ДХБ-ын Сайд нарын 9 дүгээр бага хуралд манай төлөөлөгчид оролцов
Дэлхийн худалдааны байгууллага (ДХБ)-ын Сайд нарын 9 дүгээр бага хурал Индонезийн Балид энэ оны 12 дугаар сарын 3-6-ны өдөр хуралдаж байна. Уг бага хуралд ДХБ-ын 159 гишүүн, 25 ажиглагч орны нийт 2000 орчим төлөөлөгч оролцов.
Энэ удаагийн Сайд нарын бага хурал олон талт худалдааны тогтолцоо, Дохагийн үе шатны хэлэлцээний үйл явц, зөвшилцөлд хүрч байгаа асуудлуудад үнэлэлт, дүгнэлт өгөх, хөгжлийн гэж тодорхойлоод буй Дохагийн үе шатны хэлэлцээг амжилттай дуусгах арга замыг тодорхойлоход бодитой хувь нэмэр оруулна гэж ажиглагчид дүгнэж байна.
Бага хурлын үеэр Монгол Улсын төлөөлөгчдийн тэргүүн, Монгол Улсаас ДХБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн орлогч, Элчин зөвлөх Г.Жаргалсайхан бүгд хуралдаанд оролцож, дэлхий нийтийн худалдаа, эдийн засгийн хөгжилд ДХБ-ын гүйцэтгэж буй үүрэг, оролцоо, олон талт хэлэлцээний үйл явцын талаар манай улсын байр суурийг илэрхийлж, үг хэлэв.
Манай улс дамжин өнгөрөх тээвэр, хөдөө аж ахуйн болон үйлчилгээний салбарын худалдааны яриа хэлэлцээнд идэвхтэй оролцож байгаа бөгөөд Дохагийн үе шатны болон бусад хэлэлцээнд хөгжиж байгаа орнуудад илүү таатай нөхцөл олгох ёстой гэсэн үндсэн чиглэлийг баримталж байна.
Мөн төлөөлөгчид бага хурлын үеэр болсон хөгжиж байгаа орнуудын “G-33” бүлэг, Далайд гарцгүй орнуудын Сайд нарын уулзалт, төлөөлөгчдийн тэргүүн нарын хуралдаанд тус тус оролцож, Дохагийн хэлэлцээнд сүүлийн үед гарсан өөрчлөлтүүд, цаашид хэлэлцээг хэрхэн үргэлжлүүлэх арга замын талаар байр сууриа илэрхийлж, дамжин өнгөрөх тээврийн асуудлаар тодорхой үр дүнд хүрэхийн чухлыг онцлон тэмдэглэв. Эдгээр асуудлаар Сайд нарын албан мэдэгдэл гарав.
Сайд нарын уулзалтын үеэр Индонезийн Худалдааны сайд ноён Гита Виржаван /Gita Wirjawan/, Хөдөө аж ахуйн сайд ноён Сусвоно /H.Suswono/ болон далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Женев дэх бүлгийн зохицуулагч Парагвайн Байнгын төлөөлөгч ноён Хуан Эстебан Агуир /Juan Esteban Aguirre/-тэй уулзаж, хоёр орны болон олон талт харилцааны хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож, Монгол Улсын Эдийн засгийн хөгжлийн сайд болон Гадаад харилцааны сайдын мэндчилгээг уламжлав.
URL: