Н.Номтойбаярын автомашин руу халджээ
Алтны магнатуудын нэг “МАК” компанийн Т.Нямтайширын хүү Н.Номтойбаярын автомашин руу халдсан хэрэг энэ сарын 18-нд Дорнод аймагт гарсан байна. Тус аймгийн төв буюу Чойбалсан хотын “Шүр” захын өмнөх зогсоол дээр тавьсан байсан Н.Номтойбаярын цагаан өнгийн “Ланд круйзер” маркийн автомашины хоёр дугуй, цонхыг хагалж, багагүй эвдэж, сүйтгэсэн ажээ.
Түүний автомашин руу халдсан үйлдлийг Н.Номтойбаяр 2012 оны сонгуульд МАН-аас Дорнод аймагт нэр дэвшихээр зэхэж байгаатай зарим хүмүүс холбон тайлбарлаж байгаа ажээ. Учир нь Н.Номтойбаяр сүүлийн үед орон нутаг руу хандсан олон ажил хийж байгаа бөгөөд хэрэг гарах үед эдгээр ажлынхаа нэг болох “Эрдэнийн түлхүүр, хөгжлийн тулгуур” нэртэй хөтөлбөрийнхөө уриаг тодотгон унаж явсан машин дээрээ бичсэн байсан нь тус тойрогт ирэх сонгуульд нэр дэвшихээр зэхэж байгаа бусад улстөрчдийн эгдүүцлийг хүргэсэн байж мэднэ хэмээн үзэж байгаа гэнэ.
Түүний санаачлан хэрэгжүүлж байгаа уг хөтөлбөр нь нийт 90 сая төгрөгийн төсөвтэй бөгөөд 33 сая төгрөгийн шагналын сантай ажээ. Уг хөтөлбөрт амжилттай оролцсон багш, сурагчдыг “Диснейлэнд” рүү явуулж, зугаалуулахаар Н.Номтойбаяр төлөвлөж байгаа гэнэ. Дашрамд дурьдахад, Н.Номтойбаярын автомашинаа байрлуулаад байсан “Шүр” зах нь Дорнод аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ц.Шинэбаярынх ажээ.
С.Энх
Эх сурвалж: “Монголын мэдээ”
URL: