Өвгөдийн бүтээснийг бусниулдаг, өөрсдөө юу ч хийж чаддаггүй өнөө үеийн эрдэмтэд ичиг ичиг

12-6-3hЛ.ДОЁД

Коминтерний үеийнх шиг гаднаас дарамт шахалт үзүүлэхгүй, ЭЗХТЗ-ийн гишүүн орон гээд албан журмаар ногдох үүрэггүй Монгол Улс чөлөөтэй хөгжих замд орсон юмсан. Харин ядуурал буурахгүй, авлига багасахгүй, хүний хөгжлийн үзүүлэлтээр сүүл барьж, даяаршлын үеийн жишгээс хоцорч яваа тухай мэдээлэл дэлхийгээр нэг цацагддаг нь ичмээр. Эдийн засаг нь өсөөд байхад улс нь яагаад хөгждөггүй юм болдоо гэж гадаадынхан гайхдаг биз ээ. Үүний шалтгааныг олж, Монгол орны эрчимтэй хөгжлийн зөв замыг сонгож, эв найртай байж амьдрахгүй бол овойсон шороо, онгичсон газар, онгойсон нүхтэй, цөлмөц тонож, цөлжиж хуурайшсан орон болж үлдэх вий гэж өөрийн ухаантай хүн болгон санаа зовж байна. Шинэчлэлийн Засгийн газрын амласан бүхэн нь худлаа гэсэн ойлголт газар авлаа. Юмны үнийг бууруулна, шударга ёс тогтооно, гэр хорооллыг орон сууцжуулна, хотын утааг арилгана, цэвэрлэх байгууламж барина, хогны үйлдвэр байгуулна, Багануурт оюутны хотхон сүндэрлүүлнэ, тэр ч байтугай атомын цахилгаан станц барина гэсэн. Цөм худал болж таарлаа. Сайншандын Аж үйлдвэрийн паркийн олон үйлдвэрээс зураг төсөл нь бэлэн болсон юм нэг ч алга. Үйлдвэрлэлийг хөгжүүлэх тухай одоо ярихаа ч болилоо. Оюутолгой, Тавантолгой ашиглалтанд ороод монголчууд Арабын шах шиг амьдарна гэдэг ч лөөлөө боллоо. Бид хүүхэд адил горьдож, хууртаж аж төрж байна.

Төр засаг энэ бүхнийг чадахаа болихоороо ард түмний анхаарлыг өөр зүгт хандуулж ухаан бодол, санал санаачилга, шаардлага тулгалтыг нь саармагжуулдаг арга сэддэг болжээ. Ерөөсөө өөрсдөө шинэ юм бүтээж чадахгүй атлаа өвөг дээдсийн бий болгосныг өөлж муулж, өсөрхөж нурааж, өв хөрөнгийг нь үрэн таран хийж, өр зээл тавьж амьдардаг гажигтай цаг үеийг туулж байна. Түүний нэг нь монгол хэлний асуудал, тухайлбал, академич Ц.Дамдинсүрэн гуайн зохиосон, дал наян настай крилл бичгийн дүрэм, цагаан толгойг засварлах явдал болж байна. Монгол орныг хөгжүүлэхэд шинжлэх ухаан хэрэггүй, ШУА байлаа гээд монголчуудад хэрэггүй гэдэг нь мэдэгдээд удлаа. Чадваргүй болсон шинжлэх ухааныхан одоо дээдсийн бүтээсэн зүйлд засвар хийж, цалин хөлс авч цаг нөхцөөх болж байгаа нь үнэн. IQ Ц.Дэмбэрэл доктор, Академийг тараавал таарна гэж хэлсэн нь чухамдаа оносон үг юм. Хэдэн нөхөд Ц.Дамдинсүрэн гуайн зохиосон Төрийн сүлд дууллыг өөрчилнө гэж далдганаж давхиад санасандаа хүрсэн. Арай л өөрсдөө төрийн шагнал авахгүй байх. Уг нь зохиогчийн эрх гэж нэг юм баймаарсан. Одоо ахмадууд нь насаараа дуулсан төрийн сүлд дууныхаа үгийг нь мэдэхээ больсон. Эзэн нь мөнх бусыг үзүүлсэн ч уран бүтээл нь мөнхөрч үлддэг хорвоосон. Монголд бол тэс өөр. Шинэчилж л байвал юуг ч голж чамлахгүй. Нүүрсний шуудайг ч шинэчилнэ. Лениний хөшөөг буулгаж, Сүхбаатарын талбайн нэрийг солих нь хийх ажлаа олж ядаж гар хөл нь загатнасан томоогүй хүүхдүүд мэт харагдана. “Хүүхэд ийм дээрээ хөөрхөн” гэдэг шиг бүхнийг шинэчлэх гэсэн коммун хамтралын үе шиг энэ шуурганд крилл цагаан толгой хамрагдах нь гарцаагүй болж байх шиг. Монгол Улсыг сүлд дуулал чинь буруу байна, бичиг үсэг чинь болохгүй байна, цагаан толгойд чинь яагаад дэлхийд байхгүй ийм хачин үсэгтэй байгаа юм бэ. Эднийгээ өөрчлөхгүй бол бензин өгөхгүй, эсвэл нүүрсийг чинь худалдаж авахгүй, танайд зээл тусламж олгохгүй гэж хэлээд байгаа улс орон байгаа юм уу.

Монголд үнэхээр эрдэмтэд гэж байгаа бол хийх ажил мөн ч их байна даа. Өнөөдөр хэдэн үсэг хассан хууль гаргах шиг амархан юм байхгүй. Ер нь бол бичиг үсэгт тааруухан төрийн түшээдэд бол тэр хатуу, зөөлний тэмдэг, хагас гэж нэрлэгддэг “й”, гээгдэх эгшиг, үйл үгийн “х”, эр үгийн “ы”, эм үгийн “и”, за тэгээд “я”-гийн төрлийн үсгүүд, “я”, ё”, “ю” бол ойлгоход ихээхэн хэцүү, тэдний толгой нь эргээд байдаг бололтой юм. Одоогийн дүрмээр цээж бичиг хийвэл 76-гийн лавтай тал нь муу авна гэж мөрийцсөн ч яахав. Иймээс эрдэмтэн нэртэй, өөрсдөө хагас хэлтэй, хэдэн долдой нарыг хөлсөлж тэр хэдэн босоо ороолон шиг үсгүүдийн бодийг хөтөлчихвөл санаа нь амрах гээд байна. Крилл цагаан толгой, үсгийн дүрмийг зохиох гэж тэр буурал эрдэмтэн чухам хэдэн жил, яаж хөдөлмөрлөж, ямар судалгаа шинжилгээ хийж, гадаадын ямар хэлний дүрэм номтой жишиж үйлээ үзэж үсээ зулгаасныг тэр эрдэмтэд гэх Ж.Баянсан, Ц.Өнөрбаян, Д.Төмөртогоо нар мэдэхгүй. Тэд бол харин өөрсдийгөө Ри багш, Да багш, Лу багш нарын шавь мэт ярьцгааж, тэдний ургуулсан эх хэлний цэцэрлэгт зугаалж, үр жимсийг нь хүртэж эрдэмтний сэтэр зүүсэн хүмүүс гэж монгол хэлэндээ хайртай бусад эрдэмтэд ярьж, бичиж байна. Тэд тийм сүрхий юм бол, дээд тэнгэрт халин одоод, эрхээ хамгаалах боломжгүй болсон агуу эрдэмтдийн бүтээлийг засварлах захиалга гүйцэтгэж суухын оронд уйгаржин монгол бичгээ сэргээнэ гэж хөөцөлдсөн бол ард түмэн баярлахсан.

Хэрэвзээ шинэчлэгч төрөөс даалгавар авсан энэ нөхөд үүргээ “онц” биелүүлбэл хүн төрөлхтөний түүхэнд хамгийн олон бичиг үсэг зохиосноороо алдартай монголчууд уйгаржин монгол ч үгүй, шулга тультраа криллтэй болж үлдэнэ. Үндэсний хэл, бичиг бол тусгаар тогтнолын нэг гол үзүүлэлт, бас нотолгоо байдаг. Даяаршлын нөөлөг, Америкийн нөлөөнд улам бүр монголоо алдаж модоо барьж байгаа энэ цагт бүхэл зууны түүх соёлоо бичиж үлдээсэн үсэг бичгээ зэрэмдэглэх нь хэнд ашигтай вэ. Өнөөдөр архивт ороод уйгаржин монголоор бичсэн өвгөдийнхөө түүх намтрыг уншиж чадахгүй болсон бидний үр сад хэдэн жилийн дараа бас криллээр уншиж чадахгүй болох нь хэнд ашигтай юм бол. Эсвэл тэднийг социализмын үеийн бүтээн байгуулалтын түүх, ардчиллын эхний элдэв нугалааг огт мэдэхгүй байлгах санаа байна уу.

Тэртэй тэргүй түрэн орж ирж байгаа англи хэл, компъютер болоод мессежний бичгийн нөлөөнд ерөөсөө огт хэлгүй болохын цондон бус уу. Монгол Улс “мори” гэж бичихийг “морь” гэж бичсэнээс болоод хөгжихгүй байгаа юм уу. “Щ” гэдэг үсэгнээс болоод ардчилалд гажиг сууж, цөөхөн хүмүүс улсын хөрөнгийг залгиад, ард түмэн ядуурчихав уу. Зөөлний тэмдэг гэдэг үсгээс болоод шүүх, прокурорийнхон зөөлхөн авир гаргаж авилга аваад гэмтнийг суллаж тавиад байх болов уу. “Хууль мэдэхгүй хүн эцгийнхээ толгойгоор оролддог, хуур мэдэхгүй хүн чихийг нь мушгидаг” гэж монгол үг бий. Чухамдаа тухайн орны үндэсний бичиг үсэг гэдэг ямар үнэтэй болохыг би Литвад очихдоо анзаарч билээ. Ливта улс бол эдүгээ 3.6 сая хүн амтай. Монголчуудыг Европ руу довтлохоос өмнө Хардалай, Крымийн хойг хүртэл нутагтай том импери байсан түүхтэй. Манайх шиг мандаж бадарч, махарч цөхөрч явахдаа эх хэл, үндэсний бичгээ хэзээ ч гээгээгүй, түүх соёлоо авч үлдсэн дайчин ард түмэн юм билээ. Тэр чанараараа Европын Холбоонд хамгийн түрүүнд элсэж чадсан. Монголчууд бидэнд Литва шиг товхийсэн ихээхэн чадуу орон болох боломж бүрэн бий. Тэнд хаашаа ч харсан өөрийнхөө хэл дээр бичсэн хаяг, уриа, зар чимэглэл харагдана. Яг л эртний Грект ирчихвүү гэлтэй. Манайд ямар байгаа билээ. Хэрэв төөрсөн нэгэн Улаанбаатар хотод ирчихвэл чухам ямар газар оронд ирснээ мэдэх аргагүй. Эргэн тойрон эрлийз бичигтэй. Тэгээд ч бид уйгаржин монголоо гэх үү, криллээ гэх үү, хос бичигтэн болох уу гэдгээ шийдэж чадахгүй хориод жил маргалдаад ангайж гайхаж, алцайж зогсоод байхад Ц.Дамдинсүрэн гуайн цагаан толгойг асман болгох тухай яриад эхэллээ. Үрээг хөнгөлж чадахгүй туршлагагүй малчид нэг нь үлдээснээс болоод адуун дотоо асман амьтан бий болдог… Хүн 32 шүдтэй байснаа унаж эмсгий болдог шиг 35 үсэг 31 болох нь ээ, янз нь.

Хөөрхий дөө муу Дэмбэрэл юм үзээгүй болохоороо гэдэг шиг, хөөрсөн хэдэн эрдэмтэд их л хөөрцөглөж, өөрчлөх юм их бий гэж баадуурч харагдана. Хэлийг нь эрлийзжүүлээд, үсгийг нь тахир дутуу болгоод авбал ер нь дээл гэзэг хоёроос өөр монгол гэмээр юм юу үлдэх бол. Ц.Өнөрбаян  “Ард түмнээс санал авах шаардлагагүй” гэж их том толгой гаргасан байх юм. Тэр чухам хэн юм бэ. Бас “Будлиантай хэвээр байгаад л байвал эх хэлний сургалтын нэр хүнд улам унана” гэж хэлсэн байна. Эндээс удаан жил хэрэглээд сурчихсан бичгийн учрыг өөрсдөө заах гэж оромдож будлиулчихаад, эцэстээ сургалтын нэр хүнд унахаас болгоомжилж өөрчилж байгаа юм байна гэж ойлгогдоно. Ард түмэн үсгийн дүрмээ өөрчлөхийг хүсээгүй болохоор ямар ч санал өгөхгүй. Энэ тухай асуугаад хэрэггүй. Харин энэ үнэтэй соёлоо хэрчих үү, хэвээр үлдээх үү гэдгийг бол хүн бүхэн хэлнэ.

Яргачин Сталин, Ленин нарынх нь хөшөөг нураагаад авлаа. Хэлмэгдэгсдийг суулган байцааж байсан жондгор сандал дээр нь Самбуу, Цэдэнбал хоёрын хөшөөг босгочихлоо. Коминтерний тагнуулууд илтгэх хуудсаа бичиж, яргачид хүйс тэмтрэх тушаалд гарын үсэг зурж, гүйцэтгэх тогтоол гээчийг бичиж байсан, залгуулаад социализм гээч хуучин нийгмийн бузар булхайг магтдаг зохиолчид нэртэй нөхдийн уул овоо шиг номоо бичиж үлдээсэн хэвээр крилл бичгийг нь байлгах гэдэг аюултай. Одоохон үүнийг өөрчлөх хэрэгтэй гэсэн санаа цаана нь байгаа юм биш үү.

Үүнийгээ шинэчлэл ч өрнөж байна даа гэж бодоод байгаа юм болов уу.  Арван хоёр жилээс луу, бар хоёрыг хасаад, ямаа, тэмээ хоёрыг оруулна. Яагаад гэвэл бар, луу хоёр манайд байхгүй гэсэн шог гарсан байна. Шинэчлэлийн нэртэй Засгийн газрыг шоглож байгаа нь тэр. Дөчөөд онд хэсэг хүмүүсийг хөлсөлж латин үсэг нэвтрүүлэх гэж оролдсон түүх бий. Ц.Дамдинсүрэн гуайн хувьд бол харин түмэн бэрхшээл, мянган саадыг давж монгол шинэ бичгийг бий болгосон. Дал наян жил дасал болж, үнэтэй цайтай бүтээл бүхнээ бичиж үлдээсэн энэ үсгээ эргээд уулзахад танихгүй хүн шиг болгох уу гэдэг асуудал тулгарч байна.

Эргэцүүлж сайтар бодоцгоогоосой билээ. Төр засаг нь шинэчилсэн болох гээд, эрдэмтэн нэртэй нөхөд сүртэй том юм хийсэн хүмүүс болж харагдах гэсэн энэ хөөрцөглөл түүх түүхийрч, боловсрол бэлэвсрэл болохын цондон бус уу. Түүний оронд төрийн байгууллагууд, яам, агентлагт төрийн эх хэл баригч томилон ажиллуулж, хэлгүй шулга, бичиг нь ичиг болсон түшмэлүүдээ сургаж аваасай. Аливааг эвдэхэд амархан. Эвлүүлэхэд хэцүү. Нэг хөдөлсөн чулуу гурван жил байраа олдоггүй гэдэг. Тэгвэл үсгийн дүрмээ нэг хөндвөл дагалдан гарах үр уршгийг тооцож үзээсэй. Ри, Да, Лу багштан гэж хэлнийхний дээдлэн сүслэдэг гурван агуу хүмүүс дээд тэнгэрээс харж суугаа. Тэд амьд сэрүүнсэн бол ингэж улс төрийн тоглоом, увайгүй шавь нарынхаа шоглоом болж байгаа үсгийн дүрмээ хамгаалж, чухам юу гэж хэлэх байсан болоо?! Уг нь уйгаржин бичгээ бүрэн сэргээвэл сайн юм. Эс тэгж чадвал криллээ эвдээд хэрэггүй. Хүн төрөлхтөний бий болгосон бүх нийгмээс ардчилал нь арай дээр юмуу даа гэсэн үг бий. Тэрэн шиг уйгаржингаа сэргээж төрийн албан бичиг болгож чадахгүй бол криллээ өөрчлөхгүй нь дээр. Байгаагаа өөрчлөөд баатар болдоггүй. Байхгүйг бий болговол баатар болдог. Д.Төмөртогоо тэргүүтэй эрдэмтдэд төрийг дагаж төөрөлдөөд байгаагаа боливол яасан юм бэ гэж хэлье.

Одоогийн дүрэмдээ тулгуурлаад “Зөв бичих толь” гээчийг зохиож хэдэн хүн мөнгө цохьвол цохино л биз. Тааруухан юм гаргавал худалдаж авахгүй, бүр шатааж бас болно. Төр засаг тухайн үедээ Ц.Дамдинсүрэн гуайн номыг шатааж байсан юм чинь одоо ард түмний шатаах ээлж ирж магадгүй.

ЗУУНЫ МЭДЭЭ


URL:

Сэтгэгдэл бичих