Адууныхаа угшлыг мэддэг хэрнээ өөрсдийнхөө удмыг таньдаггүй монголчууд
Монголчуудын эртний заншил цаг үе өөрчлөгдөх тусам гээгдэж байна. Бид эрт үеэс удам судар, төрөл садандаа элгэмсэж ирсэн уламжлалтай. Харин сүүлийн үед бараг гурван үеэ ч мэдэхээ больсон гээд хэлчихэд хилсдэхгүй. Хүн бүр өөрөөсөө дээших есөн үеийг мэдэж байх учиртай. Есөн үе өнгөрч байж цусан төрөл холддог гэж хөгшчүүл захидаг. Гэтэл одоо ес бүү хэл гурван үеэ ч гүйцэд мэддэггүй. Хөдөөнийхөн нэг хонхорт нутагласаар байгаад цус ойртсон жишээ цөөнгүй бий. Дорнод аймгийн Матад, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд цус ойртолт хэрээс хэтэрсэн тухай хүмүүс хэлж шүүмжилж байдаг. Гурван үе өнгөрөөгүй байхад гэр бүл болсон жишээ ч байна. Энэ бүхэнд санаа зовсон эрдэмтэд ургийн бичиг хүртэл гаргаад байгаа.
Гэтэл бид удам угсаагаа гүйцэд мэдэхгүй хэрнээ адууныхаа угшлыг дэндүү сайн мэдэх юм. Саяхан болсон “макс угшил”-ын хурдан удмын адууны дуудлага худалдаанаас энэ байдал харагдсан. Тухайлбал, хээр халтар шүдлэнгийн тухай мэдээллийг ингэж хэлж байх юм. Уг шүдлэнгийн эцэг нь хээр азарга, энэ хээр азарга нь Билэгдэмбэрэлийн араб азарганы төл, эх нь Алтангадасын зээрд гүүнээс гарсан тойруулга азарганы төл гэх мэтээр удам судрыг нь нарийн дуудаж байгаа юм. Зарим нь ийн адуугаа удам судраар нь дуудаж, сурталчилж суухад аавынхаа хамаатан, ээжиинхээ садныг ч танихгүи хүн олон байна. Танил айлынх маань зургаан хүүхэдтэй. Хүүхдүүд нь аав, ээжийнхээ садныг таньдаггүй гэж ярьж байсан нь санаанд орж билээ.
Бид ийм л болчихоод байна. Адуунаасаа дор цус ойртчихоод бас бие биенээ танихаа байж холджээ. Даяаршлын энэ цөвүүн цагт адуунаас илүү бие биенээ таньдаг, удам судраа мэддэг болбол зүгээрсэн. Миний танил нэгэн хөгшин ингэж ярьж билээ. “Бидний үеийнхэн өөрсдийнхөө удмаар тогтохгүй айл саахалтынхныхаа үр хүүхэд, өвөг дээдсийг нь анддаггүй байсан. Манай нутагт Маньбазар гэж ой сайтай өвөө байж билээ. Тэр хүн ойр хавийнхныгаа удам судрыг нь дуудаж ирээд л ярьдаг байсан юм. Одоо ч тийм хүн ховор болжээ. Бусдын удам судрыг хэлэх нь бүү хэл нагац ахынхаа хүүхдийг ч танихгүй өсч байна. Энэ бол эмгэнэл” хэмээн халаглаж суусан. Хойч үе нь удмаа мэдэхгүй өсч байхад хөгшчүүл халаглахаас ч яах билээ. Уг нь үндэсний хөгжлийн цогц бодлого гэдэгт угийн бичиг хөтлөх, удам судраа танин мэдэх асуудал багтсан байх учиртай. Харин энэ бодлого төдийлөн хэрэгжихгүй байгаа нь нууц биш.
2007 онд Засгийн газраас бүх нийтээр нь угийн бичиг хөтлүүлэх тухай тогтоолыг баталж байсан. Энэ тогтоолд угийн бичиг хөтлөх журам, овог хэрэглэх, угийн зураглал гаргах гэсэн зүйлийг тодорхой заасан. Тухайн үед Ерөнхий сайд М.Энхболд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ө.Энхтүвшин нарын нэр угийн бичиг хөтлөх тогтоолд байгаа. Харамсалтай нь энэ тогтоол өнөөдрийг хүртэл хэрэгжсэнгүй. Хуулиа батлаад гурав хоног сүр бадруулж мөрдөөд мартдаг хүмүүс тогтоол мэтийн зүйлийг үл тоох нь ойлгомжтой шүү дээ. Угийн бичиг хөтлүүлж, мөрдүүлэх нь байтугай эгч, дүү хоёрын ургийн овгийг өөрөөр биччихдэг. Холбогдох газар нь ийм алдаа гаргачихаад засч залруулахгүй байхад ургийн бичиг мэтийг бүх нийтээр нь хөтлүүлэх ч үлгэр болох нь мэдээжийн асуудал. Монгол хэлээ мартаж харийн хэлийг шүтэж бас харь соёлыг дагаж удам судраа умартаж байгаа бус уу. Зүүний үзүүрт ширхэг арвай тогтох дайны ховорхон төрлийг олж төрчихөөд ураг саднаа адуунаас дор үзэж мартагнахыг хэрэг юу билээ. Адууныхаа удмыг таньж судалж байхаар өөрсдийнхөө удмыг судлах хэрэгтэй биз ээ. Бүгдээрээ угийн бичгээ хөтөлж сурцгаая монголчууд аа.
URL: