Үндэсний үйлдвэрлэл үнэндээ өмнөдийн бүтээгдэхүүн
Монголчууд маань үндэсний үйлдвэрлэл хэмээн сүүлийн хэдэн жил чихнээс чийртэй хонх уялаа хөөрхий. Бас ч үгүй элгэмсэг ард түмэн учраас үндэсний үйлдвэрээ сонгоно хэмээн үглэж л харагддаг. Үүн дээр нь ч дөрөөлөөд өнөөх “Үндэсний үйлдвэрээ дэмжье” гэдэг өхөөрдөм уриа гараад амжихав.
Монголын үндэсний томоохон үйлдвэрлэгчийн тоонд АПУ, СББ, MCS, Мон-Фрэш, Витсамо, Витафит, Талх чихэр, Өгөөж, Мах импекс, СҮҮ гэх мэтчилэн тоотой хэдэн нөхдүүдийн нэр торойсоор орж ирнэ. За дунд хавьцаа дугтарч байгаа нь Газар-Шим, Мон-Сүү гээд “жожконууд” хүртлээ жоохон урт зам туулна.
Уншигч та анзаарсан байх манайхан ихэвчлэн уух төрлийн зүйлээр занималддаг гэдгийг. Учир нь шингэн төрлийн зүйл үйлдвэрлэхэд төвөг багатайгаас гадна одоо үед бүрэн автомажсан технологи нэвтэрсэн учраас ажиллах хүч бага шаарддагт хамаг нууц “оршмой”. Дээр нь өмнөд хөрш маань жимсний орон учраас тэнд сироп, концентраци нь “хявын хямдхан” байдагт оршино. Жишээ татъя: Бараг бүх сав баглаа боодол Хятадаас гүйдэлтэй бөгөөд Бээжинд бүгд төлөөлөгчийн газартай, тэр нь ганц хоёр Монголоос бүрдэх бөгөөд заалттай нэг Өвөрлөгч нөхрийг бас өөд нь татсан байдаг нь гайхалтай.
Өгөөжийн агуулахаас Хятад гурил тонн тонноороо гарч байсан нь саяхан мэт санагдана. Хиаманд хийдэг гахайн өөх, амтлагч, бас бус химийн бодис нь мөн л урдаас орж ирдэг. Дээр нь манайд зарагддаг бүх архины шил, спирттэйгээ урдаас зөөгдөнө. Мөн Монголд савласан Тетра-Пакийн савлагаатай бүхнийг доод талыг нь нэг ажиглаад хараарай ханз харагдана гайгүй.
Өчнөөн сая малтай хирнээ Солонгос, Хятад, Оросоос сүү сүүн бүтээгдэхүүн импортлоно. Сүү ХХК гэхэд л янзан бүрийн “но” илэрч л байдаг. Тэдний зайрмагны түүхий эдийг хаанаас авдгыг би дурьдах нь илүүц биз ээ. Юу ч үйлдвэрлэсэн урд хөршөөс ихээхэн хамааралтай учраас та ямар зүйл хүнсэнд хэрэглэж байгаагаа нэг анзаарахад гэмгүй л байх.
Тэр Газар-Шим гэдэг үйлдвэрийг би маш их гайхдаг. Монголд үйлдвэрлэсэн алим, лийр, чавга зэрэг жимсны компот үйлдвэрлэдэг. Дээр нь олон төрлийн дарсан ногоо нь тоогоо алдана. Энэ бүхний түүхий эд хаанаас вэ? Магадгүй “алаг” гэдэг үгтэй ойролцоо жижигхээн боомт хотоос биш биз дээ?
Ганцхан хүнсний талаар цухасын цухас ярихад ийм л байна. Бид үндэсний үйлдвэрлэлээ чадах ядахаараа дэмжээд л байдаг. Өнөөдүүл нь өгөр царайлаад өмнөд хөршөөс бараа материалаа татаад л байх гэж үү? Ядаж яагаад луувангийн жүүсийг Монголчууд бид 100 хувь өөрсдөө үйлдвэрлэх бололцоо байхгүй гэж?
Та бидний амьдралд өдөр тутам хэрэглэгддэг скоч гэж бүтээгдэхүүн бий. Түүний дотор талд нь Монголд үйлдвэрлэв хэмээн ичих ч үгүй “тамгалсан” харагдана. Алаг хотод ч мөн ийм скоч энд тэндгүй. Ах нь андуураагүй бол арай Ар Монголоос аваачсан юм болов уу?
Хэрэглэгч та хаан гэдэг байх аа? Хаантангууд минь Монголд үйлдвэрлэв гэсэн болгон Монголд биш энүүхэн алаг хотод аминчхан захиалж хийлгэдэг гэдгийг бүү мартаарай. Үндэсний үйлдвэрээ дэмжсэний үйл лайгаар үйлдвэрлэгчид үүрд биднийг хордуулах учиргүйсэн.
URL: