Су.Батболд: Муу ЗГ байснаас сайн солигдсон нь дээр

index
УИХ-ын гишүүн Су.Батболдтой ярилцлаа

-МАН-ын бүлгээс Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарыг огцруулах хүсэлтээ УИХ-д өргөн барилаа. Энэ хоёр сайдыг чухам ямар үндэслэлээр ажлаа өгөх ёстой гэж бүлэг үзэв?
-МАН-ын бүлгийн зүгээс өнгөрсөн жилээс хойш анхааруулж хэлж байсан. 2013 оны төсвийг 2012 оны эцэст хэлэлцэж байхад “Энэ төсвийн төлөвлөлт чинь буруу байна. Энэ байдлаар явбал 2013 оны эцэс гэхэд Монгол орны эдийн засаг, санхүүгийн байдал ихээхэн хүндэрнэ” гэдгийг анхааруулж байсан. Тэр үед бид анхааруулж хэлээд, Н.Алтанхуягийн кабинетийг бүхэлд нь огцруулах асуудал ч тавьж байсан. Харамсалтай нь Засгийн газар, эрх баригч хүчин хүлээж аваагүй, үл тоосон байдалтай хандсан л даа. Гэтэл яг бидний харснаар 2013 оны сүүлийн хагаст Монгол Улсын эдийн засгийн байдал ихээхэн хүндэрч эхэлсэн. Энэ байдлыг МАН- ын бүлгийн зүгээс “Энэ бол бодлогын алдаа, эдийн засгийн макро төвшин дэх бодлогын алдаанаас болж, ийм хүндрэлүүд бий болж байна. Үүндээ засвар хийхгүй байна” гэж хэлсэн. Бодлогын алдаа хаанаас гардаг вэ гэвэл бодлого боловсруулагчдаас л гардаг. Монгол Улсын түүхэнд анх удаа Сангийн яамнаас тусдаа Эдийн засгийн хөгжлийн яамыг байгуулсан шүү дээ. Энэ бол нэлээд олон жил яригдаж байж шийдсэн асуудал. Монгол Улсын эдийн засгийг шинжлэх ухааны үндэслэлтэй төлөвлөдөг, бодлогын үндсэн дээр явдаг байя. Зөвхөн Сангийн яамтай хамтарсан байдлаар явдаг байхаа больё гэж шийдэж энэ яамыг байгуулсан боловч харамсалтай нь энэ яам үүргээ гүйцэтгэж чадаагүй. Үүнээс гадна бодлогын маш буруу алдаа хийснээс болж, манай улсын эдийн засагт томоохон хүндрэлүүд гараад байна. Валютын ханшийн өсөлт, төсөвт төлөвлөсөн зүйлүүдээ хэрэгжүүлээгүй байдал, төсвийн хөрөнгө оруулалтын алдагдал гээд маш олон зүйл бий. Энэ бүхнийг бид харгалзаж үзээд Монгол Улсын Засгийн газрын хоёр гишүүнийг огцруулах хүсэлтийг өргөн барилаа. Манай улсын санхүү, эдийн засгийн бодлого, төлөвлөлтийн асуудлыг зангидаж байгаа хүмүүсийн хувьд Сангийн болон Эдийн засгийн хөгжлийн яамны сайд нарыг үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон юм байна. Энэ хоёр хүн бол Монгол Улсын 2014 оны эдийн засаг, төсвийн бодлогыг хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж огцруулах хүсэлтийг өргөн барьсан.

-Хариуцлага тооцох сайдуудын тоонд Д.Ганхуяг сайдын нэр яагаад орсонгүй вэ. Гадаадын хөрөнгө оруулалт буурсан нь түүнийг огцруулах нэг шалтгаан болох болов уу?
-Энэ удаагийн сайд нарыг огцруулах асуудал бол зөвхөн эдийн засаг, санхүүгийн хүндрэлтэй байдлыг харгалзан үзэж оруулж ирсэн. Ер нь хариуцлагагүй ажиллаж байгаа сайд гэвэл олон салбарын олон сайдын нэрийг энд дурдаж болно. Жишээлбэл, Уул уурхай болон Эрүүл мэндийн сайдыг нэрлэж болно. Хариуцсан салбараа удирдаж авч явж чадахгүй, байнга хэл ам таталж байгаа сайд нар бий.

-Ерөнхий сайдыг огцруулах асуудал ч орж ирэх байх гэж олон нийт харж байсан байх. Өмнө нь ч МАН-ын бүлэг энэ асуудлыг хөндөж байсан?
-Дээр хэлсэнчлэн энэ удаад бид танхимыг бүхлээр нь биш цаг үеийн тулгамдсан асуудалтай холбоотойгоор хоёр сайдыг оруулж ирж байгаа юм.

-Эдийн засаг хүндэрч, иргэдийн амьдрал доройтож байна гээд салбар хариуцсан сайд нарыг ажлаас чөлөөлснөөр асуудал шийдэгдэх үү?
-Сайд огцруулах тухай асуудлыг хүмүүс хоёр талтайгаар авч үзэх хэрэгтэй. Энэ асуудалтай холбоотойгоор улс төрийн тогтворгүй байдал руу түлхэж байна гэх мэт маш олон янзын тайлбар хэлэх байх. Гэхдээ бидний зорилго бол улс төр хийх эсвэл улс төрийн тогтворгүй байдал руу түлхэх биш. Ерөнхий сайд, Засгийн газар, сайд нарыг огцруулах асуудал бол байж л байдаг, энгийн үзэгдэл гэж хэлж болно. Гэхдээ бид удаан хугацаанд тэссэн, олон удаагийн хурал, чуулган дээр ийм, ийм таагүй байдал үүсэх гээд байна гэдгийг удаа дараа хэлж, сануулж байсан. Нөгөө талаас саяхан манай намын их хурал хуралдсан. Энэ хурал дээр манай намын гишүүд маш олон төрлийн шүүмжлэл хэлж байсан. Түүний нэг нь Монгол Улсын эдийн засаг, төсөв санхүүгийн байдал хүндэрч байгаа тухай яриа байлаа. Их хурлын дараа Бага хурал хуралдахад ч мөн энэ асуудлыг хөндөж байсан. Нөгөө талаас намын гишүүдээс гадна бусад салбарын хүмүүстэй уулзахад тэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаа юм л даа. Тухайлбал, бизнес эрхлэгчдийн хувьд л гэхэд “Бизнес эрхлэх ямар ч боломж бололцоо байхгүй байна. Маш их дарамт шахалттай байна. Бодлогын алдаа, валютын ханшийн өсөлт гэх мэт олон зүйлээс шалтгаалаад монголд ашигтай бизнес эрхлэх боломж алга байна. Төрөөс оролцох оролцоо тун ихэссэн. Янз бүрийн байдлаар хууль, хяналтын байгууллага, Засгийн газрын зүгээс хяналт, шалгалт, дарамт шахалт ихэссэн гэдгийг хэлж байна. Энэ байдлаас үзэхэд Монгол орон чөлөөт зах зээлийн эдийн засаг руу яваад байна уу эсвэл бүр төрийн оролцоотой төвлөрсөн эдийн засаг руу яваад байна уу гэдгийг ойлгоход бэрх боллоо. Тийм учраас энэ байдлыг засах хэрэгтэй, та нар сөрөг хүчний хувиар энэ асуудалд анхаарал хандуулж, засч, залруулаач” гэж хэлсэн. Энэ мэт байдал бол дээрх хоёр сайдыг огцруулах гол үндэслэл болж байгаа юм.

-Ч.Улаан, Н.Батбаяр нар өрийн хязгаарыг ДНБ-ий 60 хувьтай тэнцүүлэх асуудлыг чуулганаар оруулахаар зэхэж байгаа гэсэн. Энэ хэр зөв шийдэл вэ. Өрийн хэмжээ нэмэгдэх нь хэнд ашиггүй бас хэнд ашигтай вэ?

-УИХ-д Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулаад өрийн хязгаарыг нэмэгдүүлэх тухай асуудал орж ирсэн. Үүнийг манай намын бүлэг боломжгүй юм гэж үзээд Засгийн газарт буцаасан байгаа. Мөн хууль зөрчиж, ямар нэгэн байдлаар УИХ баталсан хамгийн сүүлчийн тогтоол дээр өөрчлөлт оруулсан тохиолдол байгаа. Бид түүнд нь хариуцлага тооцох ёстой гээд УИХ-ын даргад бичиг явуулсан. Яахав эрх баригч хүчний хэлж байгаагаар ер нь эдийн засгийг өсгөхийн тулд томоохон өр тавиад, маш олон асуудлыг шийдэх хэрэгтэй байна гэж байгаа. Дэд бүтэц болон хөрөнгө оруулалтын асуудлыг цэгцлэх хэрэгтэй байна. Дараа нь эдийн засаг өссөн тохиолдолд өрөө буцаагаад төлнө гэж байгаа юм. Бидний зүгээс тавьж байгаа гол асуудал бол юунд, ямар төсөлд, ямар үр ашиг харж өр тавих гээд байна вэ гэдэг асуудал чинь тодорхой биш байна. Жишээлбэл, зөвхөн Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах сайн талтай байж магадгүй. Гэхдээ энэ нь өөрөө энэ өндөр хүүтэй “Чингис” бондын өртгийг хэзээ нөхөх юм бэ, хэдэн төгрөг орж ирэх вэ гэхээр нэг ч төгрөг орж ирэхгүй. Нийслэлийн 32 уулзварыг зассан л гээд байгаа. Яг энэ зам засах ажил зайлшгүй тулгамдсан асуудал мөн байсан эсэхийг яривал бас л асуудалтай. Цаашлаад энэ ажлыг ямар компани хийв гэдэг асуудал ч бий. Үүнд хэзээ нэгэн цагт хариуцлага тооцох байх гэж бодож байгаа. Яагаад гэвэл, нэг ам.метр газрыг хатуу хучилтаар хучихад хэдэн төгрөг ногдох ёстой, энэ уулзвар тус бүрийн ажлын өртөг хэд болсон бэ гэх мэт асуудлыг хянадаг шалгадаг газар нь хянах байх. Энэ бол зүгээр л нэг жишээ. Магадгүй ард түмэнд таалагдаж байж болно. Гэхдээ үүний цаад талд маш шахуу хугацаанд авсан, өндөр хүүтэй зээлийг яаж төлөх вэ гэдэг асуудал бий. Бидний тавьж байгаа шаардлага бол өөрийнхөө шингээх чадвартай хэмжээний зээлийг авах хэрэгтэй. Ялангуяа өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд улсад авчирсан зээл бол дандаа хүү нь нэгээс дотогш, 0.80 хэдэн хувийн хүүтэй, эргэн төлөгдөх хугацаа нь 20-30 жил, эхний арван жилдээ үндсэн зээл нь төлөгдөхгүй зөвхөн хүүгээ төлдөг байхаар хөнгөлөлттэй зээлүүд байсан. Гэтэл одоо авч байгаа зээлүүд маш хурдан хугацаанд хүү нь төлөгдөх, өндөр хүүтэй зээл байгаа. Гэтэл манай улсын 1990 оноос хойш авсан зээлүүд 2017 оноос эхлээд төлөгдөж эхэлнэ. Азийн хөгжлийн банк болон Дэлхийн банкнаас авсан зээлүүдийг төлөх хугацаа болж байна. Олон улсаас авсан томоохон зээлүүд төлөгдөж эхлэх 2017 оны их ачаалал ирж байгаа үед богино хугацаатай бондын зээл аваад, ямар ч үр ашиггүй салбарт өгч байгаа байдал нь буруу юм. Нөгөө талаас аж ахуйн нэгжүүдийг дэмжих ёстой юм гэдэг байр суурийг бид баримталж байгаа. Яг бэлэн болсон, төр оролцох ямар ч шаардлагагүй төслүүд хувийн аж ахуйн нэгжүүдэд маш олон бий. Жишээлбэл, цемент юм уу импортыг орлох том төслүүд бий. Гэтэл тэр том төслийг тэрэнд нь зарцуулж өгөх биш харин энэ орж ирсэн зээлийн төслийг бөөнд нь зөвхөн АН-ын харьяатай компаниудад хувааж өгөх маягаар өгч байх жишээтэй. Энэ нь өөрөө тэгш бус байдлыг үүсгэж байгаа юм. Хоёрдугаарт, эргэн төлөгдөх магадлалыг бууруулж байгаа. Энэ бол улс төрийн ашиг хонжоо харсан байдал. Чөлөөт өрсөлдөөний замаар яг 5, 10 жилийн дотор үйлдвэрээ бариад ашгаа өгөөд, монголд байгаа түүхий эдээ түшиглээд экспортод чиглэсэн төслүүдэд зээлээ өгөх юм бол энэ зөв шийдэл. Гэтэл харамсалтай нь ингэж чадахгүй байна. Ийм хувийн нөхцөл байдал нь зээлийн хэмжээг нэмэгдүүлэх асуудалд зайлшгүй саад тавихаас өөр аргагүй нөхцөл үүсгэж байгаа юм. Ер нь үндсэндээ бол бидний 90 жилийн хугацаанд тавьсан 11 тэрбум ам.доллартай тэнцэх Оросод төлөх өртэй харьцуулахуйц хэмжээний өрийг 5-6-хан жилийн хугацаанд тавьчих гээд байна шүү дээ. Энэ нь өөрөө улс орны эдийн засгийг хүндрэлд оруулна гэж үзэж байгаа. Прогнозоо тооцоод үзэхэд улсад орж ирэх орлогоо стратегийн ордууд Эрдэнэс Таван толгой, Оюутолгойн томоохон төслүүд бүгд зогсчихсон байна. Гадаадын хөрөнгө оруулагчид ойрын хоёр жилдээ бараг буцаж ирэхээргүй болчихсон. Энэ тохиолдолд эдийн засаг жиг- тэйхэн өсөөд, төсвийн орлого нэмэгдээд 2017 онд ирэх өрийн ачааллыг даана гэдэг бол тун хүндрэлтэй. Ерөөсөө 2016-2017 он гэхэд л Монгол Улс ДНБ-тэйгээ тэнцэх хэмжээний өрийг төлөх болно шүү дээ. Энэ бол зөвхөн энэ Засгийн газрын үед дуусчихаж байгаа зүйл биш шүү дээ. Монгол орны ирээдүйтэй холбоотой асуудал учраас болгоомжтой хандах хэрэгтэй.

-Ерөнхий сайд болон Засгийн газраас одоогоор яг хэчнээн төгрөгийг бондын хүүнд өгсөн гэдэг мэдээллийг өгөөгүй байна. УИХ-ын гишүүний хувьд танд энэ талаар мэдээлэл байна уу. Бондын хүүгээ төлж эхэлсэн үү. Тийм бол хэчнээнийг төлчихөөд байгаа юм бол?
-Бондын хүүг төлж байгаа байх. Ер нь бол бондын хүү өдрөөс өдөрт хэдэн тэрбум төгрөгөөр өсөөд байгаа. Харамсалтай нь “Чингис“ бондынхоо хүүний төлөлт, ашиглалтыг шийдээгүй байж, өчигдрийн мэдээгээр “самурай” бондыг арилжиж эхэлсэн гэж дуулдсан. Тэгэхээр УИХ-аас баталсан хууль, тогтоолыг Засгийн газар үл тоох маягаар л ажиллаж байна гэсэн үг л дээ. Түрүүчийнхээ авсан бондуудынхаа арилжаа, хүүний өсөлт, бусад олон зүйлийг хязгаарлаж чадаагүй байж “Самурай” бондыг арилжаанд гаргасан нь хууль зөрчиж байгаа асуудал.

-Ч.Улаан, Н.Батбаяр нар огцорвол оронд нь хэн суух вэ гэдэг асуудал гарч ирж ирнэ. УИХ-аас орох ёстой юм уу, эсвэл гаднаас уу гэдгийг бүлэг тооцож үзсэн үү?

-Хүчин төгөлдөр байгаа хуулиар Засгийн газрын гишүүн УИХ-ын гишүүний ажлыг давхар хашиж болохоор байгаа. Гэхдээ нийгмийн болон Ерөнхийлөгчийн зүгээс, манай бүлгийн зүгээс ч тэр хэтэрхий олон гишүүн УИХ, Засгийн газрын гишүүний албыг давхар хашиж байгаа учраас гаднаас байх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа. Энэ шаардлагаа ч мөн тавина. Гэхдээ хэнийг хаанаас тавихаа эрх баригчид өөрсдөө шийдэх байх.

-Өнгөрсөн долоо хоногт МАН-ын бүлэг шинэ даргатай болсон. Үүнтэй зэрэгцээд бүлэг муу ажилласан гэдэг шүүмжлэл гарч ирж байна. Д.Бямбацогт дарга болсноор МАН залуу хүмүүсээ түлхүү дэмжиж байна гэж харж болохоор байна л даа?
-Ер нь УИХ дахь намын бүлэг байнга шүүмжлэлд өртөж байдаг. Ялангуяа намынхаа гишүүд дунд байнга шүүмжлэлд өртдөг. Тэр дундаа сөрөг хүчний бүлэг бүр ч илүү шүүмжлэлд өртдөг. Манай нам бол өөрөө бүх л үеийн төлөөлөл. Сүүлийн үед залуу хөгшин гэдэг хандлага гараад байгаа. Би үүнийг хүлээн зөвшөөрдөггүй. Ялангуяа МАН шиг том намын хувьд улс төрийн тулхтай хүчин гэдэг утгаараа залуу, хөгшнөөрөө ялгагдах байдал байж болохгүй гэж үзэж байгаа. Монголын нийгмийн нэг харамсалтай тал нь юм мэддэг, хийдэг улсуудаа ад үзэх гээд байдаг атлаа залуу хүнийг илүүд үзээд байдаг. Гэтэл залуу хүмүүс мэдэж, дадлагажаагүй байдаг учраас нас тогтсон, олон салбарт ажиллаж хий нь гарсан хүмүүс улс төрд байх нь зөв. Манай бүлгийн хувьд харьцангуй залуу хүн даргаар томилогдсон. Би бол сайн ажиллах байх гэж найдаж байгаа. Түүнчлэн бүлэг муу ажилласан гэдэгтэй санал нэгдэхгүй. Яахав шүүмжлэл гарч байсан. Гэхдээ сайн ч, муу ч намын нэрийг аваад ард түмний сонголтоор гараад ирсэн хүмүүс ажиллах л ёстой. Зарим хүн бол сөрөг хүчин гэхээр асуудалд байнга шүүмжлэлтэй хандаад, хашгираад, хэрэлдээд байвал жинхэнэ утгаараа ажиллаж байна гэж хараад байх шиг байна л даа. Зарим нь бол асуудалд тулхтай хандаж, цаад том улс төрөө харах нь чухал гэж хардаг юм шиг байгаа юм. Манай нам олон жил эрх барьсан тулхтай улс төрийн намын хувьд юунд нь шүүмжлэлтэй хандаж, хэзээ дуугарах вэ гэдгээ мэддэг. УИХ-д сонгогдсон хэдхэн гишүүнээ хэлэхээсээ илүү МАН-ын 230 мянган гишүүн бүгд сэтгэл зүтгэл нэгтэй л байх ёстой.

-УИХ, байнгын хороодын хурлын ирц хүрэхгүй хэлэлцэх асуудал нь хойшилдог байдал байнга ажиглагдах боллоо. Үүнд ямар бодолтой байна вэ?
-Угаасаа олонхи ирцээ бүрдүүлэх л ёстой. Ирцээ бүрдүүлж чадахгүй байгаа бол хохь чинь. Өмнө нь бид ирцээ бүрдүүлээд яваад л ирсэн.

-Ерөнхийлөгч УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний ажлыг давхар хийхгүй байх хуулийн төсөл өргөн мэдүүлсэн. Үүнтэй та санал нэг байна уу?
-Ер нь аль ч улс оронд парламентын гишүүн Засгийн газрын гишүүн давхар хийдэг жишиг байдаг. Тэр ч бүү хэл дэд сайд болон Төрийн нарийн бичгийн даргын ажлыг парламентын гишүүн давхар хийдэг улс орон ч бий. Энэ нь тогтчихсон зүйл гэх үү дээ. Харин манай орон бол цөөхөн буюу парламентын 76 гишүүнтэй. Тэгсэн хэрнээ Засгийн газрын гишүүдийнх нь тоо хэтэрхий олон. Энэ Засгийн газар хамгийн олон буюу 18 сайдтай. Энэ 18 сайд нь парламентдаа ороод ирэхээр хэтэрхий олон харагдаад байгаа юм. Түүнээс парламентын 300 гишүүнтэй улс оронд 30 нь давхар сайд хийгээд явахад асуудалгүй. Энэ бол олон улсын жишиг. Гэхдээ манай улсад сайд нарын тоо хэтэрхий олон байгаа учраас тоог нь зааж, тогтоох хэрэгтэй. Тэгэхгүй бол жилээс жилд нэмэгдээд байна. Уг нь манайд 12 яам байхад хангалттай. Тэдгээр нь бодлогоо хүчтэй бариад явахад л болно. Бид өнгөрсөн хугацаанд засаглалын зөв бүтэцтэй явж ирсэн. Харамсалтай нь 2012 оны шинэчлэлийн Засгийн газар энэ бүх зүйлийг бүтцээр нь өөрчилчихсөн. Эд нар маш олон зүйл дээр бодлогын алдаа гаргаж байна. Өмнө нь зөв явж ирсэн олон улсын жишгийг үгүйсгэж байна. Гэхдээ үнэхээр мэдээд хийж байна уу, мэдэхгүй хийгээд байна уу гэдгийг би мэдэхгүй юм. Магадгүй олон жил Засгийн эрхийг бариагүй болохоор хийх ажлаа мэдэхгүй байж болох л юм. Хамгийн гол нь олон жилийн турш тогтсон ардчилал, зах зээлийг бүтцийг эвдчихсэн нь харамсалтай.

-Тэгэхээр Ерөнхийлөгчийн хэлсэн хяналтын самбар ажиллахгүй байна гэдэгтэй санал нийлж байна гэж ойлгож болох уу?

-Тухайн үед Ц.Элбэгдорж өөрөө дотор нь байж л байсан шүү дээ. Гэтэл одоо гэнэт тэнгэрээс буугаад ирчихсэн юм шиг бүгдийг нь болохгүй байна гэж яриад байх юм. Үнэхээр тэгж боддог байсан юм бол анх Засгийн газар байгуулахад хориг тавих нь яасан юм. Хяналтын самбарын гэрлийн товчыг дарах хүн нь Ц.Элбэгдорж өөрөө шүү дээ.

-Бас Ерөнхийлөгчийн том төрөөс ухаалаг төр рүү гэсэн санаачилгыг дэмжиж байгаа юу?
-Бид үүнийг олон жилийн турш ярьсан. Ерөнхийлөгч үүнийг гаргаж ирсэн нь сайн. Гэхдээ ярих биш хийх хэрэгтэй.

-Ерөнхийлөгчийн өргөн барьсан УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний ажлыг давхар хийхгүй байх хуулийг 2016 оноос хэрэгжүүлнэ гэж заасан байна лээ. Гэтэл зарим гишүүн хууль батлагдаад шууд хэрэгжүүлэх ёстой гэсэн байр суурьтай байгаа юм билээ?

-Хуулийн хэрэгжилтийг 2016 оны нэгдүгээр сараас гэж заасныг би ойлгохгүй байна. Үнэхээр УИХ, Засгийн газрын гишүүн, сайдын тухайд тулгамдсан асуудал байгаа бол өнөө маргаашгүй шийдэж хэрэгжүүлэх ёстой шүү дээ. Яагаад одоогийн Засгийн газрын гишүүдэд үйлчлэхгүй. 2016 онд гарч ирэх хүмүүст үйлчлэх ёстой юм. Энэ нь үнэхээр ойлгомжгүй.

-Засгийн газарт тогтворгүй байдал үүсэх вий гэсэн болгоомжлол байна уу?
-Муу Засгийн газар тогтвортой байснаас сайн Засгийн газар ээлжилж байсан нь дээр биз дээ. Засгийн газар өөрчлөгдлөө гээд улс төр тогтворгүй болно гэсэн ойлголт байхгүй. Ордонд л жаахан бужигнана биз.

-Сая Ерөнхийлөгч УИХ-ын гишүүдтэй уулзахдаа энэ талаар ярилцсан гэсэн?
-Бид улс орны өмнө тулгамдаж байгаа асуудлаар санал солилцсон. Ингэхдээ Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар түлхүү ярилцлаа.

-Үндсэн хуулийн долоон өөрчлөлтөд нэмэлт өөрчлөлт оруулах талаар яриад эхэлчихлээ. Үүнд та ямар бодолтой явдаг вэ?
-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нь өнөөдрийн тулгамдсан асуудлын нэг л дээ. Нийгэм энэ талаар хоёр хуваагдаад байгаа юм. Анх Үндсэн хууль баталсан хүмүүсийн хувьд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах буюу эцэг хуулийг хөндөх ёсгүй гэсэн байдлаар ханддаг. Би бол Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ёстой гэсэн байр суурьтай. Манай Үндсэн хууль хүний эрхийг хангах, олон улсын хэм хэмжээг баримталсан гэдэг утгаараа сайн хууль. Гэхдээ бид 20 жилийн өмнө Үндсэн хуулийг батлахдаа өнөөдрийн нийгмийн өөрчлөлт, шинэчлэлийг олж хараагүй. Үндсэн хуулиа батлаад 20 гаруй жил боллоо. Энэ хугацаанд нийгэм маш хурдацтай өөрчлөгдөж байна. Өнөөдөр гарсан зүйл маргааш өөрчлөгдөж байгаа ийм цаг үе. Гэтэл энэ нийгмийн шинэчлэлийн алхааг Үндсэн хууль гүйцэж харж чадахгүй байна гэж бодож байгаа. Тэгэхээр өнөөдөр бид Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулах учиртай. Ингэхдээ бүгдийг нь өөрчилнө гэсэн үг биш. Бид өнгөрсөн парламентад Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хууль гэж гаргасан. Тэр хуульд маш олон зүйлийг хөндөж болохгүй гэж заасан байгаа.

-Таны харж байгаагаар ямар нэмэлт өөрчлөлт оруулах нь зөв юм бэ?
-Миний судалж байгаа салбарын хувьд төрийн тогтолцооны институци хоорондын харилцаа, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарь гээд олон зүйлд нэмэлт өөрчлөлт оруулахгүй бол урагшаа алхахаа болчихоод байна. Яагаад гэвэл, өнөөдрийн бизнес, эдийн засгийн нөхцөл байдал ийм хурдацтай өөрчлөгдөж байхад манай засаг захиргаа, төрийн тогтолцоо өөрчлөгдөж чадахгүй байна. Энэ тухай бид олон жил ярилаа. Тиймээс энэ чиглэлээр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ётсой гэж үзэж байгаа хэрэг. Тодруулбал, УИХ, парламентын засаглалд шинэчлэл хийх ёстой гэж бодож байна. Одоогийн 76 гишүүнтэй энэ жижиг парламент Монгол орны асуудлыг цаашид шийдээд авч явна гэдэгт эргэлзэж байна. Тэгэхээр парламентын тогтолцоог хоёр танхимтай тогтолцоо руу шилжүүлэх хэрэгтэй. Ер нь бодоод үзэхээр одоо 76 гишүүний 39 нь ирж байж хурлын ирц бүрдэж байгаа шүү дээ. 39 хүнээс 21 санал өгөхөд л хууль батлагдана. Тэгэхээр 20 гаруйхан хүний саналаар улс орны хувь заяа шийдэгдэнэ гэдэг төвөгтэй.

-Гэхдээ манайх шиг цөөн хүн амтай улс оронд хоёр танхимтай байвал хэтэрхий олон гишүүнтэй болчих юм биш шүү?
-Бусад орны жишгээр бол манайх шиг гурван сая гаруй хүн амтай орны парламент нь 100 гаруй гишүүнтэй байдаг. Нөгөө талаар цөөн гишүүнтэй парламентад ихэвчлэн хөрөнгө, мөнгөтэй бүлэглэлд хуваагдсан хүмүүс ороод асуудал шийдэж байгаа нь цаашид эмгэнэлтэй байдалд хүргэж магадгүй. Тиймээс парламент хоёр танхимтай болох ёстой гэж үздэг. Доод танхимын гишүүд нь мэдээж тойргоос сонгогдоно. 100 гаруйхан хүнтэй. Харин дээд танхим нь 30 гаруй гишүүнтэй байх юм. Энэ нь намуудын авсан саналаар сонгогддог гэх мэт. Доод танхимаас гарсан хуулийг дээд танхим нь сайн хянаж байж гаргадаг. Эдгээр зүйлийг хийгээд эхэлбэл төрийн тогтвортой байдал аяндаа бий болно.

-Дахиад л “Одоо байгаа 76 нь ирцээ ч бүрдүүлж чадахгүй байхад юун гишүүдийн тоог нэмэгдүүлэх” гэдэг шүүмжлэлд өртөх байх даа?
-Хүмүүс таны хэлсэн шиг одоо ирц нь бүрдэхгүй, хуулиа баталж чадахгүй байж хоёр танхимтай болвол бүр болохоо байна гэсэн байдлаар ханддаг. Одоо бид шуурга шиг өдөр болгон хууль баталдгаа болих хэрэгтэй. Нэг гишүүн нь гарч ирээд л тэрийг тэгж өөрчилнө гээд байвал утгагүй шүү дээ. Өөрийнхөө амбицаар хандах зүйл олон ажиглагдаж байна. Ерөөсөө аль нэг байнгын хорооны хурал дээр найман гишүүн гар өргөхөд л нэг хууль гарчихаж байгаа юм. Ийм байдлаар үргэлжилж болохгүй ээ. Би 2010 онд улс төрийн бүх нам оролцсон “Парламентын шинэчлэл” гэдэг уулзалт ярилцлагыг зохион байгуулсан. Бүх намын дарга нар парламентын шинэчлэлийг өрнүүлэх нь зөв, хоёр танхимтай байх нь зөв гэсэн тунхаг бичиг гарын үсэг зурсан. Энэ бол ирээдүйн асуудал байлаа ч Үндсэн хуулийн шинэчлэлийн том асуудал.

-Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бүтцэд нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгтэй гэж байгаа юм билээ?

-Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөхөөс өөр аргагүй. Одоо байгаа аймаг, сумын тогтолцоо бол 1960-аад оны үед Оросууд хийж өгсөн тогтолцоо л доо. Энэ тогтолцоог өөрчлөхгүй бол үнэхээр болохгүй. Манай улсын хүн амын 60 хувь нь нийслэлд амьдарч байна. Бүгдээрээ л нийслэлийн иргэн болчихсон. Ийм замбараагүй байдал яг үнэндээ Африкт л байдаг байх. Энэ байдлыг засахын тулд бид орон нутгийг хөгжүүлэх хэрэгтэй. Аймагт хүн амьдардаг болгох хэрэгтэй. Тэнд үйлдвэр, аж ахуйн газар байгуулах хэрэгтэй. Манайхаас бусад шилжилт хийсэн бүх орон засаг захиргааны шинэчлэл хийсэн. Ганцхан манайх л үлдсэн. Энэ мэтчилэн шинэчилж, шийдэх, хүлээгдээд явахгүй асуудал их байна. Гэтэл эрх баригчид нүүрс тараах, хотын түгжрэл гэх мэт үлгэр л ярих юм. Үүний дараа нөгөө Засаг даргыг хэрхэн яаж сонгох асуудал яригдана.

-АН-ын бүлгийн хуралдаанаар Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар хэлэлцсэн юм билээ. Гэхдээ зөвхөн аймаг, дүүргийн Засаг дарга нарыг Ерөнхий сайд шууд томилдог, харин сум, багийн Засаг даргыг иргэд сонгодог байх асуудлыг хэлэлцсэн гэж байсан?

-АН бүлгийн хурлаараа тийм санал гаргасан юм билээ. Харин бид ганцхан нэмэлт өөрчлөлт оруулах асуудал байхгүй, өөрчлөлт оруулах бол засаглалын бүтцийг цогцоор нь ярих ёстой гэсэн байр суурьтай байгаа. Хэрвээ одоогийн парламент энэ байдлаараа удаан явах юм бол ард түмэн уйдна. Хэзээ ч асуудлаа шийдэггүй, ажлаа хийдэггүй 76 хүнийг сонгохгүй. Тиймээс бид засаглалаа өөрчлөхөөс өөр аргагүй байдалд хүрнэ.

-Ерөнхий сайд Засаг даргыг шууд томилох нь түүний үзэмжийн асуудал болчихгүй юу?

-Ерөнхий сайд шууд томилж болно шүү дээ. Яагаад гэвэл, Засгийн газрын тэргүүн учраас тэр төлөөлөгчөө өөрөө томилох нь буруу зүйл биш. Энэ бол онолын хувьд зөв.

-Таны хэлсэнчлэн Үндсэн хуулийн болон засаг захиргаа, нутаг дэвсгэрт хийх өөрчлөлт шинэчлэл ойрын хугацаанд хийгдэх боломжтой юу?
-Эрх баригчид болон Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж юм хийе гэвэл болохгүй зүйл байхгүй. Хамтраад шийдээд л явна. Харин асуудлын гол зангилаа болох идээ бээртэй газрыг нь олж шахахгүй тойроод гүйгээд байвал хэрэггүй шүү дээ. Уг нь өнгөрсөн дөрвөн жил бид хамтарч их зүйл бүтээсэн тэр ажлаа энэ дөрвөн жил шийдээд явсан бол Монголын ард түмэнд хэрэгтэй байсан. Гэтэл манай АН-ынхан өшөө авах байдлаар асуудалд хандаад байна.

-Өшөө авах гэдгийг юу гэж ойлгох вэ?

-Яахав дээ. Бид 20 жил гудамжинд байлаа. Одоо бидний ээлж ирсэн гэдэг байдлаар л хандаж байна шүү дээ бүх зүйлд.

-Хамтарсан Засгийн газраас гарахдаа энэ бүх асуудлаа тооцоо байлгүй дээ?
-Тэгж л харсан байх.

-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг танаас өөр гишүүн дэмжиж байгаа юу?

-Байгаа л даа. Гэхдээ дотроо зарим зүйл дээр нь өөр байр суурьтай байгаа. Энэ бол байж болох л асуудал. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг даруйхан хийх хэрэгтэй гэдэг том агуулгаар нь маш олон гишүүн дэмжинэ. Гэхдээ энэ асуудлыг парламент дээр шийдэх үү, ард түмний дунд хэлэлцүүлэг маягаар явуулах уу гэдэг нь их чухал байна.

-АН-ынхан өөрсдийгөө барууны үзэл баримтлалтай гэдэг л дээ. Гэхдээ эрх баригчид барууны бус зүүний бодлого явуулаад байгаа нь ажиглагддаг. Хамгийн гол нь эрх баригчид өөрсдийгөө бодлого, үзэл санаагаа ойлгохгүй байгаа нь харамсалтай. Харин таны бодол?
-Монголд улстөрийн намууд төлөвшөөгүй байгаагийн илрэл. Улс төрийн намын бодлого нь засгийн эрх авахаараа төрийн бодлого болоод үргэлжилдэг. Гэтэл улс төрийн намууд төлөвшөөгүй, үзэл баримтлал нь тодорхойгүй, засгийн эрх авахаараа яг ийм манан дунд орчихдог. АН өөрсдийгөө барууны либерал нам гэдэг ч гаргаж байгаа бодлого төрд оролцож байгаа оролцоо зэрэг нь хэт зүүний үзэл баримтлалаар яваад байгаа юм.

-Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг төслийг та санаачилсан. Хуулийн төслийн үндсэн гол үзэл санаа юу байв. Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх явц ямар шатандаа явна вэ?

-Төрийн албаны тухай хуулийг 1995 онд батлаад 2008 онд шинэчилсэн. Энэ хууль дээр меррит тогтолцоог хийж өгсөн л дөө. Гэхдээ энэхүү тогтолцоог бүрэн утгаар нь авч чадаагүй. Төрийн албаны тухай хуулийн гол зорилго нь улс төрөөс ангид тогтвортой, мэргэшсэн байлгах. Бид өнгөрсөн хугацаанд энэ зарчмаар явж ирэхдээ харьцангуй гайгүй болсон. Гэхдээ улс төрөөс ангид байж чадахгүй Засгийн газар солигдох болгонд төрийн албан хаагчдыг халдаг, сольдог. Энэ байдал 2012 онд дээд цэгтээ хүрсэн. Монгол Улсын төрийн албан хаагчдын 70 хувь нь солигдсон. Иймээс меррит тогтолцоонд тулгуурласан улс төрөөс ангид байх талаар хуулийн төсөл санаачилсан. Одоогоор Төрийн байгуулалтын байнгын хороогоор орж ажлын хэсэг гарган ажиллаж байна.

 М.ӨНӨРЖАРГАЛ
Д.МЯГМАРСҮРЭН

URL:

Сэтгэгдэл бичих