Мубарак ард түмнээсээ өршөөл хүсчээ
Өчигдөр Арабын Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гурван сарын өмнө түлхэгдэн унасан Египетийн Ерөнхийлөгч Хосни Мубаракийн ард түмнээсээ уучлалт хүсч, өршөөл гуйсан тухай захидлыг уншиж танилцуулсан тухай “Al Arabiya” суваг мэдээлжээ.
“Египет болон Арабын орнуудын телевизээр нийтэлсэн уг захидалд Мубарак үйлдсэн гэмт хэрэг болгоныхоо төлөө уучлалт хүссэн” гэж Египетийн Засгийн газарт ойр эх сурвалж мэдээлсэн байна.
Мубарак өөрийн үйлдлийг зөвтгөн тайлбарлахдаа, “түүний хийсэн алдаа бүхэн өөрт нь ташаа мэдээлэл өгч байсан зөвлөхүүдийнх нь үйл ажиллагаатай шууд холбоотой” гэжээ.
Түүнээс гадна уг захидалд Мубарак өөрт байгаа бүх хөрөнгөө Египетийн Засгийн газарт шилжүүлэхэд бэлэн байгаа тухай дурдсан байна. Ингэснээрээ өршөөгдөж магадгүй гэж Мубарак найдаж байгаа ажээ.
Даваа гарагт түүний эхнэр Сюзанна бүх хөрөнгөнөөсөө татгалзан улс орондоо тушааж байгаагаа нотолсон баримт бичигт гарын үсэг зурсан байна. Банкин дахь түүний хоёр дансанд 3,4 сая доллар байгаа ажээ.
Д.Жаргал
URL: