“Тусгаарлан” шалгасан хэргүүд замхарсаар байна

zamharнгАТГ ил тод ажиллаж, ямар ээдрээтэй, ноцтой хэргүүдийг хэрхэн шалгаж байгаа тухайгаа олон нийтэд мэдээлдэг болоод байгаа. Гэвч энд олон нийт ч, шалгуулагч ч ойлгодоггүй зөвхөн “шалгагчид” ойлгоод байдаг нэгэн нэр томъёо бий.

Энэ нь “Уг хэргийг тусгаарлан шалгаж байгаа” гэх мэдээлэл юм. Ийм хэргүүд нь голдуу эдийн засгийн гэмт хэргүүд байх аж. Тухайлбал 2012 оны аравдугаар сард АТГ-аас УИХ-ын гишүүн асан Ц.Батбаяр,  НИТХ-ын дарга асан Н.Болормаа нарт холбогдох “Өргөө” зочид буудлын хувьчлалтай холбоотой хэр­гийг тусгаарлан шалгаж байгаа хэмээн мэдээлсэн.

Мөн өнгөрсөн зур­гаа­дугаар сард АТГ-аас “Эр­дэнэс Тавантолгой” ТӨХК-ийн  гүйцэтгэх  захирал асан Б.Энэбишт хол­богдох хэргийг мөн л тус­гаарлан шалгаж байгаа гэсэн юм. Тавантолгойн Баруун Цанхиас олборлох нүүрсийг БНХАУ-ын төрийн өмчит “Чалко” компанид нийлүүлэх, үүгээрээ барьцаалан 250 сая ам.долларыг зээлсэн гэх энэ хэргийг “жижиг” гэж тодорхойлох аргагүй билээ. Гэвч “Тусгаарлан шалгаж байгаа” гэсэн тайлбартай хэргүүд замхардаг тэр л жишгээр уг хэргийг хэрхэн шийдвэрлэх нь одоог хүртэл тодорхойгүй байна. Үүнээс гадна 10 ширхэг автомашин болон чанарын шаардлага хангахгүй бусад бараа бүтээгдэхүүнийг худалдан авсан гэдэг асуудлыг нь тогтоочихоод байгаа гэдгийг АТГ-аас мэдээлж байсан.

Лав тус газраас өмнө нь мэдээлж байснаар бол УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хүрээнд нь тусгаарлан шалгана гэдэг байр сууриа илэрхийлж байсан. Тэдгээр нь Х.Наранхүү, Ц.Батбаяр нар байв. Тэд ямар хариуцлага хүлээв гэдгээс харахад “хэргийг тусгаарлан шалгасан” тохиолдолд хэрэгсэхгүй болгох, эсвээс захиргааны хариуцлага буюу торгоод өнгөрүүлдэг бичигдээгүй хууль үйлчилдэг байх магадлал өндөртэй аж. Ер нь “ийм аргаар” шалгасан хэргийг хорих ялаар шийтгэсэн тохиолдол, баримт тун ховор юм. Харин хууль бусаар хил давуулан самар худалдсан хэрэг буюу 40 сая төгрөгийн авлигыг цагдаагийн дөрвөн албан хаагч худалдан авсан гэх хэргийг тусгаарлан шалгаад прокурорт шилжүүлсэн гэсэн мэдээлэл өнгөрсөн долоодугаар сард буюу наадмын өмнөхөн дуулдаж байсан удаатай.

Гэвч тусгаарлан шалгасан хэргийг хэрэгсэхгүй болгосон, эсвэл сураг тасарсан тохиолдол илүү олонтаа олдох аж. Тэгэхээр хэрэг үйлдсэнийхээ дараа Монгол Улсын нутаг дэвсгэрээс өөр газар нутагт очоод “эсэн мэнд, тарган цатгалан” яваа хүмүүст, эсвэл УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрх гэгчийн дор ороод нуугдчихсан байхад л “тусгаарлан шалгаж байна” гэж мэдээлдэг аж. Мэдээж энэ нь голдуу эдийн засгийн гэмт хэргүүд байх юм. Харин “Тусгаарлан шалгаж байгаа юм гэнэлээ” гэж ардын аман зохиол маягаар хэсэг ярьсны дараа ямар ч дуулиант хэрэг дарагдан өнгөрдөг бололтой.

Дашрамд сануулахад эдүгээ АТГ-ын дэд даргаар ажиллаж буй Б.Хурцад холбогдох айхавтар дуулиантай төдийгүй “эх орончдын цөсийг хөөргөсөн” хэрэг гарч байсан даа. Гэтэл өнгөрсөн зунаас эхлэн Д.Энхбат агсныг Англид баривчлуулахад Б.Хурц л “баригдсан” болохоос хүчин зүтгэсэн өндөр албан тушаалтнууд цөөнгүй байдаг юм гэнэ билээ. Тэднийг бас тусгаарлан шалгах болсон ажээ. Харин сүүлийн үеийн “тусгаарлан шалгаж” буй хэргүүдийн тойм гэвэл УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярт холбогдох авлигын хэргийг тусгаарлан шалгаж байгаа гэнэ.

Түүнчлэн МИАТ-ийн дайны эрсдлийн даатгалын мөнгө завшсан гэх хэрэгт нэр холбогдсон “Монголиан Эйрлайнз” компанийн нягтлан бодогч асан Н.Гантөмөрийн хэргийг “тусгаарлан шүүх”-ээр болсон гэсэн мэдээлэл дуулдсан. Энэ нь мөн л “авч үлдэнэ”, “харж үзнэ” гэсэн утгаар ойлгогдсон юм. Дээрх жагсаалт Татварын ерөнхий газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга асан Ч.Гансүхийн хүү Г.Ганзулын хэргийг “тусгаарлан шалгах” болсноор үргэлжилнэ.

 

У.Оргилмаа


URL:

Сэтгэгдэл бичих