Замын цагдаагийн тендерт Ерөнхий сайдын нөлөө ороогүй гэв

5d3d5696a8dd19d736f2d47ebf4f8a6d_LДолоо хоног бүрийн пүрэв гарагт болдог “Ерөнхий сайдын 30 минут” уулзалт өнөөдөр Төрийн ордонд боллоо.

 Ерөнхий сайд уулзалтын эхэнд уламжлал ёсоороо өнгөрсөн 7 хоногт улс орны хэмжээнд хийсэн томоохон бүтээлч ажлуудыг нэрлэв. Үүнд, Ховд-Манхан чиглэлийн 85 км, Увс аймгийн Наранбулагаас Хяргас нуур хүртэлх 100 км зам ашиглалтад орсон. “Шинэчилж шийдье-222” уулзалт хэлэлцүүлгээ “Шилэн тендер-2014” сэдвийн дор зохион байгуулж, ирэх онд хэрэгжүүлэх төслүүдээ нээлттэй зарлалаа гэсэн мэдээлэл өгөв.

Замын цагдаа зөрчил гаргасан жолоочийг бэлэн мөнгөөр торгохоо больсон. Тусгай зориулалтын уншигч, хэвлэгчийг ашиглан, зөрчил гаргасан жолоочид газар дээр нь торгуулийн хуудас хэвлэж өгч байгаа. Эдгээр тоног төхөөрөмж нийлүүлэх тендерийг хууль бусаар зохион байгуулсан гэдэг үнэн үү гэсэн сэтгүүлчийн асуултад Худалдан авах ажиллагааны газрын дарга Д.Энхжаргал дараах хариултыг өгсөн юм. Тэрбээр, УИХ-ын Төсвийн байнгын хорооноос улсын төсвийн хөрөнгөөр Шинэчлэлийн хөтөлбөр хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын жагсаалтыг хавсралтаар гаргасан. Энэ хүрээнд Замын цагдаагийн торгуулийг бэлнээр төлдөггүй тасалбарын систем нэвтрүүлэх тендерийг манай байгууллагад эрх шилжүүлж бид зохион байгуулсан. Тэрбум 800 сая төгрөгөөр нийлүүлэх энэ тендерт 5 аж ахуйн нэгж оролцсоноос нэг нь шалгарсан. Тендерт ялагдсан нэг аж ахуйн нэгж Сангийн яаманд гомдол гаргасан бөгөөд гомдлын дагуу Сангийн яам шалгаж үзээд захиалагч энэ тендерийг зөв үнэлсэн гэдгийг баталгаажуулсан гэсэн тайлбарыг Д.Энхжаргал өгсөн юм. Мөн энэ тендерт Ерөнхий сайд оролцоогүй гэсэн мэдэгдлийг давхар хийв.

Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн хэлэхдээ Замын цагдаагийн торгуулийг бэлнээр төлдөггүй болсон нь том шинэчлэл. Олон нийтэд эерэгээр  хүрч байгаа ийм мэдээллийг сөрөг болгох сонирхолтой хүмүүс байна. Энэ мэт цуурхал тарааж байгаа хүмүүсийг шүүхэд өгнө гэж Ерөнхий сайд хэллээ.

Төмөр замын царигийн талаарх асуусан сэтгүүлчийн асуултад Ерөнхий сайд ”Энэ сарын 18-нд ОХУ, БНХАУ, Монгол гурван улсын хамтарсан төмөр замын хөгжлийн асуудлаарх зөвлөлгөөн манай улсад болно. Монголын төмөр замын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх, хэрхэн хамтарч ажиллах талаар ярилцана. Үүний дараагаар төмөр замын царигийн асуудлыг ярина” гэж хариуллаа.

 

Б.Туул montsame


URL:

Сэтгэгдэл бичих