Уул уурхайн сайд Д.Ганхуяг “алтаа авдрандаа хийх” хуулийн төсөл өргөн барилаа

УИХ-ын дарга З.Энхболдод  УИХ-ын гишүүн, Уул уурхайн сайд Д.Ганхуяг Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай  хуулийн төсөл өргөн барив.

Алт олборлогч болон алт худалдан авагч хуулийн этгээдүүд алтыг хууль бусаар хил давуулан худалдах, олборлосон алтаа нуух, хадгалах, татвараас зайлсхийхийн тулд арилжааны банкинд тодорхой бус хугацаагаар барьцаалах зэрэг шударга бус далд үйл ажиллагаа гарах хандлага гарсаар байна.

Иймд алт олборлогч аж ахуйн нэгжүүдийн татварын дарамтыг бууруулах, Монгол банкинд тушааж буй алтны хэмжээг нэмэгдүүлэх, улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх, татварын суурийг өргөжүүлж, борлуулсан алтанд ногдох орлогын албан татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төсөвт бүрэн төвлөрүүлэх зорилгоор Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулсан талаар хууль санаачлагч хэллээ.

Хуулийн төсөл батлагдсанаар аж ахуй нэгж, иргэд хууль бусаар алт олборлох, алтыг зах зээлийн ханшнаас доогуур үнээр борлуулах замаар татвараас зайлсхийх, тодорхой бус хугацаагаар арилжааны банкинд барьцаалах зэрэг далд үйл ажиллагаа хумигдаж, алтны олборлолт, борлуулалт ил тод, хуулийн хүрээнд явагдах боломж бүрдэж, алтны нөөцийн хэмжээ нэмэгдэж, улмаар гадаад валютын нөөц нэмэгдсэнээр эдийн засгийн баталгаа сайжирна гэж үзэж байна.

Мөн энэ өдөр Уул уурхайн сайд Д.Ганхуяг Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дагалдуулан өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг өргөн барилаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.


URL:

Сэтгэгдэл бичих