэн Роялтигийг 2.5 хувь болгоё гэхэд үгүй гэж байсан. Энэ нь аж ахуйн нэгжүүдээ гэмт хэрэгтэн болгох нөхцөл байдал руу төр өөрсдөө түлхэж байгаа хэрэг шүү дээ. Бизнес эрхлэгчдийг ард иргэдэд муу муухай харагдуулах, татвар элдэв тогтоол шийдвэрээр шахаад байх нь баялаг бүтээгчдийг байхгүй болно гэсэн үг. Энэ хууль батлагдснаар бизнес ил тод болно.

Ингэснээрээ татварын орлогоосоо олон арав дахин их үр ашиг үзүүлэх юм. Бүх орлого зарлагаа ил болгоно. Монголбанкинд тушаах алтны хэмжээ өснө. Манай төгрөгийг өөр валютаар сольж авдаггүй. Өөрөөр хэлбэл, төгрөг хөрөвлөггүй валют шүү дээ. Харин алт бол хөрөвдөг валют юм. Алтны худалдааны ил тод байдлын тухай хууль батлагдснаараа хөрөвдөг валютынхаа хувь хэмжээг аривжуулах сайхан боломж бүрдэнэ.

Нөгөө талаасаа маш жаахан алтнаас 7.5 хувийн татвар авах уу, маш их хэмжээний алтнаас 2.5 хувийн татвар авах уу гэдэг асуулт гарч ирнэ. Мэдээж маш их хэмжээний алтнаас 2.5 хувийн ашиг авах нь аж ахуйн нэгж, төр, иргэдэд, Монголбанкинд ашигтай болж байгаа юм.

-Хуулийн төсөл унасан талаар та бүхэн сонирхож үзсэн үү?
-Манай төрийн түшээдийн хариуцлагагүй ханддагийн тод жишээ гэж би харж байгаа. Учир нь хэрүүл хийх гэхээр ирц нь маш сайн байдаг. Харин улс орны эдийн засагтай чухал холбоотой асуудал ороод ирэхээр чуулганы хуралдааны ирц маш муу байдаг шүү дээ. Алтны худалдааны ил тод байдлын тухай хууль 30:34-өөр унасан. Хууль нь муудаа биш гишүүдийн хариуцлагагүй байдлаас болж алтны худалдааны ил тод байдлын тухай хууль унасан гэж ойлгож байгаа.

-Алтны худалдааны ил тод байдлын тухай хууль батлагдснаар Оюутолгойд хөнгөлөлт үзүүлэх учраас дэмжихгүй гэсэн тайлбарыг гишүүд өгч байсан. Оюутолгойд боломж бололцоо өгөх тийм эрх зүйн таатай орчин хуулинд тусгагдсан байсан юм уу?

-Энэ хууль Оюутолгойтой ямар ч хамаагүй. Учир нь зөвхөн цул алтанд хамаарагдаж байгаа юм шүү дээ. Гэтэл Оюутолгойн эрдэсийн бүтээгдэхүүнүүд болох, зэс, мөнгө, алт нь цуг гарч ирнэ. Түүнийг шууд ялгадаг технологи хараахан гараагүй байна шүү дээ.

Б.Пүрэвжав


URL:

Сэтгэгдэл бичих