Рагу Монголын урлагийн томчуудыг “Хөгшин Мафиуд” гэж цоллоод зугтлаа

08f1e0d6e9fc391boriginal
-UBS ТЕЛЕВИЗ БОЛОМЖИЙН ЦАЛИН ӨГЧ БАЙСАН УЧРААС “UNIVERSE BEST SONGS”-Д АЖИЛЛАСААР БАЙЖЭЭ-

Энэтхэг гаралтай, хот төлөвл өлтийн инженер мэргэжилтэй Рагу Роман Монголын урлаг соёл тэр дундаа дуу хөгжимд өөрчлөлт, шинэчлэл хийхээр ирж долоон жил аж төрөөд “төрхөмдөө” буцлаа. Тэрбээр өдөр болгон барилга барьж, барилгачидтай хамт байхаасаа залхаж, дуу бичлэгийн салбарт суралцсан гэдэг юм билээ. Ямартаа ч ирсэн даруйдаа UBS телевизийн шинэхэн төсөл болох “Universe best songs”-ын шүүгчээр ажиллаж, дараа нь МУГЖ Ж.Алтанцэцэгийн “Prosound” студийн продюсероор ажиллаж эхэлсэн юм. Рагу Сингапурт дуу бичлэгийн студитэй байх үеэсээ Монголын рок попынхны олон цомог дээр ажиллаж байсан гэнэ.

Харангын Чука, Камертон, хийлч Дээгий, МУГЖ Т.Ариунаа бүгд л түүнийг зорьж очин уран бүтээлээ хийж байсан аж. Огт танихгүй Рагу дээр тэд яагаад очив гэдэг асуудал нь сонин. Магадгүй түүний монгол эхнэр бизнесийнх нь гүүр байсан байж магад. Тэр дундаас Камертоны Д.Болдтой нэлээд “зузаарч” Монголд ирээд түүнтэй хамтарч дуу бичлэгийн “B Production” байгуулсан. За эндээс л Рагу хүчээ авч эхэлсэн дээ.
Манайхан чинь гаднын хүмүүсийг хормой, хошуу дэвсээд толгой дээрээ залчихдаг муу зантай хүмүүс болохоор түүнийг ч бас тэгсэн хэрэг. Тэр эрчээрээ “Nature Sound”, “Up music production” гээд хэд хэдэн студийг хөл дээр нь босголцож, дизайныг нь хийлцсэн гэдэг. За тэр студийн хөгжим, дуугаралт тал дээрээ тийм байж. Харин “Universe best songs” наадам бол өсвөр үеийн дуучдыг тодруулах зорилготой. Дуулах сонирхолдоо хөтлөгдсөн залуус уг тэмцээнд оролцож чансаагаа үздэг. Шүүгчдийн хувьд УГЗ Д.Ухнаа, Б.Долгион, МУГЖ Т.Ариунаа гээд манай урлагийн “акул”-ууд Рагугийн хамт шилдгүүдийн эрэлд гарсан.
Тайзан дээр тэр бүр гарч үзээгүй залуус шүүгчдийн өмнө гараад сандарч тэвдэх тохиолдол цөөнгүй. Тэр бүрт Рагу манай шүүгчдээс урьтаад “Чадахгүй байна, мэдрэмжгүй, караокены дуучин” гэх зэргээр олон залуусын итгэлийн галыг мохоож байсан нэгэн. Эндээс эхлээд л шүүгчдийн хооронд үл ойлголцол гардаг байсан. Тухайлбал, Долгион, Ухнаа нар өөрийн орны дуучдын өнгө аясыг мэдэрдэг хүмүүсийн хувьд Рагугаас арай өөр тайлбар хэлэх жишээтэй. Оролцогчид гадаад дуугаар өрсөлддөг учраас Рагуд арай давуу эрх эдлүүлсэн байж болох. Тиймдээ ч түүний амны уншлага болсон “Мэдрэмжгүй” гэдэг үг хит болж байлаа. Урлагийн байтугай жирийн үзэгчид ч Рагуг шүүмж хэлэх бүрт эгдүүцэж, “Манай урлагт үүнээс өөр хүн байхгүй гэж үү.
Хаанахын хэн гэгч вэ” гэх мэт ад үздэг байсан нь үнэн. Сүүлдээ энэ наадмын утга учир алдагдаж, шүүгчдийн ток шоу мэт харагдах болсон. Өөрөөр хэлбэл, оролцогчдоос илүүтэй шүүгчдийн хоорондын мэтгэлцээн давамгайлах болсон хэрэг. Эхний жилүүдийн ганц нэг шилдэг оролцогчид уран бүтээл хийж яваагаас бусад нь тэгээд л хөсөр хаягдсан. Яахав, СГЗ Л.Балхжавын “Миний дуунууд” тоглолтод оролцох завшаан жилд нэг удаа тохионо. Хөрөнгө мөнгө зарцуулж уг шоуг зохион байгуулдаг UBS телевизийн захирлын хувьд байх л асуудал. Бас нэг менежмент ч байж болох талтай. Иймэрхүү маягаар “Universe best songs” наадам жил ирэх тусам чансаа нь суларсаар удахгүй зургаа дахь жилдээ зохиогдох гэж байна. Харин энэ удаа Рагугүйгээр болно. Түүний явсан шалтгаан нь ч үүнтэй холбоотой.
Тэрбээр явахынхаа өмнө өгсөн ярилцлагадаа “Монголын урлаг “хөгшин мафи”-тай учраас ажиллах боломжгүй. Урлагийн ахмадууд залуу үеэ дарамталж байна. Ахмад уран бүтээлчид нь тэтгэвэртээ гарчихаад урлагт байгаад байна. Намайг ирэхэд л Харанга, Сараа, Хурд, Никитон хамтлаг хамгийн хүчирхэг нь гэгдэж байсан. Гэтэл долоон жилийн дараа тэд мөн л байрандаа албаар зогсч байна. Би залуу уран бүтээлч, залуу зохиолчийн дууг дуулах хэрэгтэй гэж боддог. Тэгж байж урлаг хөгжинө. Залуучуудыг өөрөөсөө зайлуулсан, гишгэсэн тэр мафийн эсрэг тэмцсээр залхаж байна гэх мэт ёстой л уушги зүрхээ сагсайлгасан яриа өгчихөөд явсан. Түүнийхээр “Anemone”, “Мixx”, Маралжингоо зэрэг дуучид л Жастин Бибер, Адел юм байх аа.
Нөгөө талаар продюсер гэх албан тушаал нь дээшлээгүйд гоморхсон бололтой. Энэ нь“Хоёулаа хожино гэсэн нэр томьёог монголчууд ойлгохгүй байна. Нэг нь хожоод нэг нь хожигдох ёстой гэж ойлгоод байдаг юм шиг байгаа юм” гэснээс илэрхий. Магадгүй түүнд МУСТА цол тэмдэг өгчихсөн бол гомдлын үг чулуудаад буцахгүй ч байсан юм билүү. Түүнчлэн яагаад хамтарч ажиллаж байсан хамтлаг, дуучдаа хөгшин, тэтгэврийнхээр нь дуудахдаа тулав. Магадгүй тэдний хооронд үл ойлголцол үүссэн учраас тэр байх гэж хардах хүмүүс байгаа юм. Харин тэдний дуу яагаад хит хэвээрээ байгаад байгаа нь өнөөх Рагугийн шалгаруулсан шилдгүүд “гал” гаргахгүй байгаатай холбоотой юм биш үү. Түүний яриад байгаачлан залуучууд нь урлагийг тэсэлж чадвал хүссэн хүсээгүй тэдний үе ард үлдэнэ шүү дээ. Тэрбээр манайд ирж ажиллах болсон шалтгаанаа нэгдүгээрт эхнэртэйгээ холбон тайлбарладаг. Дараа нь Монголын залуучууд маш чадварлаг дуулдаг учраас менежмент хийхээр ирсэн гэдэг. Гэсэн атлаа шилдгүүдээ мэргэшүүлэхгүйгээр сүүлээ хавчаад нутаг буцлаа. Тэрбээр “Universe Best Songs” тэмцээн жилээс жилд суларсаар байгааг хүлээн зөвшөөрч “Би тэр үеэр л энэ тэмцээнийг болих байсан юм. Боломжийн цалин амлаад байсан учраас яах ч аргагүй хийгээд байсан” гэж хэлсэн байна. Тэгэхээр тэр шилдэг дуучин шалгаруулахдаа бус цалинд хоргодоод байсан байна.
Түүнчлэн “Pro Sound” студийн цалинг ч чамласан тухайгаа хэлсэн байна лээ. Эндээс манайд шилдэг уран бүтээлч шалгаруулах гэж ирэв үү, мөнгө хийх гэж ирэв үү гэдэг өнцөг харагдаад байх шиг. Түүний энэ санаа манай зарим уран бүтээлчидтэй ганзага нийлж хэсэг хоршив. Харин “Тэжээсэн бяруу тэрэг эвддэг”-ийн адилаар Рагу уяанаасаа алдуурав. Үүнийг гадуур “Рагу монголын урлаг уруу нулимж байна. Ийм байхад UBS телевизийнхэн хөл хөөр болон гаргаж өгч байдаг. Арай ч дээ” гэж ярихыг цөөнгүй сонслоо. Тэр байтугай СГЗ Д.Ухнаа, Б.Долгион нартай тэрсэлдэж байснаа дэлгээд явлаа ч гэх хүмүүс байгаа юм. Магадгүй тэднийг урлаг мэдэхгүй, сэтгэхгүй байна гэж хэлж байгаа бол манай хөрсөнд л лав буухгүй л болов уу. Солонгос кино, мүнийн шашинд автаад байгаа манай улс Рагугийн хэмнэлээр л дутаж гэнэ.

Б.ЦЭЦЭГДЭЛГЭР

URL:

Сэтгэгдэл бичих