Төр нураадаг, бизнесмэнүүд босгодог

Монгол Улсын иргэн бүр сурч боловсрох эрхтэй.

Харамсалтай нь сургуулийн хүүхдүүд өвлийн хүйтнээр анги танхимгүй болж, өөр сургуулийн өнцөг булан бараадах явдал гарсаар байна. Хамгийн сүүлд нийслэлийн 14 дүгээр сургуулийн шал цөмөрч, сурагчид нь ойролцоо сургуулиуд руу шилжихээр боллоо.

Хүйтний эрч чангарч, эрт харанхуй болдог энэ үеэр сургуулийнх нь зай холдож, гурван ээлж болгосноос хичээл нь оройтдог боллоо хэмээн эцэг, эхчүүд бухимдангуй байна. Аргагүй шүү дээ. Шилжиж байгаа, хүлээж авч байгаа аль ч талд асуудал хүндхэн тусч байгаа нь ойлгомжтой. Ширээндээ хоёулаа суугаад хичээлээ хийдэг байсан бол одоо гурвуулаа чихэлдэх болно.

Бусдын сургуулийн боломжтой цаг, сул ангийг бараадаж байгаа хойно яавч өөрийн юм шиг тухтай байж чадахгүй. Сурагч, багш, сургуулийн удирдлага, эцэг эхчүүд гээд хэн хэнд нь байдал хүнд байна. Ашиглах боломжгүй хэмээн акт нь гарснаас хойш хоёр жил дамнан хичээлийн байргүй яваа монгол гуравдугаар сургуулийнхан.

Монгол гуравдугаар сургуулийг нурааж, шинэ барилга барих шийдвэрийг гаргасан. Үүний дагуу 2012 оны наймдугаар сард багш, сурагчид нь сургуулиа суллаж өгсөн. Гэвч өнөөдрийг хүртэл сургуулийн барилга балгас хэвээрээ байна. Гэтэл энэ үетэй зэрэгцэн буюу 2012 оны долдугаар сард ажил нь эхэлсэн “Баянзүрх” их дэлгүүрийн барилга энэ оны наймдугаар сард, ганцхан жилийн хугацаанд ашиглалтад орлоо. Төр, хувийн хэвшлийнхний ажил гүйцэтгэх хурд, чадвар ийм л зөрүүтэй байна.

Гуравдугаар сургуулийнхан энэ жилдээ байшинтай болохгүй

Өнгөрсөн оны наймдугаар сарын 31-нд буюу хичээлийн шинэ жилтэй давхцан бужигнаж, ширээ сандлаа зөөн, өөр сургуулийн байранд хоргодсон сурагчид энэ байдлаараа хоёр дахь хичээлийн жилээ өнгөрүүлж байна.

Орхин гарсан сургууль нь яг тэр чигээрээ бүтэн нэг жилийн хугацааг үзсэний дараа буюу хэдхэн сарын өмнө барилгыг нь нурааж, балгас болголоо. Ашгүй нэг шинэ сургуулийн ажил нь эхлэх нь үү гэтэл өвлийн хүйтэн залгачихав. Барилгыг нь нураах хөрөнгө мөнгийг нь төсөвлөөгүй байснаас хугацаа алдаж, энэ онд сонгогдсон ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар асуудлыг шийдэж, сургуулийн барилгыг нийслэлийн өмчөөс хасч.

Ингээд тендер зарлана, барилгыг нураана гэж заваарсаар байтал хүйтний улирал эхэлчихсэн нь энэ. Уг нь өнгөрсөн есдүгээр сард гүйцэтгэгч хоёр компани нь шалгарсан юм байна. Хавар болонгуут ажлаа эхлэхээр бэлтгэж байгаа гэсэн мэдээллийг БШУЯны Барилга, захиалагчийн ажлын албанаас мэдээллээ. Ирэх намар гэхэд сургуулийн барилгыг ашиглалтад оруулахыг гүйцэтгэгч компаниас шаардана гэнэ. Ярьснаараа хийдэг бол сайхан л хэрэг.

Одоогоор гуравдугаар сургуулийнхан 16, 4 гэсэн хоёр сургууль дээр хуваагдаж байна. Нийтдээ 1416 хүүхэд сургуульгүй болчихоод байгаа юм. Өглөө 08:00 цагаас хичээл нь эхлээд, гурван ээлж орсны дараа 18:40 цагт хамгийн сүүлийн хичээл дуусдаг байна. Харанхуйд ирж, очих нь хүүхдүүдэд хэцүү байгаа учраас барилгынхаа асуудлыг яаралтай шийдүүлэх хүсэлтээ сургуулийн удирдлагууд удаа дараа өгчээ. Түүнчлэн ондоо сургуулийн ахлах ангийнхны дунд маргалдах, гадуурхах явдал гарч байгааг сурагчид хэллээ.

Есдүгээр ангийн сурагч н.Мөнхнаран “Бид 16 дугаар сургууль дээр хичээллэх хэцүү байгаа. Манай ангийн зарим хүүхдүүд нөгөө сургуулийн хөвгүүдтэй зодолддог. Зарим нь өөрсдийнхөө сургууль руу яваарай гэж хөөнө. Өмнө нь дүүтэйгээ цуг ирж очоод амар байсан. Одоо дүү минь дөрөвдүгээр сургуульд хуваарилагдчихсан болохоор хүргэж өгч, авдаг” гэж ярилаа.

Төр өмчирхөхөө боливол яасан юм

Саяхан Ерөнхийлөгч тун авууштай санааг дэвшүүлсэн. Юм болгонд төрөөс оролцох гэсэн явуургүй бодлогоо боливол яасан юм гэв. Тун аятайхан санаа. “Төр цэцэрлэг барих ямар ч шаардлага байхгүй. Аж ахуйн нэгж хажуудаа ажилчдынхаа хүүхдэд цэцэрлэг байгуулбал урамшуулаад нэг хүүхдэд ноогдох хувьсах зардлыг нь өгчихнө. Бүүр дээрээс нь цэцэрлэг баръя гэж байгаа ээжид яг орон сууцны зээлтэй адил найман хувийн хөнгөлөлтт эй зээлээ өгчих. Монголын цэцэрлэгийн асуудал жилийн дотор шийдэгдэнэ” гэж Ерөнхийлөгч ярина лээ.

Үнэхээр төрд найдсан, төрийн албаны дарга, даамлуудаар дамжсан ажил хэрхэн сунжирч, төсөв нь хэд дахин нэмэгдэж, ямар их хаалт, хүнд суртлын цаана дарагдаж байгаагийн бодит жишээ монгол гуравдугаар сургуулийн барилга юм. Гуравхан давхар сургуулийн барилгыг барьчихаж чадахгүй хоёр жил бойтоглож байхад хувийн хэвшлийнхэн бүтээн байгуулалтыг хэдэн давхраар нь сүндэрлүүлсээр байна. Гуравдугаар сургуулийн сурагчид байшингаа суллахтай зэрэгцэн буюу өнгөрсөн оны долдугаар сард ажил нь эхэлсэн “Баянзүрх” их дэлгүүрийн барилга гэхэд л энэ оны наймдугаар сард бэлэн болчихоод хэдийнэ үйл ажиллагаагаа эхэлчихэж.

Байшингийн хувьд сургуулийн барилгатай харьцуулшгүй. Төр юм болгонд өмчирхдөгөө больж чадахгүйгээ хүлээ, бууж өгөөд хувийн хэвшлийнхэнд ажлыг даалга л даа. Хувийн хэвшлийнхний барьсан барилгыг дараа нь төр түрээсэлж болно шүү дээ. Юм болгонд тушаа, чөдөр болдог, ялангуяа түүнийх нь хохирогч хүүхдүүд баймааргүй байна.

Ирэх оны төсөвт зургаан сургууль, гурван цэцэрлэгийг нурааж шинээр барихаар төлөвлөж байна гэж БШУЯны Барилга захиалагчийн алба мэдээллээ. Хүүхдүүд шинэ сургууль, цэцэрлэгтэй болно гэдэг сайхан хэрэг. Гэвч төрийнхний төлөвлөсөн барилга бэлэн болтол хэдэн хүүхэд, хэр хугацаанд нүүдлийн маягаар, бусдын хажуу бөөрөнд хавчуулагдан суралцах бол гэж бодохоос хэцүү санагдана.

Нийслэлийн боловсролын газраас авсан тоон мэдээллийг хүргэе

-Нийслэлд ашиглагдах боломжгүй болсон ЕБС-ийн зургаан сургууль байна.
-Сургууль цэцэрлэгийн нэг барилгыг буулгахад 200- 300 сая төгрөг шаардлагатай байдаг.
-Нийслэлд газар хөдлөлтөд тэсвэргүй 51 цэцэрлэг, 27 сургуулийн барилга байгаа гэсэн тооцоог Боловсрол шинжлэх ухааны яамнаас гаргасан байна.
-Нийслэлд байгаа сургуулиудын 50 гаруй хувь нь их бөгөөд капитал засвар хийх шаардлагатай.
-Өнгөрсөн жил баталсан 89 сургуулийг ирэх дөрвөн жилд барихаар төлөвлөжээ. Эдгээрээс 16 сургууль цэцэрлэгийг нийслэлийн хөрөнгө оруулалтаар ирэх онд барихаар байршлыг нь баталсан гэнэ.
-Сургууль цэцэрлэгийг хэвийн буюу нэг ээлжээр хичээллүүлэхийн тулд 340 гаруй барилга барих шаардлагатай байгаа юм.

Б.Солонго, С.Уянга


URL:

Сэтгэгдэл бичих