Түмэнтэй биш, Тэнгэртэй ярилцагч ”Бөө-Сайд”
Нямжавын Батбаяр. Хувь улстөрчийнхөө хувьд, тэрбээр Оросын улаан хэрүүлч В.Жириновскийтой тун төстэй. Басхүү Монголын улс төр дэх олон Батбаяруудын нэг. Өнгөрсөн хийгээд өдгөөгийн парламент дахь сөрөг цэнэг бүхий улстөрч. Харин “Шинэчлэлийн” гэх гоё тодотголтой ч шинэлэг зүйл маруухантай энэ засгийн танхимд тэрбээр анти Алтанхуяг фракцийнх.
Түүнээс гадна “Женко” Х.Баттулга, Д.Ганхуяг, С.Эрдэнэ нар Н.Алтанхуягийн танхимын гишүүд ч улс төрийн ашиг сонирхлын тухайд дээрх ангилалд багтана. Учир нь УИХ-ын 2012 оны сонгуулийн өмнөхөн Ардчилсан нам дахь МоАХ, МҮДН, “Зүүн хойд Ази”, З.Энхболд тэргүүтэй соцдекүүд Н.Алтанхуягт МАН-тай хамтарсан Засгийн газраас гарахыг хэдэнтээ сануулж, намын даргаас огцруулах акцийг хүч хавсран зохион байгуулж байв.
Түүгээр ч зогсохгүй Ардчилсан хүчний холбоог байгуулж, “Алтангадас”-ынхныг тулаанд дуудаж байсан нь саяхан мэт. Гэвч тэдний хамтарсан тоглолт 2012 оны сонгууль хүртэл л үргэлжилсэн.
Харин Ардчилсан нам сонгуульд ялж, эрх мэдлийн хуваарилалт хийхэд эсрэг тэсрэг байр суурь бүхий фракциудын лидерүүд УИХ-д ч, Засгийн газарт ч орон зайгаа эзэлж, Н.Алтанхуягийн команд дор жагсах болсон билээ. Ардчилсан нам эрх баригчийн сэнтийд заларснаас хойш яг нэг жил зургаан сар болж байна.
Ардчиллын төлөөх таван нам 2000 оны арванхоёрдугаар сарын 6-нд нэгдэж, Ардчилсан намыг байгуулснаас хойш тэд улс төрийн “хөзөр”-ийн тамгыг анх удаа барьж байгаа нь энэ. Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын удирдлагын эрх ч бас тэднийх. Өнгөрсөн аравныг хүний, өөрийнхтэй хүч хавсарч, хагаралдан бутарч өнгөрүүлсэн нь ч энэ намын түүх.
Ардчилсан намын алдаа, оноотой он жилүүдэд нэгэн эрхмийн нэр тодоос тод бичигддэг нь мөнөөх “Фортуна” Н.Батбаяр. Ардын нам засгийн эрх барьж байх үед аранга нь болж явсан тэрбээр Ардчилсан нам төвийн тоглогч болохын цагт түмэнтэй биш, тэнгэртэй яригч болон хувирав.
Н.Алтанхуягаас Эдийн засгийн хөгжлийн сайдын суудлыг бэлгэнд авсан энэ эрхэм энд ч уул тахиж, тэнд ч гал тавьж явдаг элдэвтэй нэгэн болох нь тэр. Тээр жил Төрийн ордонд тулганы гал тахиж, “Бүсгүй хүнийг галд битгий ойртуул. Муу ёр” хэмээн номлож байсан нь улс төрийн шог “газрын зураг”-т тэмдэглэгдэн үлдсэн нь бий.
“Фортуна” ийнхүү ардчилсан засгийн үе дэх Бөө-сайдын дүрд тоглож байна. Тиймээс түүнд бүү саад бол. Улайдаггүй Ч.Улаантай хамт улсын мөнгө үрэн байж олж ирсэн “Чингис” бондын талаар битгий асуу. Тэр ч битгий хэл “Чингис” бондын хүүг төлсөн үү, үгүй юү. Энэ бондын хүүг төлөх мөнгө Монголд байгаа юу” гэж Н.Алтанхуягийн танхим дахь Бөө-сайдыг ээрэх бүр хориотой.
Учир нь мань сайд яг одоо тэнгэртэй ярьж байна. “Чингис” бонд бол өр биш” хэмээн айлдаж байна. Монгол төрийн Бөө-сайдаар өөрийгөө өргөмжилсөн тэрбээр улам даяарчлагдаж, Нью-Йоркт гал тахих үеэрээ “Тулга олдохгүй байна” хэмээн хилэгнэж тэр хавийнхныг сандаргасан бол Бээжинд мөн л энэ зан үйлийг хийж өмнөд хөршийнхнийг гайхшруулсан гэдэг.
Хамгийн сонирхолтой нь Хятадад болсон эдийн засгийн нэгэн чухал арга хэмжээг эрхэм сайд үл ойшоож, Эдийн засгийн хөгжлийн яамны нэгэн газрын даргыг элч болгон илгээсэнд зохион байгуулагчид нь дургүйцсэн гэх яриа бий. Хятадууд ямар монголчууд биш. Бөө-сайдыг гал тахиж, түмэнтэй ярихтай манатай байгааг яаж ойлгох билээ.
Ерөөс элэг нэгтнүүд нь ч Бөө-сайд Н.Батбаярыг ойлгохгүй байгаа. Өнгөрсөн намар Bloomberg телевизэд ярилцлага өгөх үедээ “Япончууд бидэнд хэмжээлшгүй их мөнгө өгнө гэсэн” гэхэд нь үнэмшээгүй. “Самурай” бондоор “Чингис” бондын хүүг тас цавчина” гэхэд нь шоглосон уу гэхээс биш үнэлж хүлээж авсан нь үгүй.
Ингэхэд монголчууд “Чингис” бондын үр шимийг хүртэж байна уу. Энэ асуултад “Үгүй” гэж хариулах хүн олон биз. Бондын мөнгөөр зассан зам борооны усанд дахин эвдэрсэн, Монгол Улс бонд гаргаснаар хожих биш, хохирч хоцрохдоо тулаад байгаа. Харин “Чингис” бондоос ашиг хүртэж яваа хүн бол яах аргагүй Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр.
Ингэж хардах шалтгаан байна. Бүр тодруулбал, түүнийг “Гудамж” төслөөс хувь хүртэж яваа” гэх яриа улс төрийн хүрээнд одоо ч өрнөсөн хэвээр. Учир нь дээрх төслийн удирдагч Б.Батболд бол Бөө-сайд Н.Батбаярын найз. “Гудамж” гэх гоё нэртэй төслийг хэрэгжүүлэхэд “Чингис” бондоос 200 сая ам.доллар зарцуулах шийдвэр хэдийнэ гарсан.
Тэрбум, тэрбумыг захиран зарцуулах эрх мэдэл Н.Батбаяр сайдын найзынх гэхээр бүр ч сонирхолтой байгаа биз. “Гудамж” төслийн удирдагч Б.Батболдын тухайд, “Мүүдий” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан.
Энэ компанийн захиалгаар “Төгс гүрэн” ХХК-ийн барьж байсан барилгын бетон зуурмаг шахагч машины цемент дамжуулах хоолойд бяцхан охин дарагдаж амиа алдсан талаар тухайн үед хэвлэлүүд мэдээлж байсан билээ.
Харин Ардчилсан нам сонгуульд ялж, анд найз нь сайдын суудалд тухалсны дараахан Б.Батболд 200 сая ам.доллар захиран зарцуулах эрх бүхий “Гудамж” төслийн удирдагч болсон нь сонирхохгүй байхын аргагүй сэдэв юм.
С.Баттулга
Эх сурвалж:
URL: