41 мянган иргэний тэтгэвэр нэмэгдэнэ
УИХ-ын эмэгтэй гишүүд, иргэдээс 1991-1994 онуудад дөрвөөс дээш хүүхэдтэй 27 жил ажилласан эмэгтэй, 32 жил ажилласан эрэгтэйг нас харгалзахгүй тэтгэвэрт гаргаж байснаас олон иргэн хохирсон тул хуульд хамааруулж өгөхийг хүссэн байна. Эл асуудлаар иргэн шүүхэд хандаж, шүүх иргэний талд асуудлыг шийдвэрлэжээ. Тиймээс журамд өөрчлөлт оруулж 1991-1994 онд дөрвөөс дээш хүүхэдтэй эсвэл 27 жил ажилласан эмэгтэйчүүд, 32 жил ажилласан эрэгтэйчүүд, хөдөлмөрийн бус нөхцлөөр тэтгэвэр тогтоолгосон нийт 41 мянга орчим иргэний ажилласан хугацааг 5-7 жилээр нэмэгдүүлэн тооцохоор болсон байна.
Энэ талаар өнөөдөр Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн С.Одонтуяа нар мэдээлэл хийлээ. Энэ үеэр журамд өөрчлөлт орсонтой холбогдуулан зарим асуултад хариулт авлаа.
-Хэзээнээс бүртгэл, судалгааны ажил эхлэх вэ ?
-41 мянган иргэний 82 хувь нь эмэгтэйчүүд. Эдгээр эмэгтэйчүүд тухайн үед өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар шууд тэтгэвэрт гаргаж байсан учраас тэтгэвэр багаар тогтоолгосон гэдэг асуудал тавьсан. Ингээд Баянгол дүүргийн хэд хэдэн ээжүүд Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаад, шүүх иргэний талд асуудлыг шийдсэн. Ажилласан хугацааг нөхөн тооцох бүртгэл 2014 оны хоёрдугаар сарын 1-нээс зургадугаар сарын 1 хүртэл үргэлжилнэ. Иргэн баталгаажуулалтаа хийлгэсний дараа 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн нэмэгдлийг тооцож олгоно. Энэ жилээс хэрэгжүүлэх гэхээр судалгаа хийгээгүй, 2014 оны төсөв батлагдсан учраас 2015 оноос эхлүүлэхээр болсон.
-Ажилласан жилийн нэмэгдэл тэтгэврийн нэмэгдлээс тусдаа юу?
-Тусдаа ойлголт. Ажилласан жил нэмэгдэнэ гэдэг нь тэтгэвэр тодорхой хэмжээгээр нэмэгдэнэ гэсэн үг. Гэхдээ энэ тэтгэвэр нэмэгдлээс тусдаа. Өнгөрсөн хугацаанд 77.5 мянган иргэний ажилласан хугацаа нэмэгдсэнээр тэтгэврийн нэмэгдэлд 25.1 тэрбум төгрөг зарцуулах тооцоо байгаа.
Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль 2012 оны есдүгээр сард батлагдаж, Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайд журмыг хэрэгжүүлсэн. Өнгөрсөн хугацаанд улсын хэмжээнд 494.8 мянган иргэн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн тооцуулах хүсэлт гаргаснаас 25 хувь нь тав хүртэл жилээр, 76 хувь нь 5-11 хүртэл жилээр ажилласан хугацаагаа нэмэгдүүлэх боломжтой болжээ. Тодруулбал 1990-2000 оны нийгмийн шилжилтийн явцад ажилгүй, орлогогүй байснаас тэтгэврийн даатгалд хамрагдаж чадаагүй иргэд үүнд хамаарсан юм.
URL: