Д.Золбаяр: Би дүр эсгэсэн найруулагч биш
Энэ удаагийн зочноор кино найруулагч Д.Золбаярыг урилаа.
-Цас хаялж, хүйтний эрч чангараад өвөл цаг иржээ. Энэ л үед тантай уулзаж буйдаа баяртай байна. Найруулагч хүнд шинэ сэдэл санаа, эрэл хайгуул цаг мөч бүрт эргэлдэж байдаг болов уу. Та энэ цаг үед юуны талаар бодож сууна вэ?
-Надад цаг мөч бүр үнэтэй. Тэр цаг үед ач холбогдол өгч чаддаг учраас эргээд сайхан санаа, шинэ уран бүтээлийн эрч хүч хайрладаг болов уу. Яагаад ч юм өвөл намайг сэргээдэг. Идэр ес эхэлж байхад Хонгконгд очиход дулаахан, ногооноороо байдаг ч нутгаа, сэнгэнэсэн агаараа санаад бүгчимддэг юм билээ.
Тэгэхээр эрс тэс уур амьсгал монголчуудын салшгүй нэг хэсэг юм даа. Одоогоор би тайван амралтын байдалтай байна. Дараа хавар эхлүүлэх киноны зохиол болон бэлтгэл ажлыг бодож сууна. Гэхдээ өвөл нь бодоод зун хийдэг гэж ойлгож болохгүй. Цасан дунд цагаан нэхий дээл өмсөөд цан хүүрэг татуулсаар давхиж яваа эр хүний тухай кино хийх хүсэл бий. Энэ өвөлдөө ч амжихгүй нь дээ.
-Яагаад амжихгүй нь гэж. Уг нь сайхан санаа байна?
-Кино бүтээхийг амраар бодох хэрэггүй. Санаа байлаа гээд тэр дороо бүтнэ гэж байхгүй. Энэ бол миний мөрөөдөл төдий зүйл. Жүжигчин хүн тийм дүрд тоглохсон гэдэг шиг би одоогоор сайхан эр хүний тухай кино хийхийг хүсч байна. Унжаад байхаар унаад ирээсэй гэсэн залхуу эрийн тухай үлгэр байдаг. Арай ч түүн шиг суухгүй байгаа юм.
Мөрөөдлөө алхам алхмаар биелүүлж яваа гэж өөрийгөө урамшуулдаг. Учир нь би хүссэн мэргэжлээрээ, хүссэн ажлаа хийж байгаа хүн. Мөн Монголын киног дэлхийн зах зээлд гаргаж эхэлж байгаа минь миний мөрөөдөл бага багаар биелж л байна. Мөрөөдөл хэзээ биелж гүйцэхийг хэлж мэдэхгүй. Хэзээ ч биелж дуусахгүй байх. Дуусч ч болохгүй.
-“Аравт” кино яах аргагүй том төсөл байсан. Хүмүүсийн анхаарлыг их татаж байлаа. Хэрхэн ажилласан бэ. Өөрийгөө дүгнэхгүй юу?
-“Аравт” киног сайн бүтээл болгох гэж их хичээсэн. Бүх л авьяасаа шавхаж ажилласан. Тийм ч учраас өнөөдөр кино маань дэлхийн зах зээлд гарсан. Саяхан Герман улсад албан ёсоор гарч эхлэхэд нь DVD, Blu ray дискийг нь захиж авчирууллаа. Монгол киног Герман хэл дээр ам бариад орчуулсныг нь харахад сайхан л санагдаж байна. Одоогоор англи, франц, испани, казак, хятад, солонгос хэл дээр орчуулагдан худалдаалагдаж байгаа. Удахгүй орос хэлнээ хөрвүүлнэ. Хамгийн гол нь бид киног экспортлох боломжийг нээсэндээ баяртай байна.
-Монголын кино урлагт хуруугаа мөн хошуугаа ч дүрэх хүн олон байна. Та энэ тал дээр юу гэж боддог вэ?
-Хийснийг шүүмжлэх амархан. Харин хийх хэцүү гэж ярьдаг. Үүнийг юм хийж үзсэн хүн л ойлгоно. Сүүлийн үед янз бүрийн хүн кино хийж байна. Ардчилал, хүний эрхийг дээдэлдэг улс учир тэднийг хорих эрх байхгүй. Харин кино урлаг бол мэргэжлийн урлаг юм шүү гэдгийг л ойлгоосой. Би нэг л зүйлээс нь айдаг. Миний ажигласнаар олон кино ашигтай байгааг ярьж байна. Харин кино ашиггүй болох цагт тэд өөр төрөл рүү хийсээд л алга болно. Тэр л харамсалтай.
-Энэ нь кино урлагийн хөгжилд хэрхэн нөлөөлж байгаа бол. Хүмүүс ч их л шүүмжлэх юм?
-Монголын кино урлаг хөгжихгүй байгаа нь олон шалтгаантай. Киноны чанар чансаа техник технологийн болон санхүүгийн байдлаас шууд шалтгаалдаг. Олон уран бүтээлчийн хүч хөдөлмөрөөс бүтдэг учраас тэдгээр мэргэжилтнүүд ур чадвартай байх нь чухал. Мөн Холливудын кинонуудтай бидний бүтээлийг шууд харьцуулдаг буюу үзэгчдийн шаардлага өндөр болсон байна.
Маш жижиг зах зээлтэй тул дотоод зах зээлээс зардлаа нөхөх бололцоогүй.Төрийн дэмжлэг байхгүй. Оюуны өмчийн тухай ойлголт төрийн хэмжээнд ч, ард түмний ухамсарт ч сул байгаа гээд л дурдаад байвал их зүйл бий. Гэхдээ унасан бөхөд шалтаг мундахгүй гэгчээр шалтгаан тоочоод байх шаардлагагүй. Бидний энэ шалтгаануудыг хэн ч тоож авч хэлэлцэхгүй гэдгийг 20 шахам жил кино урлагт зүтгэхдээ бид ойлгосон. Иймээс өөрсдийнхөө хэмжээнд зохицуулаад явж л байна.
-Холливудад нэг киног 50 сая, 100 сая ам.доллараар хийдэг гэж ярьдаг. Харин Монголд ийм жишиг бий юу?
-Тогтсон жишиг Монголд байхгүй. Ер нь бага, дунд, нүсэр төсөвтэй кино гэж гурав ангилдаг. Нүсэр төсөвтэй нь бидний үзээд байдаг Холливудын кино. Гэхдээ кино их, бага төсөвтэй байхынхаа хэрээр сайн, муу болно гэж туйлширч болохгүй л дээ. Маш бага төсөвтэй хэрнээ сайн кино зөндөө байдаг. Жишээ нь, Хятадын Жан Мун гэж алдартай найруулагч “Баатар” киног хийхдээ 30 сая ам.доллар зарцуулсан байдаг.
Жет Лигийн тоглосон кино байдаг даа. Жан Мун энэ киноноос өмнөх кинонуудаа маш бага зардлаар хийдэг байсан хэрнээ тэр олон сая ам.доллар зарж хийсэн кино нь өмнөхөө гүйцдэггүй. Тэр кинонуудыг нь үзээд би атаархдаг. Би заавал их мөнгө хэрэгтэй гэж бодоод сууж байхад энэ хүн мөнгөгүйгээр кино хийгээд Каннаас, Берлиний кино наадмаас шагнал авчихсан байх жишээтэй. Тийм учраас бүх зүйлийг мөнгөтэй холбож ойлгож болохгүй л дээ. Та бүхэн үзсэн бол мэдэх байх даа. “Нэг ч дутах ёсгүй” гэж Жан Муны сайн кино бий.
-Найруулагч гэхээр жүжигчдийг загнасан зандарсан хүмүүс байдаг гэж ойлгох нь бий. Та ааштай найруулагч уу?
-Зарим хүн найруулагчийн дүрд тоглодог. Хэний ч бодоогүйг бодчихсон, хэнээс ч ухаантай, өвөрмөц, ер бусын хүн болж харагдах гэж хичээдэг. Ийм хүмүүс урлагийнхан тэр дотроо найруулагчийн дунд байдаг. Энэ л хамгийн аюултай өвчин. Орчин үед PR буюу олон нийтийн сэтгэл зүйг өөртөө хандуулах гэсэн балиар сэтгэхүй газар авчээ. Нимгэхэн ном биччихээд өөрийнхөө зургийг нүүрэн дээр нь хэвлэдэг хүмүүст би дургүй. Ном нь л уншигчдад хэрэгтэй болохоос зохиогч нь гол бус шүү дээ.
Жорлонгийн нээлтэн дээр Засаг дарга нар ирээд үг хэлж байгааг хараад өрөвддөг, бас ой гутдаг. Учир нь хүн өөрийнхөө хийх ёстой ажлаа л хийх ёстой. Би нэг төмс арилгачихлаа, би дахиад нэг төмс арилгачихлаа гээд тогооч нар хашгираад байдаггүй биз дээ. Тэгэхээр би дүр эсгэсэн найруулагч биш. Байгаараа л байхыг хичээнэ. Заримдаа уурлах үе гарна. Гэхдээ ууртай л байвал сайн гээд бухимдаад байвал эрүүл мэнд хохирно шүү дээ.
-Кино урлагт амьдарсан он жилүүдийн тань хамгийн үнэт зүйл нь юу байна вэ?
-Энэ талаар нухацтай бодож байсангүй.
-Мэдрэмж эрэл хайгуул, авьяас гээд таны мэргэжил хүнээс олон ур ухаан шаарддаг байх?
-Хамгийн гол нь сэтгэл. Манай урлагийнхан 99 хувийн хөдөлмөр, нэг хувийн авъяас чухал гэж ярьдаг. Гэтэл сэтгэл зүрхээ зориулахгүйгээр хөдөлмөрлөөд л байвал үр дүрд хүрэхгүй. Заримдаа шөнөжин ажиллана. Гэтэл бас юунд ч санаа зоволгүй амрах шаардлага гарна. Би сайн найруулагч болох гэж хичээдэггүй. Зарим хүмүүс супер байдаг. Кино хийж үзлээ. Одоо жүжиг хийнэ. Эсвэл жүжиг гарын дор болчихлоо кино, шоу, хошин шог, клип, реклам, телевизийн нэвтрүүлэг хийе гэх мэтээр тал тал руу үсчээд байдаг. Би үүнийг таашаадаггүй. Энэ төрлүүд өөр өөрийн хийцтэй, онцлогтой. Иймээс энэ онцлогийг нь хүндэтгээд зөвхөн киногоо л сайхан хийдэг болох юмсан гэж хичээдэг.
-Жүжигчин хүн угаас авьяастай төрдөг гэдэг шиг найруулагч байгалиасаа төрдөг болов уу. Та бас энэ тухайд өөрийгөө хэрхэн тодорхойлох бол?
-Энэ бол хэт хөөрүү үзэл. Дээрх жишээгээр хүн бүхэнд л бүх төрлийн авъяас нэг хувь бий. Сэтгэл гаргаж ухаалгаар хөдөлмөрлөхгүй л бол төрмөл авъяас хөгжихгүй. Миний хувьд төрсөн найруулагч биш. Найруулагч болохоор зүтгэж байгаа жирийн нэг уран бүтээлч. Үхэн үхтлээ л найруулагч болох гэж хичээх байх аа.
-Таны намтар түүхийг сонирхож байхад хуульч, цэргийн мэргэжлээр сургууль төгссөн гэсэн байсан. Цэргийн хүн яагаад кино урлагийг сонирхох болов?
-Намайг аравдугаар ангиа төгсч байхад Монголд кино урлагийн чиглэлийн сургууль байдаггүй байсан. Манай гэр бүлд ч урлагийн хүн байхгүй учир кино үйлдвэрт ажиллах, гадаад руу киноны чиглэлээр сургуульд явахад хүндрэлтэй байсан. Тийм болохоор ямар ч байсан дээд боловсролтой байх ёстой гэж үзээд цэргийн сургуульд орж суралцсан.
Энэ сургуулиа төгсөх үед хэд хэдэн урлагийн сургууль байгуулагдсан байсан л даа. Тиймээс дуртай зүйл болох кино урлаг руу хөл тавьж “Харцага” дээд сургуульд орсон. Хүмүүс гайхаж л байсан. Надад диплом нь биш мэргэжил нь хэрэгтэй байсан юм. Тэгээд л уран бүтээлийн ажлаа эхлүүлж байлаа.
Т.Батсайхан
URL: