Э.Бат-Үүлийг огцруулах бүрэн үндэслэл байна

527-1377073209zuragНийслэлийн захирагч бөгөөд Улаанбаатар хотын дарга Э.Бат-Үүлийг албан тушаалаас нь огцруулах хангалттай үндэслэл байна.

Хэрвээ хууль хэрэгждэг бол шүү дээ. Учрыг өгүүлэхийн эхэнд Э.Бат-Үүл хотын дар гын суудал горилж явахдаа дэвшүүлсэн гол мөрийн хөтөлбөрийг дурдах шаардлага гарна. Товчхондоо энэ хүн нийслэлчүүдийн “эмзэг сэдэв” дээр тоглосныг хэн хүнгүй мэдэж байгаа. Тэрбээр гэр хорооллыг хаус хороолол болгох уриалга гарган иргэдийг “Газраа зарж үрэхгүй бай, цаашид наад газар чинь чулуу болно” хэмээн сайхан амласаар олонхийн саналыг авч чадсан. Нэг ёсондоо түшиг тулхтай мэт жүжиглэдэг эрт үеийн улстөрчийн үгэнд нийслэлчүүдийн дийлэнх нь итгэж, гэр хорооллоос хаус хороололд шилжих сайхан мөрөөдлийг нь биелүүлнэ гэдэгт итгэсэн. Дөчин мянгатад өссөн Үүл даргад энэ нь сонгуульд ялах хамгийн зөв шийдэл байсан.

Ийнхүү иргэдийн мөрөөдөл дээр “гишгэлэн” гарч ирсэн тэрбээр өнөөх хаус хорооллоо гэр хорооллын дахин төлөвлөлт болгон хувиргасан. Аль болох гэр хорооллыг багасгах зорилгоор хаус төслөө ингэж өөрчиллөө хэмээн тухайн үед сайхан ам гарч байсан ч үнэн хэрэгтээ энэ ажлын цаана маш том ашиг сонирхол явж байжээ. Үүнийг нийслэлчүүд бид одоо л зах зухаас нь гадарлаж буй. Арга ч үгүй биз, учир нь тэрбээр амин хувийн ашиг сонирхлоо маш сайн нууж чадсан юм чинь. Гэхдээ л даравч далдайж, булавч бултайдгийн үлгэрээр түүний хуудуутай үйлдэл ар араасаа илэрч эхэллээ.

ҮҮЛ ДАРГЫН СОНИРХЛЫН ЗӨРЧИЛ-1

Э.Бат-Үүл дарга хүү Чулуудайнхаа брокер диллерийн компанийг нийслэлчүүдийн “Мөрөөдлийг биелүүлэх зорил готой” хэмээн том тодорхойлсон гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажилдаа татан оруулж, үзэглэсэн нь ил болсон. Хотын мэрийн “тал бүрийн авьяастай” хүү анхнаасаа барилгачин байсангүй. КУДС-ийг найруулагч мэргэжлээр төгссөн тэрбээр юун барилга манатай цагаан гартан. “Монголын урлагийг хөл дээр нь босгоод өгнө” хэмээн ээжийнхээ үүсгэн байгуулан “Сонор” рекордсыг нэг хэсэг авч явсныхаа дараа гадаадад сурахаар одсон байдаг. Ингээд тэрбээр 2011 оны аравдугаар сарын 28-нд Б.Ганзориг гэгчийн үүсгэн байгуулсан брокер диллерийн “Гранд лайн” компанийн хувьцаа эзэмших эрхийг 100 хувь өөрийн нэр дээр худалдан авчээ. Тус компани нь Ховд аймагт брокер диллерийн үйлчилгээ үзүүлж байгаад гэнэт л нийслэлийн бүтээн байгуулалтад гар бие оролцохоор болсон. Энэ үйл явцыг Б.Чулуудай “байдаг л зүйл” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа тодорхойлсон ч үүнийг зүй бус гэж үзэх хэд хэдэн шалтаг, шалтгаан байна.

Тэр бүү хэл яг энэ процессийг зохицуулсан хуулийн заалт ч бий. Нэгдүгээрт, шал өөр зорилго, чиглэл бүхийн брокер диллерийн компани барилгын салбар руу орж ирсэн. НИТХ-аас гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэж 12 байршилд дахин төлөвлөлт, орон сууцжуулах төслийн сонгон шалгаруулах ажил явагдсан юм. Хоёрдугаарт, энэ төслийн сонгон шалгаруулалтыг эцэслэн, баталгаажуулах эрх бүхий хүн нь Э.Бат-Үүл. Гэтэл салбартаа л танигдсан, хэд хэдэн удаагийн бүтээн байгуулалтын ажлыг гардан гүйцэтгэчихсэн туршлагатай компаниудыг Б.Чулуудайн компани ардаа орхичихож байх жишээтэй. Гуравдугаарт, 12 байршлаас хамгийн боломжит газрын ажлыг “Гранд лайн” гүйцэтгэхээр болж байх юм. Энэ байдлыг аав, хүү хоёрын хэн нь ч “асуудал” гэж авч үзэхгүй байгаа. Анхнаасаа л хэн хэнийхээ амьдралд оролцоод байдаггүй хотын мэрийн гэр бүлийнхэн хэнийгээ хаана юу хийж явааг төдийлөн мэддэггүй гэсэн. Мэдсэн ч гүн рүү нь орж сонирхдоггүй юм гэнэ лээ, Үүл баатрын том хүүгийн хэлснээр. Гэхдээ ч Э.Бат-Үүл дарга нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажилд “хүч үзэж буй” хүүгийнхээ брокер диллерийн компанийг 12 байршлийн тендерт ялаад гараад ирэх үед нь анхаарал хандуулаагүй биш хандуулсан юм гэсэн шүү бас ч гэж туршлагатай улстөрчийн хувиар. Гэсэн ч Чулуудай “Аав аа, энэ бол чөлөөт нийгэм. Хэнбугай ч байсан үзэл бодол, шашин шүтлэг, гарал үүслээсээ үл хамаарч чөлөөтэй бизнес эрхлэх эрхтэй. Та бидэнд энэ нийгмийг байгуулж өгсөн. Тиймээс бидний ажилд битгий саад бол оо” гэсний дагуу эрхэм хотын дарга “нэрээ татсан” гэж байгаа.

Гэхдээ мэдээж аав, хүү хоёрын амин хувийн ярианд нэг нь нөгөөгөө дэмжих тухай яриагүй байж гэмээнэ “Гранд лайн” компани нийслэлийн хамгийн боломжит газарт маш том ажил авчихаад явахгүй л байх байлаа. Дөрөвдүгээрт, хэн хэнийхээ хийж буй ажлаас дөлж байхдаа аав, хүү хоёрын аль аль нь ашиг сонирхлын зөрчил гаргаж байгаагаа ухаагүй гэж итгэхэд бэрх. Гадны өндөр хөгжилтэй оронд боловсрол эзэмшсэн залуу аавынхаа чихийг халууцуулах ажил хийж байгаагаа мэдээгүй юм гэхэд тэртээх он жилүүдээс хойш “Ардчиллын алтан хараацай” нэр зүүтлээ улс төрийн тавцанд цоролзсон туршлагатай улстөрч мэдсэн ч нүдээ аниад өнгөрчээ гэж харахаас өөр арга алга. Түүнээс гадна дэд бүтэц болон шугам сүлжээд холбогдсон, барилгын ажлаа шууд эхлэх бүрэн боломжтой газарт “Гранд лайн”- ийг ялуулах гэж Баянзүрх дүүргийн төрийн албан хаагчид бас ч үгүй дор бүрнээ хичээсэн юм гэсэн шүү.

Эх сурвалжийн мэдээлснээр, инээдтэй ч гэмээр зүйл их болсон юм билээ. Нээлттэй сонгон шалгаруулалт зарлах өдөр өрсөлдөгч компаниудын замыг боох, дотогш нэвтрүүлэхгүй байх, тусгайлан бэлдсэн хүмүүсийг санал хураалтад оруулах мэтээр багагүй цаг зав зарцуулсан байдаг. Нэг ёсондоо “Гранд лайн”-ыг сонгохоос өөр гарцгүй болгох ажилд хаана хаанаа хүч нэмэрлэж байж Үүл даргынхаа хүүг өдгөө энэ их мөнгөний ажилд сандайлуулаад байгаа юм билээ.

 

ҮҮЛ ДАРГЫН СОНИРХЛЫН ЗӨРЧИЛ-2

Улаанбаатар хотын дахин төлөвлөлтийн ажилд нэг удаа нүдээ аниад ашиг сонирхлын зөрчил хотын мэр дахиад амин хувийн ашиг сонирхолдоо дийлдсэн бололтой. Энэ удаад нийслэлийг орон сууцжуулах ажлын хүрээнд Налайх дүүрэгт баригдаж буй “Шинэ Налайх” хорооллын 6000 айлын орон сууцыг “Тэлмэн констракшн” барьж буй. Гэтэл эл компани Э.Бат-Үүлийн ганц охин Хулангийнх ажээ.

Үүл даргын хүргэний удирддаг энэхүү компани чухам ямар замаар энэ ажилд оролцсон нь тодорхойгүй байгаа ч түүнийг намынхаа лидер, Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуягийнхаа үйл хэргийг залгамжилж “Дэнзэндэж” байна гэж харахгүй байх арга алга. “Тэлмэн констракшн” хэдийгээр өөр хүний нэр дээр байдаг ч тус компанийн “нууц ноёнтон” нь Б.Хулангийн нөхөр ажээ. Эл томоохон бүтээн байгуулалтын ажилд улсын төсвөөс хөрөнгө мөнгийг нь гаргаж байгаа бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны мөрийн хөтөлбөрт тусгасан ажил юм. Түүний мөрийн хөтөлбөрт алслагдсан дүүргүүдийг дагуул хот болгох талаар тусгасны дагуу эл ажил эхэлжээ. Энэ ажлын эхлэл болох 300 айлын орон сууц болон дагалдах тохижуулалтын хийх ажил өнгөрөгч зургадугаар сард эхэлж байв. Эл үйл явдалд Э.Бат-Үүл өөрийн биеэр очин тууз хайчилж, хүргэн хүүдээ баяр хүргэж, “Тэлмэн констракшн” тендерт ялсан хэмээн зарлан тунхаглаж байв.

Ийн баярлан зогсохдоо тэрбээр бас л ашиг сонирхлын зөрчил гаргаж байгаагаа мэдэж байсан нь лавтай. Гэвч Засгийн газрын тэргүүн нь болоод байхад би яагаад болдоггүй юм гэж өөрийгөө зоригжуулсан байж ч болох юм. Ямартаа ч төрийн өндөр албан тушаалтнуудын ашиг сонирхлын зөрчлийг хазаарлах үүрэгтэй батлагдсан Ашиг сонирхлын зөрчлийн тухай хууль энэ парламентын үед л лав хэрэгжинэ гэж итгэхэд бэрх байгааг төрийн томчууд ийнхүү өөрсдийн биеэр үлгэрлэж байна.

Э.БАТ-ҮҮЛИЙГ ИЙМ ҮНДЭСЛЭЛЭЭР ОГЦРУУЛНА

Хотын дарга удаа дараа ашиг сонирхлын зөрчил гаргасан. Үүнийг Нийтийн албанд болон хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилсан сэргийлэх тухай хуулийн 11.1 дэх хэсэгт зааснаар албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий / хүү, хүргэн/ этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны акт гаргах, удирдах, хяналт шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэсэн заалтыг илт зөрчсөн. Мөн хувийн ашиг сонирхлын мэдүүлэг гаргахдаа тус хуулийн 23.2 дахь хэсэгт зааснаар Мэдүүлэг гаргагч хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ өөрөө үнэн зөв гаргах үүрэгтэй гэж заасныг илтэд зөрчин том хүүгийнхээ “Гранд лайн” компанийг нуун дарагдуулсан. Эдгээр үйлдэл нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32.2-т зааснаар Засаг дарга гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нотлогдсон.

Түүнчлэн хууль тогтоомж зөрчсөн буюу чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй бол тухайн шатны хурал түүнийг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө огцруулах саналыг Ерөнхий сайдад хү ргүүлнэ гэж хуульчилсан нь хотын мэр Э.Бат-Үүлийг огцруулах бүрэн үндэслэл болж байгаа юм. Түүнчлэн өнгөрөгч гуравдугаар сарын 31-нд гэр хорооллын дахин төлөвлөлтийн ү йл ажиллагааны журмыг батлахдаа иргэдэд Үндсэн хуулиар олгосон эрхийг з өрчсөн шийдвэр гаргасан нь өдгөө иргэдийг Хотын захиргааны гадаа хоноход хүргээд буй.

Тодруулбал, дээрх журамд дахин төлөвлөлтийн бүсэд амьдарч буй иргэн төсөлд ялсан байгууллага болон хотын удирдлагатай гурван талт хэлэлцээр хийсний үндсэн дээр газраа зарах, чөлөөлөх ажлыг хэрэгжүүлнэ гээд заачихсан. Түүнчлэн дахин төлөвлөлтийн газарт багтсан айлын хашаа хаана байрлаж байгаагаас хамааран үнэлгээ өөр өөр байхаар тогтсон. Нэг үгээр хэлбэл, төв зам, худаг буудлаас хол зайтай бол 40, ойрхон бол 70 сая төгрөгөөр үнэлэгдэж байх жишээтэй. Энэ мэтчилэн жирийн иргэний амин хувийн ашиг сонирхлыг хэт хаан боогдуулж, иргэдийн бус томоохон компани, аж ахуйн нэгжүүдийг илт дэмжиж байгаа үйлдэл нь ч мөн хууль зөрчиж байгаа юм. Ямартаа ч хотын мэрийн хуудуутай үйлдлүүдийг хуулиар зохицуулна гэвэл түүнд лав гарах гарц олдохгүй бололтой.

М.ӨНӨРЖАРГАЛ

URL:

Сэтгэгдэл бичих