4,3 сая төгрөгийн торгууль ногдуулжээ
Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс нь өнгөрсөн 11 дүгээр сарын 12-ны өдрөөс энэ сарын 4-ны өдрийг хүртэлх хугацаанд “Зөрчлийг илрүүлье” нэгдсэн арга хэмжээ зохион явуулжээ. Дээрх арга хэмжээний хүрээнд тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон 4 аж ахуйн нэгжид албан мэдэгдэл хүргүүлсэн байна. Мөн хариуцсан нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг нэг зочид буудал, нэг биллярд, 79 баар, 16 ресторан, 23 хүнсний дэлгүүр, 56 караоке гээд нийт 186 аж ахуйн нэгж байгууллагыг шалгажээ. Эндээс зохих зөвшөөрөлгүй согтууруулах ундаагаар үйлчилсэн 7, хориглосон цагт согтууруулах ундаагаар үйлчилсэн 11 зөрчлийг илрүүлэн Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн дагуу 4.350.000 төгрөгийн торгууль ногдуулж хариуцлага тооцсон байна.
Гар дээрээс буюу автомашинаар согтууруулах ундаа зөөвөрлөн худалдаж болзошгүй 3,7,20 дугаар хорооны цэгүүдэд хяналт тавин ажиллахад ийм төрлийн зөрчил илрээгүй гэдгийг холбогдох албаны хүн мэдээллээ.
Харин архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг удаа дараа зөрчин үйл ажиллагаа явуулсан Дако ХХК-ны “Мишээл” баар, BDBC инвест ХХК-ны “Ану марал” баар караоке, , Блейкдаймонд ХХК-ны “Соёмбо” баар, МБР ХХК-ны “Ocea”n баар, Хөлөг группын хүнсний дэлгүүрийн согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг хүргүүлсэн байна.
Н.Батаа
new.mn
URL: