“Оюутолгой” компани 6949 хятад ажилчин ажиллуулна

“Оюутолгой” ХХК 7000 орчим хятад ажилчин Монголд авчирч ажиллуулах тухай мэдээлэл хэвлэл мэдээллээр цацагдсан. Монголд ажилгүй иргэдийн тоо өдрөөс өдөрт өсч байхад тус компани гадаадаас ажиллах хүч татаж байгаа нь тун сонин. Хөдөлмөрчдийн эрх ашгийг хамгаалах Үйлдвэрчний эвлэл үүнд хяналт тавьж, ирэх амралтын өдрүүдэд “Оюутолгой” компанид хөдөлмөрийн үзлэг хийхээр болжээ.

Засгийн газар, Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Ажил олгогч эздийн холбоо болон “Оюутолгой” компанийн төлөөллүүд энэ сарын 13-ны өдөр уулзаж, дээрх тохиролцоонд хүрчээ. Тус компани одоогийн байдлаар 90 метрийн өндөртэй уурхайн ам, дулааны станц болон ус дамжуулах хоолой барьж байгаа тул ажиллах хүч нэлээд шаардлагатай байгаа гэнэ. Гэвч Монголын Засгийн газар энэ ажилд Монголын талаас ажиллах хүч гаргах боломжгүй гэсэн учир БНХАУ-аас 6949 ажилчин авчрахаар болжээ.

Гэхдээ компанийн зүгээс гэрээнд заасанчлан нийт ажилчдын 60 хувь нь монгол, 40 хувь нь гадаад ажилчин байна гэсэн харьцааг баримтална гэдгээ албан ёсоор мэдэгджээ. Хэрэв “Оюутолгой” ХХК дээрх тооны хятад ажилчин авчирвал монгол ажилчдын тоо 11 мянга гаруй байх ёстой юм байна. “Оюутолгой” компани 2012 оны наймдугаар сараас үйлдвэрлэлээ эхлүүлэх бөгөөд энэ хугацаанаас эхлэн Монгол ажилчдын тоо нийт ажилчдын 90 хувь байна гэж гэрээнд заасны дагуу мэргэжил, ур чадвар шаардсан ажлын байрт ажиллах хүч авахаа ойрын үед шийдвэрлэх болсон байна.

Үйлдвэрлэлээ эхлэхээс өмнө монгол ажилчдаа бэлтгэж эхлэх бөгөөд ирэх сарын эхний 14 хоногт багтан талууд гарын үсэг зурахаар тохиролцжээ.

Эх сурвалж: “Улаанбаатар таймс”


URL:

Сэтгэгдэл бичих