Нэг ченж 50 байр эзэмшдэг гэв үү?
Сүүлийн үед “Байрны үнэ буурахгүй” гэдэг мэдээлэл нийгэмд цацагдах боллоо. Сүүлийн үед ч юу байхав дээ. Ер нь жилээс жилд өссөөр л байдаг.
Гэтэл яагаад гэдэг асуултад тоймтой хариулт үгүй удсаар, энэ салбарт үнийн хөөрөгдөл тэнгэрт тулах нь. Мэргэжлийн хүмүүсийн дүгнэлтээр зохион байгуулалт муу, компаниудын өрсөлдөөн султай тус салбарт эрэлт өндөр байгаагийн шалтгаан юу вэ гэдгийг судаллаа.
Гэтэл орон сууцны ченж хийдэг хүн нэр дээрээ 1-50 байрны ордер эзэмшдэг албан бус мэдээлэл байна.
Ингэхдээ ипотекийн найман хувийн зээлд өөрийгөө, дүүгээ гэхчилэнгээр ойр дотныхоо хүмүүсийг хамруулсаар байгаад овоохон үл хөдлөх хөрөнгийн эзэн болчихсон жишээ ч бий аж. Тэд эдгээр байрыг эргүүлээд зарахдаа үнийг нь өсгөнө үү гэхээс буулгахгүй нь үнэн. Борлогдохгүй бол түрээслүүлчихнэ.
Юмтай хүн луувангаа иднэ үү, лаагаа иднэ үү, маньд хамаагүй гээд орхиж болох ч үүний цаана эгэл иргэд л хохирсоор. Энэ нь хууль, эрх зүйн орчин хангалтгүй буюу ямар ч зохицуулалтгүйгээс үүдэлтэй аж.
Манай улсад 700-800 орчим байрны ченж байдаг гэсэн тооцоог Эд хөрөнгийн бүртгэлийн улсын газрын мэргэжилтнүүд албан бусаар гаргасан байна. Тэдгээр ченж бүгдээрээ биш ч зарим нь 40-50 буюу олон байр эзэмшдэг гэдэг нь бас албан бус тоо.
Харин үүнийг ажил хэрэг болгоод албан ёсны судалгаа хийсэн нь үгүй гэнэ. “Мастер пропертис” компанийнхан ч дараах судалгааг гаргажээ. Барилгын үйл явц ихэвчлэн 1.6 жилээр үргэлжилдэг.
Ингэхдээ импортын 3.1 хувийг эзлэхүйц хэмжээний барилгын бараа бүтээгдэхүүн гадаадаас оруулж ирдэг. Тэдгээрийн заримыг нь дотооддоо үйлдвэрлэх боломжтой.
Мөн нийт зардлын 3.1 хувь нь авлига буюу бохир зардалд зориулагддаг гэсэн судлаачдын тооцоо байна. Энэ мэтчилэнгээр тус салбарт анхаарал татахуйц “но”-той асуудал олон бий.
Барилгачдын ярьж буйгаар стандартын нэг өрөө байрыг 30 сая төгрөгөөр босгодог гэнэ.
Харин компаниуд цааш нь 70-80 сая төгрөгөөр үнэлж борлуулдаг аж.
Өөрөөр хэлбэл, шат шатандаа ханшийг нь өсгөсөөр удахгүй тэнгэр баганадсан өндөртэйгөө адилхан мөнгөн дүн гарч болзошгүй нь.
Юутай ч ЖАЙКА-гаас 2030 он гэхэд орон сууцны эрэлт, нийлүүлэлт тэнцвэржинэ гэдэг өөдрөг тооцоог бас гаргажээ.
Өөрөөр хэлбэл, 16 жилийн дараа байрны үнэ тогтворжих юм байна. Тэр болтол орон сууцны ченжүүд “муухай монгол зан”-гаа татна гэдэгт л итгэхээс дээ. Үгүй бол энэ судалгаа худал болж харагдана.
Г.Ганчимэг ЗУУНЫ МЭДЭЭ
URL: