”Тиймээ, би хүүхнүүдэд дуртай, тэгээд юу гэж”
Олон улсын валютын сангийн тэргүүн Доминик Стросс-Кан АНУ-д хүчингийн хэргээр баривчлагдсан нь шуугиан дэгдээгээд байгаа билээ. Тэрээр барьцаа төлж суллагдахыг хүссэн ч талаар болжээ.
Стросс-Кан Нью-Йоркийн “Софитель” зочид буудлын үйлчлэгч бүсгүйг хүчирхийлэхийг завдсан хэрэг Францад цөмийн бөмбөг унасан мэт дуулиан тариад байна.
Социалист намаас Францын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хамгийн их магадлалтай тэрээр өнгөрсөн дөрөвдүгээр сарын 28-нд Парисийн нэгэн ресторанд “Libration” сонины сэтгүүлчидтэй зоог барьж байхдаа ийнхүү ярьжээ. “Тийм ээ, би хүүхнүүдэд дуртай, тэгээд юу гэж. Миний мөнгө, хүүхнүүд, мөн еврей гарал үүсэл миний улстөрийн өрсөлдөгчдөд сайхан өгөөш болж байна” гэсэн байна.
“Намайг олон удаа садар цэнгүүнд оролцсон, зохион байгуулсан гэх гэрэл зураг байна гэж олон жил ярилаа. Би нэг ч тийм зураг олж харсангүй. Байгаа юм бол тэрийгээ нийтэл л дээ” хэмээн франц эр нэмж өгүүлжээ. Стросс-Каны улстөрийн өрсөлдөгчид нь нэр хүндийг нь унагахаар дээрх хэргийг зохиосон хэмээн зарим тоймч үзэж байна.
Олон улсын валютын сангийн тэргүүнийг East River дахь арал дээр оршдог алдарт Rikers Island шилжүүлэхээр болсныг Нью-Йоркийн шоронгийн хэлтсийн төлөөлөгч мэдэгдлээ. Түүнийг өөр хоригдлуудаас тусгаарлаж нэг хүний гянданд оруулахаар болсон байна. Стросс-Каныг хүчирхийлэл, секс түрэмгийллийн долоон зүйл ангиар буруутгаж байгаа бөгөөд гэм буруутай нь нотлогдвол арваас дээш жилийн ял авах юм.
Н.Мөнхжин
URL: