Мэргэжлийн хяналтынхан “Оюутолгой” компанийг шүүхэд өглөө
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар өнгөрсөн долоо хоногийн сүүлээр “Оюутолгой” ХХК-ийг шүүхэд өглөө.
МХЕГ-аас тус компанид Гашуунсухайтын боомтоос Оюутолгой уурхай хүртэл 100 гаруй километр зам тавихдаа зөвшөөрөлгүй элс, хайрга олборлосон гэдэг үндэслэлээр 457 сая төгрөгийн торгууль ногдуулсан байна.
Харин энэ торгуулийг “Оюутолгой” ХХК үндэслэлгүй гэж үзэж байгаа аж. Ийнхүү “Оюутолгой” ХХК болон МХЕГ-ын хооронд маргаан дэгдэж асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэхээр болжээ.
Өмнө нь болон мэргэжлийн хяналтынхны хооронд үүнтэй адил маргаан гарч байсан ч тэгсгээд намжиж байсан.
Энэ удаад МХЕГ-ын байцаагчид уг асуудлаар тус компанид олон удаа шаардлага хүргүүлсэн боловч хүлээж аваагүй учраас шүүхэд хандсан хэмээн тайлбарлаж байгаа.
Харин үүнийг “Оюутолгой” ХХК үгүйсгэж байгаа юм. Ямартай ч тус маргааныг Чингэлтэй дүүргийн шүүхээр шийдвэрлэхээр боллоо.
Шүүх хурал ирэх долоо хоногт болж магадгүй аж. МХЕГ-ын улсын ахлах байцаагч Ж.Алтанбаганаас “Оюутолгой” ХХК-д ямар үндэслэлээр ийм хэмжээний торгууль ногдуулсан талаар тодруулахад “Энэ маргааныг шүүх хурал болсны дараа мэдээлэл өгнө. Одоогийн байдлаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна” гэлээ.
С.Энхцэцэг: ШҮҮХ ХУРАЛ БОЛОХ ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ ИРЭЭГҮЙ
Энэ талаар тус компанийн Хэвлэл, олон нийттэй харилцах хэлтсийн ажилтан С.Энхцэцэгээс тодрууллаа.
-Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас “Оюутолгой” компанийг шүүхэд өгсөн. Энэ асуудал ямар шатанд явж байна вэ. Шүүх хурал хэзээ болох талаар танайд тов мэдэгдсэн үү?
-Шүүх хурал болох тухай мэдээлэл манайд ирээгүй. Харин манай компанийг шүүхэд өгсөн талаарх мэдээллийн талаар манай хуулийн хэлтсийнхэн судалж байгаа.
-Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас “Оюутолгой” ХХК-д удаа дараа шаардлага хүргүүлсэн боловч танай компани үүнийг хүлээж аваагүй гэсэн. Яагаад хүлээж аваагүй юм бэ?
-Манай компанид Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас олон удаа шаардлага хүргүүлсэн гэдэг нь үндэслэлгүй юм. Ямар учраас ийм мэдээлэл гарах болсон талаар тодруулж байна. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас манай компанид торгууль ногдуулсан. Манай компанийн зүгээс энэ торгуулийн хэмжээг хэт өндөр байна гэж үзэж байгаа. Ингээд хоёр талаас ярилцаж байсан.
“Оюутолгой” компанийн зүгээс ийм тайлбар өгсөн. Ямартай ч Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон “Оюутолгой” ХХК-ийн хооронд гарсан маргааныг удахгүй Чингэлтэй дүүргийн шүүх шийдвэрлэх гэнэ.
ОЮУТОЛГОЙГ ГАЦААНААС ГАРГАХ ХУРАЛ МАРГААШ ЭХЭЛНЭ
Оюутолгойн Төлөөлөн удирдах зөвлөлийн ээлжит хуралдаан маргааш болох гэж байна.
Тиймээс “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүд өчигдөр Монголд ирсэн байна.
Харин хуралдааны өмнө буюу өнөөдөр тус компанийн ТУЗ-ийн байнгын хорооны хуралдааныг хийхээр товложээ.
Өмнө нь “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ өнгөрсөн есдүгээр сарын 23-27-ны хооронд Лондон хотод хуралдсан.
Тус компанийн ТУЗ-ийн Монголын талын гишүүд уг хуралдааныг эерэг уур амьсгалтай, бүтээлч, үр дүнтэй уулзалт болсон хэмээн дүгнээд байгаа бөгөөд шийдвэрлэх ёстой нийт асуудлыг талыг нь нааштай байдлаар шийдсэн хэмээн мэдээлсэн.
Оюутолгойн ирээдүй манай эдийн засагт чухал нөлөөтэй учраас энэ төслийг урагшлуулах нь хаа хаанаа ач холбогдолтой. Тиймээс “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ийн хуралдаанд олон хүн фокусаа тааруулаад байгаа юм.
Энэ хурлаар Лондонд шийдвэрлэж чадаагүй асуудлаа нэг тийш болгох учраас өнгөрсөн хурлаас ч илүү анхаарал хандуулж байгаа юм. Тухайлбал, ТЭЗҮ-д заасан анхны хөрөнгө оруулалт 40 орчим хувиар нэмэгдсэн шалтгааныг тодруулах, манай тал ногдол ашгаа хэзээ авч эхлэх зэрэг олон асуудлыг энэ хурлаар шийдвэрлэх юм.
Н.Санжаасүрэн
URL: