Хотын хогийг хаях уу, “чулуу” болгох уу
Улаанбаатар хотын хүн ам өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буйг хэн хүнгүй мэднэ. Үүнтэй холбоотойгоор гарах өөрчлөлтийн сайн, мууг бид биеэрээ амсч буй болохоор хэлэх нь илүүц хэрэг. Үүний нэг нь хог хаягдлын хэмжээ жилээс жилд хур болон зузаарч буй үзүүлэлт л дээ. Нийслэлийн хүрээлэн буй орчныг бохирдуулж байна, иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөв хэмээн хашхичихаас өөргүйгээр гар хумхин сууж болохгүйг амьдрал тулгаж байна. Ямар ч айл хоймроо шүүрддэг, гэрээ цэвэрлэдэг уламжлал байдаг хойно манай нийслэлийн хэмжээнд энэ ажлыг үл тоомсорлон хаячихгүй байгаа.
Дэлхийн хотуудын эгнээнд Улаанбаатар маань хэдийнэ нэгдэн ороод байгаа болохоор арай өөрөөр сэтгэж, бодлого боловсруулан хэрэгжүүлэх нь мэдээжийн асуудал. Энэ нь хог гэж чухам юу вэ гэдгийг ойлгохоос эхлэх. Хогийг шууд хаягдал гэдэг утгаар нь ойлгоод хэвшчихсэн зангаасаа бид салахад нэг их хэцүү биш. Хогийг баялаг болгон хувиргаж болно, дахин боловсруулж хүнд хэрэгтэй бүтээгдэхүүн бий болгоно хэмээх нь дундад зууны үеийн европын алхимичдээс арай бодитой, үнэмшилтэй болоод буйг нийслэлээс явуулж буй бодлого, хэрэгжилтийг сөхөж үзэхэд тодорхой харагдана. Тэр алхимичид гээч нөхдүүд шороо, чулууг алт болгон хувиргах “ажил” дээр амьдралаа үрсэн нөхдүүд л дээ.
Өдгөө дэлхийн том хотуудын хог хаягдлыг дахин боловсруулж баялаг болгон хувиргаж, олон түмний хэрэгцээнд зориулан бүтээгдэхүүн болгон нийлүүлсэн олон арван тэрбумтан, компани байдгийг бид цахим ертөнцийг ухаад төвөггүй мэдэж болно. Тэдний туршлагыг ч халуунаар бөөцийлөөд авахад гэмгүй. Нүүдэлчин монголчууд нэг жилийн дотор дор хаяж 10, дээд
тал нь 20-40 нүүдэл хийж, бууриа сэлгэн ирсэн. Тэгэхдээ нөгөө хог гээчээ зүгээр нэг үүдээр гаргаад байхгүй. Хот айлынхаа, жимбийтэл цэвэрлэсэн буудлынхаа зүүн урагш зэрэг тодорхой зүгт далдалж булахуйц маягаар зөөн аваачдагийг мэдэх хүн олон.
Харин бидний амьдралд суурьшил нэвтэрсний хэрээр хашааны сэтгэхүйтэй болчихсон. Манай хашаанаас гадуур байвал юун хамаа вэ гэсэн маягаар хог, угаадсаа гудамжинд хээв нэг хаяцгаана. Ийм сэтгэхүйгээсээ болоод монгол үндэстэн дорой яваа нь түүхээс харагддаг. Үйлийн үрээ эдэлж яваа үндэстэн ч гэмээр. Тархин доторх хогийг нь цэвэрлэж өгөөч гэж бурханаас гуйгаад суумааргүй л байна.
Энэхүү улиглал, халаглалаа хойш тавиад Улаанбаатар хотын хог хаягдлыг хэрхдэг талаар өнгийж нэг үзье. Бидний мэддэг Нарангийн энгэр, Морингийн даваа, Цагаан давааны төвлөрсөн хогийн цэгт өдөрт 2000-2500 тонн ахуйн хаягдлыг хүлээн авдаг ажээ. Дарж устгах үйл ажиллагааг өдөр бүр ландфил технологийн дагуу ч хийж байгаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2013-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт хотын хог хаягдлын менежментийг сайжруулах талаар онцгойлон заасан нь бий.
