Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын амь насанд заналхийлсэн гэдгийг Тагнуулынхан нотоллоо
Сүүлийн үед Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын амь насанд халдахыг оролдсон гэх шуугиан дэгдээд байгаа. 5-р сарын 1-ний өдөр Төрийн тусгай хамгаалалтын газрын ахлах ажилтан, хошууч Б.Батбилэг энэ талаар ТЕГ-т албан бичиг хүргүүлсэн гэх мэдээлэл хэвлэлд гарсан нь асуудлыг дэвэргэсэн. Харин ТЕГ-ын Олон нийттэй харилцах албаны дарга А.Батбилэг “Нийслэл таймс” сонины сурвалжлагчид ийн хариулжээ.
-Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг заналхийлсэн гэх мэдээлэл байна. Энэ мэдээлэл үнэн эсэхэд хариу өгөөч?
-Өнөөдөр /өчигдөр/ зарим нэг хэвлэлд тийм мэдээлэл гарсан байна. Гэхдээ манайд мэдэгдсэн юм одоогоор алга. Уг мэдээллийг гаргасан сонины редакцитай холбоо барьж, мэдээллээ хаанаас авсныг лавлахаар сууж байна. Мөн Н.Энхбаярын аминд халдахыг завдсан эсэх талаар холбогдох албаны хүмүүсээс лавлах болно.
-Тэгэхээр энэ мэдээлэл худлаа гэсэн үг үү?
-Н.Энхбаярыг заналхийлэх явдал байгаа л юм шиг байна билээ. Гэхдээ манайд яг тодорхой мэдээлэл ирээгүй учраас ямар нэгэн тайлбар өгөх боломжгүй байна. Н.Энхбаяр төрийн өндөр тушаалтан болохоор угаасаа хамгаалалтад байдаг.
-ТЕГ-т Төрийн тусгай хамгаалалтын газрын ахлах ажилтан, хошууч Б.Батбилэг гэх хүн хүсэлт хүргүүлсэн гэх мэдээлэл байгаа?
-ТЕГ, ТТХГ гэдэг бол нэг байгууллага шүү дээ. Манайд шалгаж өгөөч гэсэн хүсэлт ирээгүй.
ТЕГ-ын Олон нийттэй харилцах албаны дарга А.Батбилэгийн хэвлэлд өгсөн хариултаас харахад “Н.Энхбаярын амь насанд халдана” гэсэн мэдээлэл оргүй хоосон зүйл биш гэдэг нь нотлогдож байна. Харин энэ талаарх мэдээллийг олон нийтэд ил болгохгүй далдалж байгаа нь хачирхалтай байна. Сүхбаатарын талбай дээр хэд хоногийн өмнө болж өнгөрсөн Их хуралдайн үеэр Н.Энхбаяр ирэх гэж байснаа болилоо, учир битүүлгээр татгалзлаа гэх мэдээлэл жагсагчдын дунд гарч байсан. Түүний амь насанд халдах гэсэн оролдлого гарсан учраас ийнхүү олны өмнө ил гарч ирэхээс татгалзсан байж болзошгүй байна. Харин ерөнхийлөгч асан Н.Энхбаяр өөрөө энэ талаар албан ёсны хариулт өгөөгүй байна.
Сурвалжлагч Д.Билгүүн
Zindaa.mn
URL: