Ухаалаг төр рүү хүрэх замд

img.php27272Иргэний бодрол

Монголын төр эзэнт гүрнээсээ эрхэм гишүүд хүртлэх олон зуун жилийн явцад улс төрийн хувьд ээдрээтэй, урт зам туулсан түүхтэй. Нэр сүр нь цуурайтаж, нэгэн үе уруудан доройтож, бусдын эрхэнд орж, сэргэн мандаж, бас өрөөлийг үг дуугүй дагаж ч үзлээ. Ухаалаг байсан ч үе бий, ургашгүй байсан ч үе бий. Түүхийн урт амьдрал дунд гишгэсэн мөр, гээсэн ухаанаа эргүүлэн олж өнөөгийн байдлаа дүгнэн, өмнөө зорилт тавьж буй “Том төрөөс ухаалаг төр лүү” үндэсний зөвлөлдөх уулзалт болж өнгөрлөө. Төдөлгүй өрөөсөн дугуй нь салж унах гэж буй дайчаа тэрэг шиг болсон төрийн механизмаа шинчлэх замаар төрөө төлөвшүүлэхэд чиглэсэн энэ хэлэцүүлэг монголын иргэн бүрийн ухамсарт хандсан асуудал хэмээн бодном. Би жирийн нэгэн гэдгээ урдаас хэлж энэ талаар иргэний бодлоо хүргэе.

 

МУ-ын Ерөнхийлөгчийн гаргасан энэ хэлэлцүүлэг цаг үеэ олсон зөв санаа хэмээн, өнөөгийн төрийн эл байдал цааш үргэлжлэвэл Монголын төр олигархи бүлэглэлүүдийн нөлөөнд орж ардчилсан тогтолцоогоо алдах аюултай тулгарч болзошгүй юм. Ерөнхийлөгчийн энэ санааны гол агуулга нь монгол хүн бүрийн толгойд бий боловч олон нийтээр хэрэгжүүлэх гэхээр болж өгдөггүй, төрийн хууль, хяналтын байгууллагууд нь үүнээс хөндий, үйл ажиллагаа нь маш удаан байсан юмаа. Иймээс МУ-ын Ерөнхийлөгч эл байдлыг бодит байдлаар илчлэн, албан ёсоор төрийн бодлогын хэмжээнд гаргаж тавьсан нь онцгой ач холбогдолтой хэмээн бодном. Одоо энэ санааг бид хэлбэрдүүлэлгүй, шоу үзүүлбэр болголгүй агуулгын хувьд нь хэрхэн хэрэгжүүлж чадах вэ гэдэгт л асуудлын гол нь байна. Төр ухаалаг байхад чухам юу саад болоод байна вэ гээд хайгаад байхад |миний бодлоор шүү дээ| эргээд л доорхи хэдхэн асуудал дээр тунраад байдаг юм. Иргэд бид ухаалаг төрд ямар үүрэгтэй юм бэ. Ухаалаг иргэнтэй байж л ухаалаг төр бүрдэх нь мэдээж хэрэг, эс тэгвээс бид өөрсдөө “ухаангүй ноёны ургашгүй албат” болчихно шүү дээ. Ухаалаг иргэн гэхээр манайханд олон хэлтэй, гадаад, дотоод дээд сургуулийн диплом, эрдмийн талаар авч болох бүх цол дэвтэй хүний тухай л ой санамжид нь буугаад байдаг юм. Мэдээж түүн дээрээ бие хүн нь өөрөө байж чадвал үүнээс сайн зүйл огтхон ч үгүй. Гэхдээ энд нэг л юм дутаад байдаг юм. Ухамсар, хүмүүжил, ёс суртахуун талаасаа шүү дээ. Ухаалаг иргэн гэвэл эх оронч, ёс жудагтай, монгол соёл заншилтай, шудрага, мэдээлэл боловсролтой, нийгмийн амьдралд идэвхтэй оролцдог талаасаа гэвэл дүйх байх. Үүнийг бид өсвөр үедээ бага наснаас нь цуцаж шантралгүйгээр зааж сургаж, суулгаж чадвал энэ процессийн үргэлжлэл нь ухаалаг ёс суртахуунтай нийгэм бүрэлдэх эхлэл болно. Ухаалаг төр гэдэг миний төсөөлснөөр бол ш\ухааны онол, аливаа хуурамч доктрин ч юмуу сонгуулийн сурталчилгаа, улс төрийн тулгалт лоозон бус иргэн бүрийн итгэл шингэсэн өдөр тутмын хэрэглээ болж байвал сая мөн чанараа олж сая нийгмийн амьдралд ойртох учиртай байх. Ухаалаг төр рүү гээд л бүх юм амар сайхан болчихгүй нь мэдээж энэ бол төрийн төлөвшилд дөрөөлөх эхний шат   үүнээс цааш бидний өөрсдөө хэрэгжүүлэх асар их  ажил бий. Эхлээд бусдаас бурууг хайхын өмнө өөрийгөө гэвээс энэ  бүхэн биднээс л шалгаална.

Ухаалаг төр хэмээх тэр сайхан нэрийг бусдаар гуйж байж хэлүүлж дуудуулах бус төр өөрөө бүтээж бий болгох учиртай юм. Иймээс манай төрийн байгууллагууд өөрсдөө |төр засаглалын гол гурван өндөрлөг| чухам ямар байдлаар энэ асуудалд хандах вэ гэдгээс гол нь шалтгаалах буйзаа. Юуны өмнө төрийн байгууллагууд үйл ажиллагаагаа  ил тод байлган өөрсдөө хууль хяналтаа чандлан, шудрага, тэгш шуурхай болгож шаардлагатай үед төр засаг маань намайг баттай хамгаална гэх найдвар иргэддээ бий болгосноор  иргэдийнхээ итгэлийг эргүүлж олох хэрэгтэй болов уу. Ус балгасан мэт чив чимээгүй байж байгаад дур зоргоороо байгуулсан гэрээ, нууцаар хийсэн ажлаа тулгадаг дараа нь ямар нэг үл бүтэх зүйл гарахад түүнд нь төрийн түшмэдүүд маана л байнга хутгалдчихсан байдаг. Нөгөө талаас төр засаг хэрэгжүүлэх гэж буй ажлынхаа талаар тогтмол мэдээлэл хийж эрдэмтэд, мэргэжлийн хүмүүсийн зүгээс иргэдэд ш\ухааны үндэслэл бүхий тайлбар яриа байнга хийж асуудлыг ул суурьтай бүрэн ойлгуулж баймаар юм. Улс төрийн хүчний буюу мэргэжлийн бус хүмүүсийн байр сууриар гудамжинд иргэдээ жагсаахын өмнө шүү дээ. Иймээс хэрэгжүүлэх явц нь ул суурьтай судалгаатай, ардчилсан засаглалын зарчмаар зөвхөн хуулийн дор явагдах ёстой байхаа.

Төрд шургалсан бүл бүтэх хүмүүст хариуцлага тооцох. Энд авилга авсан, идэж уусан, төрийн хөрөнгөөр баяжсан, элдэв янзаар хууль зөрчсөн хүмүүсийг шалгаж хариуцлага тооцох боломжийг УИХ, ҮХЦ, ЗГ хууль хяналтын байгууллагуудад нээж өгч энэ асуудлыг шуурхай шийдэх. Удааваас төр өөрөө муудаж ялзрана. Хууль бус үйлдэл нь хүн бүхний нүдэнд илт байхад ”манайд энэ асуудлаар гомдол ирээгүй” гээд сууж байдаг цагдаа, хуулийн байгууллагатай төрийг яаж ухаалаг гэх вэ дээ. Нөгөө нэг учиг нь төрд орох үйл явц улс төрийн нам  хүчин, хувь хүнд тодорхой босготой мэргэжлийн боловсрол, гүйцэтгэх чадвараас гадна, ёс суртахуун, шудрага ёсны өндөр шалгууртай байх явдал. Төрийн албанд тэнцээгүй буюу хууль зөрчсөн ямар нэг асуудалтай хүмүүсийг сонгуульд оролцуулахгүй байхыг улс төрийн намууд хуулийн өмнө хариуцаж баймаар. Ерөөс эдгээр намуудын эрх мэдэл, өмч хөрөнгө, зардал мөнгө, авдаг хандив энэ бүхнийг хуулийн дор болгож тэднийг өөрсдөө хийсэн үйлдэлдээ өөрсдөө хариуцлага хүлээдэг болгомоор юм.

Өнөөгийн байдлаас харахад ухаалаг байх замд саад болж буй гол шалтгаан нь улс төрийн намуудын сонгуульд оролцож буй замбраагүй байдал тэндээс нам дагаж төрд гарсан олигархиуд, компанийн эздүүд, арга зальтнууд л байна шүү дээ. Мэдээж бүгдээрээ биш л дээ. Гэхдээ л ерөнхий дүр зураг нь нэг иймэрхүү. Тэнд өнөөдөр төрийн нэр дор, эрх мэдэл, албан тушаал, бизнес, зээл, тендер, лицензийн хувиарлалт явагдаж танил тал, ах дүү садангаараа талцсан байнга атаа жөтөө, хэрүүл оруулаар дүүрэн байна. Эндээс авилга дэлгэрэх нөхцөл боломж бүрдэж хуулийн дор бий болсон луйварчид төрийн өмчийг эзэнгүйдүүлж буйг төр өөрөө харсаар л сууна. Тэд гэмт хэрэг үйлдээд хариуцлага хүлээхгүй байгаа байдлаас харахад эдгээр түшээдийн буруугаас нийгэмд үүссэн хор уршиг, түүний үр дагавар нь улс төрийн бодлогоосоо хэтрээд бүр давж гарчихаад байна. Үүнээс үүдэж юу хэлэх гээд байна вэ гэхээр ерөөс манай компаниуд хувьцаа эзэмшигчдийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх эсэх нь тэдний өөрсдийнх нь дурын хэрэг болчихсон байна. Өөрсдийнхөө үйл ажиллагааны талаар хувьцаа эзэмшигчдээ ямарч мэдээлэл өгдөггүй, татаж төвлөрүүлсэн иргэдийнхээ хувьцааг зөв менежментээр удирдаж өсгөх үндсэн үүргээ биелүүлдэггүй, ашиг хувиарладаггүй, түүнийхээ төлөө компани болон түүний удирдлага нь ямар ч хариуцлага хүлээдэггүй, хуулийн дээр дураараа дургидаг онцгой эрхтэй тэр нь бүр үлэгшээд чулуужчихсан байгаа. Тэд төрд тангараг  өргөж орж ирчихээд өөрийн компани шигээ л ажилдаг. Энд хуулийн зохицуулалтгүй байна. Өнөөдөр эдгээр компаниуд иргэдэд хувьцаагаараа хөлжих боломж нөхцөл бүрдүүлсэн үү? Иргэдийнхээ оруулсан хөрөнгө /хувьцаа/, хадгаламжийг эрсдэлд оруулахгүй баталгаатай байлгахад хариуцлага хүлээх чадвар Монголын Хөрөнгийн бирж, Арилжааны банкуудад бий юу? Энэ хорь гаруй жилийн явцад хувьцаа эзэмшигчдээ дэмжин тэдэндээ амьдрах орчин бизнес орон зайг бүрдүүлэн ногдол ашиг хувиарладаг компани Монголд хичнээн бий болсон бэ гэх мэт олон асуулт хариу нэхсэн хэвээр байгаа. Нөгөө талаас төрийн мэдлийн бүх компаниудын захирал нь төрийн эрх барьж буй улс төрийн ээлжит хүчний, ээлжит томилгооны хүмүүс байж нэг хэсэгтээ төрийн өмчийг баахан самарч бүр тэгэх ёстой юм шиг бүгд алдагдалтай ажиллаж байгаад л мөн л ямарч хариуцлага хүлээхгүй гараад явчихдаг болсон. Арилжааны банкууд нь дампуурч алдагдлаа төрөөр төлүүлж тэндээс тэрбумтнууд төрдөг явдал хэвшил болчихсон байгааг иргэд бид харсаар олон жил боллоо. Иргэдийн бизнест төр өөрөө  дайран орж гацаа дарамт тавих хүнд суртлаар хандах бус бус зээлийн, гаалийн, татварын гэх мэт бодлогоороо хөнгөлөлт үзүүлдэг бүх талын төрийн хийх ёстой зохицуулалт үгүйлэгдэж байна. Эдгээр асуудлыг шийдэхгүйгээр ухаалаг төр байх боломжгүй. Иймээс ухаалаг төр гэдэг бол шудрага бөгөөд тэгш үйлчлэх хуулийн хариуцлагатай төр байна гэсэн үг юм.

Хариуцлагтай төр бол мэргэжлийн шудрага албан хаагчид, шуурхай үйлчилгээтэй, бурууд хариуцлага тооцдог, хэлсэн ярьсан, хийсэн гэрээ хэлцлээ хариуцан түүнийнхээ ард баттай зогсдог ёс зүйтэй байдаг. Хэн нэгэн төрийн албанд орсныхоо дараа ажлаа орхиод гадаадад явж туршлага судалж, мэргэжлээ дээшлүүлэн, хэлний курсэд сурдаггүй тэнд төрийн үйл хэрэг явуулах бүрэн мэдлэг, чадвартай бэлэн хүн шууд л ажилдаа ордог гэдгийг санах хэрэгтэй байх. Төрийн түшээд бол өндөр эрх мэдэлт ноёнтон гэгээнтэн бус иргэдэд үйлчлэхээр төрдөө тангараг өргөж гарч ирсэн албан хаагч, алдаа гаргасан нь солигдож сайжирч байх учиртай гэдгийг аль аль талдаа ойлгож хэвших нь ухаалаг болох ёс зүйд нийцэнэ. Аль ч улс оронд төр засаг бол байнга л солигдож өөрчлөгдөж байдаг зүйл л дээ. Энэ бол мөнхийн хөдөлгөөнт үйл явц юм. Өөрчлөгдөж солигдох явцдаа ухаалаг, шинэлэг болж уу гэдэгт л гол агуулга нь бий. Нээлттэй нийгэмд өөрчлөлт шинэчлэл ийм л замаар явагддаг. Иймээс бидний өмнөөс хэн ч үүнийг хийхгүй бид өөрсдөө бүрэн ухаарч эл байдлаа өөрчилж бүрэн хэрэгжүүлэх шаардлагатай болжээ. Ажил хийвэл дуустал гэж.

Хагас дутуу хэрэгжүүлэх бол сайны ёр ерөөс биш. Ухаалаг байна гэдэг нь хагас ухаантай байна гэсэн үг бүр яавч биш.

Н.Бадарч. Арлингтон, Виржиния. АНУ.


URL:

Сэтгэгдэл бичих