Энэ дагуу хоёроос доошгүй хог дахин боловсруулах үйлдвэр байгуулахаар тусгасан. Хотоос гарч байгаа хог хаягдлын “ам бүл”-ээс хамгийн их үүсч овоорч, орчныг бохирдуулж байгааг нь боловсруулж ашиглахыг хэлээд байна. Цаас, гялгар уут, хуванцар, үнс, барилгын хог, хүнсний хог гээд үргэлжилнэ. Иргэд, байгууллага, аж ахуйн нэгжээс гарч байгаа хог хаягдлын хэмжээг багасгах, дахин боловсруулах чиглэлээр хамтран ажиллах зорилгоор “Хог хаягдлыг ангилан ялгах, дахин боловсруулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх” санал ирүүлэхийг өнгөрсөн хавар нийслэлийн зүгээс олон түмэнд уриалсан.
Энэ нь ч үр дүнгээ өгсөн билээ. Тухайлбал цаас, хуванцар, гялгар уут боловсруулах үйлдвэр байгуулах санал тав, шатаах болон пиролизын аргаар хог боловсруулах үйлдвэр найм, барилгын хог хаягдал боловсруулах үйлдвэр тав, хог ангилан ялгах цех байгуулах хоёр санал ирсэн байх жишээтэй. Энэ тал дээр ирээдүй буйг харуулж байна. Хог боловсруулах үйлдвэрүүдийн төслийн танилцуулга, үнэлгээг Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж шийдвэрлэсэн нь үүнийг илтгэх. Эхний шатанд 15, дараагийн шатанд таван байгууллагын хаягдал цаас, барилгын хог хаягдал, хуванцар, хаягдал дугуй боловсруулах үйлдвэрийн санал дэмжигджээ.
Нарийвчлан үзвэл Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хурлаар хаягдал цаас үйлдвэрлэх нэг, хуванцар хаягдал дахин боловсруулах хоёр үйлдвэрийн санал дэмжигдэж НИТХ-д өргөн барихаар болсон байна. Төр хувийн хэвшлийн хамтран ажиллах санамж бичиг батлагдсанаар хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрийг байгуулах ажил нь концессийн гэрээгээр зохицуулагдана гэсэн үг.
Харин одоо Улаанбатар хотод үйл ажиллагаа явуулж буй хог боловсруулах үйлдвэрийн талаар товч өгүүлье. Хогны уутыг дахин боловсруулах чиглэлээр Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэг дээр “ТЧМ”, “Сан-Оргиу” ХХК-иуд хоёрдогч түүхий эдийн хөдөлмөр эрхлэгчдийн холбоотой хамтран ажиллаж байгаа аж.
Тухайлбал тус холбоо нь төвлөрсөн хогийн цэгүүд дээр аваачиж байгаа дахин ашиглаж болох гялгар уут болон бусад түүхий эдийг /хуванцар эдлэл/ “ТЧМ” ХХК-д нийлүүлж байна. “ТЧМ” ХХК нь хог хаягдлыг дахин боловсруулж траншейны таг, сандал, хогийн сав, хайс, хашаа, замын тумба зэргийг үйлдвэрлэж байгаа юм билээ.
Тус компани нь Төмөр замын хэрэг эрхлэх газарт гэрээний дагуу 3000 ширхэг төмөр замын хориг хашааны шон, Багануур дүүргийн Цэцэрлэгт хүрээлэнд 1000 м хашаа, Борнуурын автозамд 360 тумба, ОСНААУГ, “Атмор” ХХК-д нийт 1000 траншейны таг нийлүүлсэн байна. Мөн “ТЧМ” ХХК нь Улаанбаатар хотын ЗАА- ны захиалгаар Энхтайвны гүүрний өгсөж буух хэсэгт байрлуулах 400 у/м хашаа нийлүүлэх ажлын гүйцэтгэгчээр ажиллаж буй..
“Сан Оргиу” ХХК нь энэ оны 10 дугаар сарын байдлаар 350 тн гялгар уутыг дахин боловсруулж 350 сандал, 580 траншейны таг, 1200 гаруй төмөр замын шон, ногооны торон хашаа 8600, замын тумба, хурд сааруулагч зэргийг үйлдвэрлэж төр, хувийн хэвшлийн байгууллагуудад нийлүүлжээ. “ТЧМ” ХХК нь Сонгинохайрхан дүүрэг, Улаанчулуутын хогийн цэгт хаягдал гялгар уут, хуванцар савыг дахин боловсруулж сандал, траншейны таг, хашаа, хашааны шон, хогийн сав, автозамын тумба, хурд сааруулагч зэргийг үйлдвэрлэж байна.
Багахангай дүүргийн үйлдвэрлэлийн бүсэд “Алтан оршихуй” ХХК-д хаягдал дугуй, машины ажилласан тос боловсруулж дизель түлш үйлдвэрлэх зориулалтаар гурван га газрыг олгосон юм билээ. Тус байгууллагын “Ахуй мандал” үйлдвэр нь хоногт найман тонн дизель түлш үйлдвэрлэж байна. Машины ашигласан моторын тосыг нэг литрийг 200- 300 төгрөгөөр худалдан авч 600 тн тос нөөцөлж, үүнээс 100 тн тосыг дахин боловсруулж 80 мянган түлш үйлдвэрлэсэн байна.
Үйлдвэрлэсэн түлшийг нь үйлдвэрлэлийн үйл ажиллагаа болон бүтээгдэхүүний чанарыг тогтоох туршилтад хэрэглэж байгаа. Тус компани нь үйлдвэрлэж буй түлшийг өөрсдийн техник хэрэгсэл, тухайлбал таван тоннын ачааны машинд туршилтаар 1000 км-т 1000 гаруй л түлш хэрэглэсэн. Хаягдал резин, дугуйг 600 тонныг татан авч нөөцөлсөн ба резин дугуйг дахин боловсруулах цехийг ирэх онд нэмж байгуулахаар төлөвлөжээ.
Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэг дээр “Хог хаягдал ангилан ялгах, боловсруулах, хатуу түлш үйлдвэрлэх үйлдвэрийг Солонгосын Койка Олон улсын байгууллагын 3.5 сая америк долларын хөрөнгө оруулалтаар 2011 оны 12 дугаар сард байгуулсан. Саяхан улсын комисс үйлдвэрийг хүлээн авч, түүнээс 40 тн буюу 50 хувийг / хуванцар, шил, металл зэргийг/ гар аргаар ангилан ялгах ба шатамхай хог /гялгар уут, цаас/-ийг ялган хоёр тн хатуу түлш /RDF/ үйлдвэрлэж үлдэгдлийг аль болох багасган дарж булах технологийн дагуу гүйцэтгэх юм.
Цагаандавааны хогийн цэг дээр гэхэд л ахуйн хог хаягдал боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийг бүрэн нийлүүлж, барилга угсралтын ажлыг хийж байна. Тус үйлдвэрийн захиалагчийн хяналтыг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас тавьж байгаа. Цагаандавааны хогийн цэг дээр нохой, муурны сэг зэм шатаах зуухны барилга угсралтын ажлыг “Эрэлт импекс” ХХК гүйцэтгэдэг.
Тус үйлдвэр ашиглалтад орсноор нийслэлийн хэмжээнд хоногт агнаж буй 300-400 нохой, муурны сэг зэмийг шатаах боломж бүрдэх юм. Нохойны арьсыг гэхэд л эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор “Дархан нэхий” ХК-тай хамтран ажиллаж эхэлжээ. Энэ мэт дурдвал цөөнгүй жишээ бий бөгөөд хогийг хаях бус ашиглах, боловсруулах дадал бидэнд сууж буй нь сайшаалтай биш гэж үү.
Эх сурвалж:
URL: