Нийслэлийн хүн aм 2030 онд 1.870 мянгад хүрэх судалгаа гарчээ
Манай улс бүсчилсэн хөгжлийн хүрээнд нутаг дэвсгэрээ таван бүсэд хуваадаг. Үүнээс Улаанбаатарын хөгжлийн бүс Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 67.2 хувийг дангаараа бүрдүүлдэг байна. Тус бүсийн зөвлөлийн гишүүд хөгжлийн хөтөлбөрийн нэгдүгээр үе шатны хэрэгжилт, цаашдын зорилгоо өчигдөр хэлэлцлээ.
Бүс нутгийн хөгжлийг дэмжих талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, бүсийн нийгэм, эдийн засгийн асуудлыг зохицуулах үүрэг хүлээсэн “Улаанбаатар бүсийн зөвлөл” 2005 онд байгуулагдсан түүхтэй. “Улаанбаатар бүсийн зөвлөл” хөгжлийн хөтөлбөрийн нэгдүгээр үе шатыг 2006-2010 он хүртэл, хоёрдугаар үе шатыг 2011-2015 он хүртэл хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Эхний үе шатад хийж хэрэгжүүлсэн ажлуудын талаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хотын хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Г.Нандинжаргал илтгэл тавьсан юм. Дараа нь Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын талаар Нийслэлийн Зураг төслийн хүрээлэнгийн дарга С.Цахиур танилцуулга хийлээ. Тэрээр “Өнгөрсөн оны статистик тоогоор манай улсын нийт хүн амын 40 хувь нь Улаанбаатар хотод байнга оршин сууж байна. 1999-2009 он буюу арван жилийн хугацаанд хот руу 352 мянган иргэн шилжин ирсэн байдаг. Хүн амын хэт төвлөрөлт гэр хорооллыг хоёр дахин нэмж тэлэлт бий болгосон. Уг нь ерөнхий төлөвлөгөөнд хотын хүн амын 18 хувь нь гэр хороололд, 22 хувь нь орон сууцанд амьдарна гэж тусгасан атал эдүгээ байдал эсрэгээрээ болж хувирлаа. Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөнд Байгаль орчин, хүн, оюун ухааныг дээдэлсэн дэлхийн түвшинд хүрсэн хот болно гэсэн бодлого бий. Энэ бодлого төвлөрлөөс шалтгаалан апдагдаж байна. Японы Жайка олон улсын байгуулага 2030 онд Улаанбаатарын хүн ам 1.870 мянга болно гэсэн судалгаа гаргажээ. Харин бид 1.650 мянгад барих боломжтой гэж үздэг. Ингэхийн тулд бүсчилсэн хөгжлийн хөтөлбөрт тусгасан дагуул хотуудыг хөгжүүлэх шаардлага байна” гэж ярив.
Ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажил дөрвөн үе шаттай явагдаж өнөөдрийн байдлаар судалгаа нь дуусч, одоо хөгжлийн чиг хандлага, тодотгол хийгдэж байгаа аж. Дээрх илтгэлүүдийн дараа танилцуулгатай холбоотой асуулт, хариулт өрнөв. Улаанбаатар бүсийн зөвлөлийн дарга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр Хөшигийн хөндийд байгуулах нисэх буудлыг дагасан хот ямар статустай байх ёстойг, Засаг даргын Нэгдүгээр орлогч Б.Баатарзориг хүн амын төвлөрлийг хэрхэн яаж багасгах, ямархуу механизмаар нүүлгэн шилжүүлж болохыг, Хотын орлогч дарга Д.Ганболд Богд уулыг нүхэлж зам барих асуудал юу болж байгааг холбогдох албаныхнаас тодруулсан юм.
Нэгдүгээр үе шатны хэрэгжилтээ хэлэлцсэн тус хуралдаанаар Улаанбаатар бүсийн зөвлөлийн хуралдаанаас гарах баримт бичгийг хэлэлцэж улмаар баталлаа. Улаанбаатар бүсийн зөвлөлийн дарга Г.Мөнхбаяр “Хөтөлбөрийн нэгдүгээр үе шат хэрэгжих хугацаанд улсын төсөвт 2009 онд 62 тэрбум, 2010 онд 57.6 тэрбум өгсөн. Энэ онд гэхэд 26.7 тэрбум төгрөг төвлөрүүлэх гэж байна. Хот дотооддоо энэ хөрөнгөө зарцуулсан бол бодлогын чанартай олон асуудлаа шийдвэрлэж чадах байсан юм. Энэ бүхэн хууль эрх зүйн чадамжтай шууд холбоотой. Бид дагуул хотоо хөгжүүлж тэнд үйлдвэр үйлчилгээг хөгжүүлмээр байна. Жишээ татъя. Налайхад үйлдвэр байгууллаа гэхэд татвар дээр яг ингэж хөнгөлөлт үзүүлнэ гэсэн арга зам аль ч шатандаа алга. Ингэхээр төвлөрөл хот дээр бий болоод байна. УИХ концессийн хууль баталж өгснөөр бидэнд нааштай боломж ирж байгаа. Энэхүү боломжоо ашиглан алслагдсан дүүргүүдэд хөрөнгө оруулалт хийх, дэд бүтцийг сайжруулах шаардлага бий. Улаанбаатарын бүсийн хөгжлийн хөтөлбөрийн хоёрдугаар үе шатанд энэ бүхэнд анхаарч ажиллах учиртай” хэмээн зөвлөлийн гишүүдэд хэлэв.
Т.Тамир
URL: