ЦЕГ, Шүүх байгууллага гэмт хэргийн, шалгах үйл явцын тухай мэдээлэл өгөхгүй нь
Ирэх оны нэгдүгээр сараас эхлэн гэмт хэргийн тухай мэдээллийг Прокурорын байгууллагаас өгөх болсонтой холбогдуулан Нийслэлийн прокурорын газрын, Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ц.Мөнхбаттай цөөн хором ярилцлаа.
-Прокурорт шалгагдаж байгаа хэргийн талаар мэдээлэл маш бага гардаг. Тиймээс гэмт хэргийн мэдээллийг тогтмол өгөх боломж бий юу?
-Прокурорын байгууллага нь эрүүгийн хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах үүрэгтэй, бүхий л үйл ажиллагаагаа төрийн нэрийн өмнөөс явуулдаг бие даасан байгууллага. Прокурорт АТГ, ЦЕГ, УМБГ-ын онц ноцтой томоохон хэргүүдийг шалгадаг учраас, ямарваа нэг хэргийн талаар нийтэд мэдээлэх үйл ажиллагаанд хянуур хандах хэрэгтэй. Шалгагдаж байгаа хэргийн талаар мэдээлэл цацагдах нь хэргийг шалгах явцад саад учруулах, удаашруулах цаашлаад гаргах шийдвэрт өөрчлөлт оруулах, гэрч хохирогч аюулд орох хүртэл үр нөлөө үзүүлж болдог. Тиймээс зөвхөн тухайн хэргийг шалгаж байгаа прокурорын зөвшөөрлөөр боломжтой гэж үзсэн мэдээллийг нийтэд хүргэх юм.
-Прокурорын зөвшөөрсөн боломжтой хэмжээ гэдгийг тодруулахгүй юу?
-Гэмт хэрэг бүр өөр өөр. Тухайн хэрэг нь аллагын хэрэг үү, авлигын хэрэг үү гэдгээс шалтгаалж прокуророос өгөх мэдээллийн боломжтой хэмжээг тодорхойлно. Тиймээс яг тодорхой тогтсон хэмжээ гэж байхгүй. Ерөнхийдөө мэдээллийг нарийвчилж өгөхгүй гэж ойлгож болно.
-ЦЕГ-аас өгч байгаа мэдээлэл нь прокуророос зөвшөөрөгдсөн мэдээлэл гэж ойлгох уу?
-ЦЕГ-аас өгч байгаа мэдээллийн тухайд хэрэг бүрийг хариуцсан прокуророос зөвшөөрөл авдаг гэдэгт итгэлгүй байна. Энэ нь нэг ёсондоо хууль зөрчиж байгаа хэрэг юм. Тиймээс энэ асуудлыг шинээр батлах Гэмт хэргийн тухай хуульд нарийн зааж оруулсан.
-Гэмт хэргийн тухай хуулийн заалтад яаж туссан бол?
-Гэмт хэргийн тухай мэдээллийг зөвхөн Прокурорын байгууллагаас нийтэд мэдээлнэ гэж заасан. ЦЕГ болон Шүүх байгууллагаас мэдээлэл өгдөг тогтолцоог халж байгаа юм. Ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс эхлэн дээрх байгууллагууд ямарваа нэг гэмт хэргийн тухай, шалгах үйл явцын тухай мэдээллийг өгөхгүй. Харин Прокурорын газраас өгч эхэлнэ.
-Нийслэлийн прокурорын газрын хийж буй ажлаас дурьдвал?
-Прокурорын байгууллага нь зөвхөн гэмт хэрэг шалгах бус, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг хийдэг. Тухайлбал гэмт хэргийн гаралтын судалгаа, судалгаанд тулгуурласан зөвлөмж чиглэл гаргах гэх мэт. Мөн прокурорын алба хаагчдад хяналт тавьж байна. Өнгөрсөн хугацаанд мөрдөн байцаах ажиллагааны үед баримт хангалтгүй цуглуулсан гэх шалтгаанаар 21 прокурорт сахилгын арга хэмжээ авсан. Нийслэлийн прокурорын газраас албан шаардлага хүргүүлж 25.2 тэрбум төгрөгийн хохирол төлүүлж, 101.5 тэрбум төгрөгийн эд хөрөнгө битүүмжлэн улсад хүлээлгэн өгсөн.
-Энэ онд нийт хэдэн хэрэг шалгагдав?
-Долоо хоногийн өмнөх мэдээллээр, Нийслэлийн прокурорт 914 хэрэг хянаж шалгаснаас 400 орчим хэргийг яллах саналтайгаар харьяа шүүх байгууллагад шилжүүлсэн. Мөн 223 хэргийг шинээр үүссэн нөхцөл байдлын улмаас түтгэлзүүлээд байна.
-Одоогоор улсын хэмжээнд хэдэн хорих анги үйл ажиллагаа явуулж байна вэ? Хүмүүжигчдийн бодитой тоо бий юу?
-Манай улсын хэмжээнд 14 хорих анги ажиллаж байна. Нийслэлийн прокурорт харьяалагдах хорих ангиудад нийт 3115 ялтан ял эдэлж байна.
-Хорих анги хүний эрх зөрчдөг гэж ярьж бичдэг. Хүмүүжигчийн эрхэнд халдах тохиолдол гарч байв уу?
-Нийслэлийн прокурорын газар, Хүний эрхийн үндэсний комисстой хамтран ажилладаг. Хорих ангид хүний эрх зөрчиж байгаа эсэхэд манай прокурорууд тогтмол шалгалт явуулдаг. Энэ хугацаанд хүмүүжигчийн эрх зөрчигдсөн тохиолдол гараагүй.
-Хорих ангийн хүмүүжигчид гар утас хэрэглэдэг талаар мэдээлэл гарах болсон. Энэ талаар тайлбар өгнө үү?
-Хорих ангийн дотоод журамд гар утас хэрэглэхийг хориглосон байдаг. Гэвч энэ зөрчил хамгийн их гардаг. Ялтнуудад хяналтыг бүрэн хэмжээнд тавихгүй байгаатай шууд холбоотой. Тиймээс прокуророос шалгалт явуулсан, ингэхэд гар утас хорих ангид нэвтэрч, ялтнууд утас хэрэглэж байгаа нь шоронгийн хуяг, ажилчидтай холбоотой болох нь тогтоогдсон. Тиймээс энэ явдлыг таслан зогсоох тал дээр арга хэмжээ авна.
Б.Гантуяа montsame
URL: