Утааны буруутан №3: Засгийн газар, Хотын захиргаа
- Ард түмэн чинь ядуураад олдсон бүхнийг түлж байна -
Засгийн газар, хотын удирдлагууд маань биднийгээ молигодох арга ухаанаа мөн ч нарийн олох юм даа. Өнгөрсөн жил Багануурын хортой утаатай нүүрсийг хотын гэр хорооллуудад шахаад золтой л багтрааж алаагүй. Тэгэхэд сайд, дарга нар “Хотын утаа буурч байна” хэмээн рекламдаж биднийхээ тархийг угаасан.
Түүнд итгэсэн хүн бараг байхгүй байх. “Н.Алтанхуяг, Э.Бат-Үүл хоёр мөн ч залж байна даа” гэж инээлдсээр л өнгөрсөн. Өнөө жил шахааны нүүрсний утаа улам их болсон. Зарим хороолол, гудамжинд гэгээн цагаан өдрөөр төөрчихмөөр байгааг, эрх баригчид мэдэрсэн байна. Рекламаа өөрчилчихөж.
“Хотын утаан дахь хорт бодисын агууламж 29 хувиар буурч” гэнэ. Биднийг лабораторигүй, шинжилж судлах боломжгүй юм болохоор дамшиглаж байгаа нь энэ. Түлдэг нүүрс, мод түлээ нь ижилхэн, дээрээс нь хаймер дугуй, машины утаа холилдоод хорт бодисын агууламж улам их болж баймаар юм.
Гэтэл яахаараа 30 хувь буурчихдаг байна аа. “Ногоон” намынхан “Хотын агаарын бохирдол хэвийн хэмжээнээс 19 дахин өссөн” гэж үнэн хэлэв бололтой. Эрхэм дээдэс манийгаа мал л гэж бодоод байна аа даа. Утааны гол буруутан Н.Алтанхуяг, Д.Эрдэнэбат, Э.Бат-Үүл, Д.Баттулга нарынхаа тухай өмнө нь “Утааны буруутан ¹1,2” цувралдаа бичсэн.
Эрхэм дээдсээс нийслэлийн захын хорооллоор явж, өлбөрч зовж байгаа айл өрхөөрөө ордог хүн бараг байхгүй байх. Харин сонгуулийн үеэр, урин дулаан цагт, телевизийн “түмэн” сурвалжлагч дагуулаад ганц, хоёр айлаар орж, инээдэггүй нь инээж, харамч нь өглөгчийн дүрд тоглож байхыг хэдэнтээ харсан юм байна.
Би өнгөрсөн бүтэн, хагас сайнаар хотын захын хэд хэдэн гэр хорооллоор явж, таньдаг таньдаггүй хүмүүстэй уулзаж ярилцлаа. Эрдэнэхүүгийн Ламжав гуайнх Баянхошууны задгайд хомоолон чинээ гэрт амьдарч байна. Хөгшин, ач охинтойгоо гурвуулаа гэнэ. Гадаа түлээ нүүрс гэх юм бараг алга даа.
Тэтгэврийн хэдэн төгрөг хаанаа ч хүрдэггүй. Тураг махыг бол сардаа нэг л удаа олж иддэг гэх. Түлээ нүүрс авах мөнгөгүй, түрүү жил хаягдал дугуй 200-300 төгрөгөөр авч, жижиглэж түлдэг байсан чинь нөгөөх засварын газар нь үнээ нэмээд 400-500 төгрөг болгочихсон. Авах хүч хүрэхээ больсон гэнэ.
Дугуйтай хамт түлэх мод, аргал зайлшгүй хэрэгтэй болдог аж. Ламжав гуай бараг өдөржин явж уруйд урссан бургас шилмүүс түүж ирдэг. Зун бол адууны хөх хомоол шиг сайн түлш байхгүй гэнэ. Утаагүй, чанартай сайн түлш гэж магтаж байна. Намар аргал, хоргол түүж хатааснаа одоо түлээд барагдаж байгаа гэх.
“Ес эхлээгүй байхад түлшээ барчихаад одоо яана даа” гэсэн чинь “Хог дээрээс шатааж л болдог бүх зүйлийг авчирч түлнэ дээ” гэж байна. Ламжав гуайнхаас нэлээд зайтай, тал хашаанд хэдэн гэр байсны зүүн талын дөрвөн ханатад орлоо. Өрх толгойлсон эмэгтэй Долгорсүрэнгийнх гэнэ.
Өвгөн нь “Дархан” Уламбаяр (Улмаа) гэж гарын уртай дархан хүн байгаад өөд болсон аж. Хүүхдүүд нь хотод, бас хөдөө ч байдаг гэнэ. “Тавиул” гурван жаалтай дөрвүүлээ амьдардаг юм байна. Өнөө жил нэг портер нүүрс авсан, одоо дундаа орж байгаа гэнэ. “Түлшний мод л үнэд орчихоод тэсэхгүй юм.
Хувийн модчингууд үүгээр явна аа. Хатсан сайхан мод авч түлдэг байсан чинь нэг удаа модноос маань хадаас, хар улаан даавууны өөдөстэй гарсан. Булш ухаж, хайрцагных нь модыг бидэнд түлш болгож өгдөг байж. Түүнээс хойш бид хувийн модчингоос түлээний мод авахаа больсон” гэж байна. Захын хорооллынхон ийм ядуу амьд рал- тай байгаагаас энэ өвлийн хүйтэнд хөлдөж үхэхгүйн тулд гартаа тааралдсан бүхнийг түлж байна.
Зарим айл, боодлын цаас, хайрцаг, дээврийн хуучин хар цаас хүртэл түлшиндээ хэрэглэдэг гэнэ. Энэ бол ядуугийн зовлон! “Чингисийн Монголын үр сад, эцэг дээдсийнхээ үлдээсэн буян, өв хөрөнгийг гадныханд ухуулаад дуусч байгаа, энэ гурван сая хүрэхгүй хүний байгаа царайг” хэмээн элэг ээдэж явлаа.
Хотын утааны багагүй хувийг нийслэлд нуугдмал ажилладаг хувийн тоосго, асфальт, арьс шир, төмөр, цаасны үйлдвэрүүдийн утаа эзэлдэг юм. Тэр битгий хэл өнгөрсөн жилээс Гүнтийн зуслангийн айлуудыг нүүлгээд давсны том үйлдвэр барьж байгаа сураг бий. Дарга, сайд нар ард нь байдаг, голдуу хятад эзэнтэй хэдэн зуун үйлдвэрийн хорт утаа нийслэлийн агаарыг бохирдуулж байгаа ч тэгтлээ ил гаргадаггүй нууж байдаг гэнэ.
Эдгээр үйлдвэрийн зөвхөн утаа нь нийслэлийн хэдэн цахилгаан станцын утаанаас 5-10 дахин их гэж тооцоолсон зарим судалгаа ч байдаг юм байна. Эдгээр үйлдвэрийг хотоос гаргах талаар удаа дараа ярьж, нүүх, суухдаа хүрдэг боловч дээрээс нэг дарга нь утасдаад л болиулчихдаг гэсэн яриа байна.
Хотын утааны багагүй хувийг гаргаж байгаа хувийн энэ үйлдвэрүүдийг хотоос гаргах тухай ярьдаггүй нууцалдаг хэрнээ ард түмний амин чухал хэрэгцээг хангаж байдаг хэдэн том захыг нүүлгэх гэж нүд үзүүрлээд байдгийн цаана улс төр, эрх мэдлийн хуйвалдаан явагдаж байдаг гэх.
Өнөөгийн Засгийн газар, хотын удирдлагын баримталж байгаа гол бодлого утаатай, утаагүй байх нь хамаагүй. Ардчилсан намынхнаас бусдыг бол хотоос гаргах, утаатай ч бай сан өөрийн намынхан, дэмжигчдийнхээ үйлд вэр, аж ахуйн газруудыг нийслэлд байлгаад байх бодлого барьж байгаа гэх хүн олон таарч байна.
Тэр дундаа хятад эзэнтэй үйлдвэрүүд бол бүр дархлагдсан гэнэ. Ийнхүү ядуурал, эрээ цээргүй улстөржилтөөс болж хотын утаа мөддөө буурахгүй юм шиг байна. “Хорт бодисын агууламж буурлаа” гэдэг ч эрх баригчдын ээлжит тархи угаалт гэцгээж байна.
Өдөрт бид этилт хар тугалга, нүүрс устөрөгч, азотын ислүүд, нүүрс устөрөгчийн дутуу ислүүд зэрэг 270 гаруй төрлийн хорт бодисоор утуулж байдаг гэх. Үүнээс нүүрс хүчлийн агууламж хүний эрүүл мэндэд нөлөөлж болох хэмжээнээс 2.6 дахин, хүхрийн ангидрид 2.8 дахин их байгаа юм.
Ямар аюултай үзүүлэлт болохыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага сануулсаар атал утааг бууруулах талаар дорвитой алхам хийхгүй, тэрбум тэрбум мөнгөөр нь танил талаа тэжээсээр дуусгаж болох уу даа?! Монголчууд, тэр дундаа нийслэлийнхэн ингэтлээ ядуураагүй байсан бол ядаж л хамгийн хортой дугуй түлж амьдрахгүй шүү дээ.
Сүүлийн үед Монголын статистик Ерөнхий сайд Н.Алтанхуяг гэж хүний “халаасанд” явах болсон гэцгээх юм. Иргэдийнхээ цалин, тэтгэврийг сохор зоосоор ч нэмээгүй байж, дундаж цалин 900000 төгрөг болчихож гэнэ. Олон зуу мянган хүний тэтгэвэр тэтгэмжийг нэмчихэж гэнэ.
Хотын утаан дахь хорт бодисын агууламж 29 хувиар буурч гэнэ. Валютын төгрөгтэй харьцах ханш 1700 гараад явж байсан чинь УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж Н.Алтанхуягийг огцруулах асуудал хэлэлцэнэ гэхээр гэнэт 1600 болдог байгаа.
Ерөнхий сайдыг огцруулахгүй өнгөрсөн чинь эргээд одоо 1740 болчихоод явж байна. Монголын эдийн засаг, банк санхүүгийн бодлого, багтаж ядсан их мөнгө, энэ л хүний үзэмжээр, гарын сарвуугаар урсч байх шиг.
Тэгтэл ард түмэн нь хэтэрхий ядуурч, хог түүж, хорт утаанд утуулаад үхэх нь үхэж, амьдрах нэг нь эрэмдэг зэрэмдэг болоод явж байна гэдэг дэндүү харамсалтай биш үү? Н.Алтанхуяг, Э.Бат-Үүл хоёр маань сонгуульт хугацааныхаа гуравны нэгийг авах гэж байна. Тэгтэл та нарын хийж байгаа ажил олон түмэнд чамлагдсаар.
Хэдэн замын уулзвар өргөтгөлөө. Хэнд ч хэрэггүй ногоон уутанд гурван тэрбум төгрөг зарлаа. Хотын төв хэсгийг эрээн цэцэгжүүлж гандаалаа. Яармагт хэдэн краказ зангидчихаад орой болгон зурагтаар рекламдаж байна. Энэ байтугай ажлыг чинь урд үеийн, хотын бүх дарга нар хийж байсан юм шүү.
Тэд харин “Их бүтээн байгуулалт” гэж нэрлэхээсээ ичдэг байсан юм. Та нар үнэхээр шинэчлээд их бүтээн байгуулалт хийчихсэн бол, би үзэгнийхээ үзүүрийг ингэж элээж суухын хэрэггүй шүү дээ.
Хотын утааг мэдэгдэхүйц бууруулчихсан бол, хөрс усны бохирдлыг ядаж 20-30 хувь багасгаж, ТЭЦ-5-ынхаа шавыг тавиад барьж эхэлсэн бол, үерийн далан суваг шуудуунуудаа найдвартай хийчихсэн бол, ундны усны эх булгаа өргөтгөж хамгаалалтад авсан бол, төсөв хөрөнгө гадны зээлээр орж ирж байгаа асар их мөнгийг бага ч гэлээ ард түмэнтэйгээ хувааж идсэн бол, дан зугаа цэнгээний газарт зориулж байгаа их хөрөнгөө цэцэрлэг сургууль, эмнэлэгт зориулсан бол, над мэтийн настай хүн дуугүй л байх байсан.
Даанч тэгсэнгүй. Би, утаагүй нүүрсээ гадныханд хамгийн хямд өгчихөөд хамгийн их утаатай, хортой нүүрсээр утуулж суугаа бүх хүн, тэр дундаа хүүхэд залуусынхаа хувь заяаны төлөө, өөрийн эрхгүй энэ муу үзгээ шүүрч аваад байгаа юм. Болгоотугай.
Г.ЖАМЬЯН
Соёлын гавьяат зүтгэлтэн
Эх сурвалж:
URL: