Монголын эдийн засаг өндөг шиг эмзэг
МАН-ын удирдлагууд Их хурлын бодлого шийдвэрээ иргэдэд танилцуулахаар орон нутаг, нийслэлийн дүүргүүдэд ажилласан билээ. Энэ ажлынхаа үр дүнг өчигдөр гишүүд, дэмжигчдэдээ сонордуулав.
Хуралдаанд МАН- ын дарга М.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат болон бүс хариуцсан нарийн бичгийн дарга нар хүрэлцэн иржээ.
Хуралдааны салхийг хагалж хэлсэн үгэндээ М.Энхболд “Манай орны зээлжих зэрэглэл буурсны балгийг хувийн хэвшлийнхэн ч амсч магадгүй байгаа. Ирэх оны төсвөө түүхий баталснаас эхсүүлээд УИХ-д алдаа олон байгааг уулзсан иргэн бүр шүүмжлэлтэй хандсан.
Тиймээс нэгэнт баталчихсан төсөв гэж орхихгүйгээр төрийн эдийн засгийг сульдаанд оруулсан Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарыг огцруулах шийдвэрийн төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барьсан” гэв. Үүний дараа МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат илтгэл тавьлаа.
Тэрбээр иргэдтэй хийсэн уулзалтаас иргэдийн амьдрал өдрөөс өдөрт доройтсоор байгааг анзаарчээ. Тиймээс ч Ерөнхий сайдын хэлдэг “Амьдрал сайхан байна”, “Будаа үнэтэй байвал гурил худалдаж аваад идчихээч”, “Болно доо” зэрэг егөөдсөн үгс иргэдийн хувьд доромжлол шиг сонсогдож байгааг уламжиллаа.
URL: