234 тонн махыг булсан уу, өнгийг нь хувилгаад бидэнд идүүлсэн үү?!

jamyan_tailbartai-middle-Хамтарсан засгийн газар, хотын томчуул оролцсон учир хав дарсан гэх юм-

Өнөө жил 14 мянган тонн мах бэлтгэж, удахгүй нийслэлийнхнийг хангах талаар ярьж эхэллээ.

Нөөцийн мах яригдахтай зэрэгцээд, 2011 оны 8-12 дугаар сарын хооронд Улаанбаатар хотын удирдлагуудаас бэлтгэж, 2013 онд нийслэлчүүдийн махны хэрэгцээг хангах ёстой байсан 234 тонн хонь, үхрийн махыг муутгасан хэрэг зайлшгүй босч ирж байна. Энэ мөн их мах шүү.

Таван тоннын машинаар бодоход 47 машин, дан хонь үхрийн тураг махыг хэсэг хүн муутгаад булах гэж байсан. Энэ их махыг дан хонинд шилжүүлж, нэг суурь хонийг 500 толгой гэж бодвол 12 суурь хонио булчихаж байгаа юм. Харин энэ их махыг булсан уу, өнгийг нь хувилгаад бидний ходоодонд оруулсан уу гэдэг эргэлзээтэй байгаа учир, мах муутгасан түүхийг эргэж нэг харъя.

2011 оны  8-12 дугаар сарын хооронд нийслэлийнхний хэрэгцээнд нөөцийн мах бэлтгэх үүргийг хотын захиргааны эрх баригчид “Дархан меат” махны үйлдвэрийн удирдлагуудад тавьсан байна.

Энэ үүргийг хүлээж  авсан махны үйлдвэрийнхэн гэрээ хэлцэл хийж 234 тонн  мах бэлтгэхдээ 70 орчим хувийг үйлдвэрийн аргаар, 30 орчим хувийг хувь хүмүүсээр бэлтгүүлээд сайн чанарын хонь, үхрийн махаар үүрэг даалгаврыг биелүүлсэн байна. Дахиад хэлье! 234 тонн хонь, үхрийн тарган мах гэдэг бол нийслэлийнхний хэрэгцээг нэг л хэсэгтээ хангачих мах гэдэг нь ойлгомжтой байх.

Ийнхүү бэлтгэсэн махыг Багахангай дүүргийн нийслэлийн өмчит  үйлдвэрийн газар (дарга нь Энхбат) хүлээж аваад Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр дэх Номингийн мах агуулах 102,103 тоот том агуулахуудад хадгалсан аж. Нийт 700 тоннын багтаамжтай гэсэн байх.

Ингээд  байж байтал 2012 оны 12 дугаар сард Бага-хангай дүүргийн, нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын дарга солигдож Энхбатын оронд П.Цогтбаатар гэж хүн томилогдлоо. Энэ хүн ажлаа хүлээж аваад нөгөөх 103, 102 дугаар агуулахуудад хадгалагдаж байгаа нөөцийн махыг шинжлүүлж, албан ёсны дүгнэлт гаргуулахаар Мэргэжлийн хяналтын байгууллагад албан бичиг ирүүлснээр хэрэг мандаж байгаа юм. Эхлээд улсын мэргэжлийн хяналтын газрын лабораторт шинжилж.

Ингэхэд 103 дугаар тоот агуулахад хадгалагдаж байгаа гучин хэдэн  тонн үхрийн мах мөөгөнцөртэй нь тогтоогдож, 102 тоот агуулахын хонь, үхрийн жижиглэж савласан 200 орчим тонн махыг хүнсэнд хэрэглэх боломжтой гэж үзсэн байна. Тэхдээ сэжиг бүхий байсан бололтой юм. Хотын захын гэр хорооллын ядууст худалдаалахаар ажлын хэсэг гарч газар дээр нь очоод худалдаалах гэсэн чинь бас л хөгц илрэв. Ингээд захын хорооллынхонд худалдахаа түр зогсоон агуулахыг лацдаж, хотын мал эмнэлэгийн лабораторт дахин шинжлүүлэхээр болов.

Энэ шинжилгээгээр хоёр агуулахад хадгалагдаж байгаа бүх мах хөгц мөөгөнцөртэй гэж тогтоогдож. Ажил хариуцсан хүмүүс энэ шинжилгээнд бас л эргэлзэн Монголдоо байгаа хамгийн том Зайсангийн лабораторт шинжлүүлсэн чинь хөгц, мөөгөнцөртэй гэдэг нь дахин батлагдаж, хүнсний хэрэгцээнд ашиглаж болохгүй, устгалд оруулах хэрэгтэй хэмээн агуулахуудыг лацдаж, түлхүүр лацны тэмдгийг нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагч Б.Ганхуягт хадгалуулчихаад байхад, би энэ тухай материал цуглуулж явсансан. Түүнээс хойш олон сар өнгөрч. 234 тонн мах өнөөдөр лав л агуулахдаа байхгүй. Ажлын хэсэг хуралдаж, уг махыг устгах дүгнэлтээ хотын удирдлагад тавихаар бэлэн болгоод байсан. Э.Бат-үүл даргатай удирдах зөвлөл хурлаараа хэлэлцээд шийдвэр гаргах л үлдээд байсан. Тэгээд таг чиг болсон.

Тийм их мах устгана гэдэг маш нарийн технологи шаарддаг юм билээ. Манайд ийм төрлийн бүтээгдэхүүн устгалд оруулдаг тусгай бэлтгэгдсэн газар байдаггүй юм байна. Аль нэг газрыг сонгож, булах нүхээ ухна. Сэг зэм устгах тусгай заавар байдаг гэх. Хоёр метрээс доошгүй гүнзгий нүхэнд эмийн бодис зулаад устгах зүйлээ хийдэг аж. Сайтар булж ариутгаад булсан газраа кадастрын зурагт оруулдаг, маш нарийн ажиллагаа шаарддаг юм байна. Кадастрын зурагт оруулж өгөхгүй бол сүүлд яаж ч хөндөж болох аюултай гэнэ. Уулын аманд аваачаад булчихсан зүйл дээр, сүүлд барилга байшин барьчихсан баримт ч бий гэнэ. Иймээс сэг зэм булж устгах зааврыг нарийн чанд баримтлах ёстой гэж мэргэжлийн хүмүүс хэлж байна билээ.

Энэ махыг, лабораторын шинжилгээ гармагц устгалд оруулаад, тэр агуулахуудыг маш сайн ариутгах ёстой юм билээ. Агуулах, байр сав хотод хүрэлцээгүй байхад 700 тоннын хоёр агуулах хөгц мөөгөнцөртэй мах хадгалж , өчнөөн асар жилээр ашиглалтгүй байж болохгүй биз дээ. Юунаас болж ийнхүү удаашраад байгааг Мэргэжлийн хяналтын байгууллагын хариуцлагатай албаны хүмүүсээс тодруулахад “Улсын мөрдөн байцаах газраас хойшлуулаад байгаа юм” гэж билээ.

Тэгээд, УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх албаны мөрдөн байцаагч Эрдэнэбилэг гэж хүнийг зааж өгсөн юм. Манай сурвалжлагчид тэр хүнтэй уулзаж тодруулах гэсэн чинь  “Мэдэхгүй. Манай энд тийм зүйл шалгагдаагүй” гэсэн байна билээ.

Тэгтэл хүмүүс “Наадах чинь өндрөө авчихсан хэрэг. 234 тонн мах муутгаж, булахад хүргэсэн энэ хэрэгт хамтарсан Засгийн газар, хотын удирдлага дахь их том хүмүүс холбогдоод цагдаа хуулийнханд нөлөөлөн хав дарж өнгөрөөх гэж байгаа юм. Сэтгүүлчид мөрөөр нь явах тутам бүдгэрнэ” гэлцэж билээ.

Нээрээ л энэ хэрэг сураг тасраад олон сар өнгөч байна. Дараа жилийн 14 мянган тонн нөөцийн мах бэлтгээд иргэдийн гар дээр очих гэж байна. Ямар мах, хаагуур бэлтгэгдсэн нь нууц хэвээрээ л байгаа.

Энэ хэрэг явдлын улмаас олны анхаарал татсан хэдэн зүйл байгаа  юм. Манай зарим сурвалжлагч Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас “Өнөөх 234 тонн мах яасан бэ?” гэж асуусан байна билээ. Тэгэхэд “Устгачихсан” гээд тодорхой тайлбар хийгээгүй гэсэн. Ард түмний амин зуулга 234 тонн буюу 47 машин махыг булж устгаж байгаа юм чинь, ямар нөхцөлд хэдий хэмжээний махыг устгаж байгаагаа хөндлөнгийн гэрч нар, сэтгүүлчдийн нүдэн дээр устгаж болно биз дээ. Маш их нууцалсан. Түүнийгээ “Хүмүүс мөрөөр нь ухаад авчихаж болзошгүй” гэсэн байдлаар тайлбарлаж байна билээ. Тэр их мах, үнэхээр журам зааврын дагуу булагдсан уу?!

Тонн хэртэйг нь булчихаад 233 тоннынх нь өнгийг хувиргаад бидний ходоодонд хийчихсэн үү, бүү мэд. Ямар ч л байсан “Устгалт” сэм явагдаад мах муутгасан эзэдтэй ямар хариуцлага тооцсон нь тодорхойгүй өнгөрч байгаа юм. Арай дэндэж байгаа биз дээ?!

Хэдэн хонь хулгайлаад идчихсэн хүмүүс шоронд сууж л байгаа. Тэгтэл 12 суурь хонио газарт булчихсан хүмүүс огт зүгээр явж болдог юмуу! Шоронд хийхдээ гол нь биш л дээ. Тийм  арга хэмжээ авлаа гэж албан ёсоор мэдэгдээд, ард түмэндээ дуулгачихаж болно доо.!

Энэ махыг ойролцоогоор бодож үзэхэд нэг тэрбум, 300 сая төгрөг болж байгаа юм билээ.  Махнаас гадна үйлчилгээний зардал гэж асар их зүйл бий. 200 орчим тонныг нь жижиглээд савалчихсан гэж байгаа. Зөвхөн булах үйл ажиллагаанд засаг даргын нөөц хөрөнгөнөөс 35 сая 800 мянган төгрөг гаргаж байгаа гэсэн мэдээлэл ч бий. Хайран хөрөнгө шүү!

Би үүнийг, нөөцийн мах борлуулах болсон үеэр яагаад сөхөж тавьж байна гэвэл, хэд хэдэн үндэслэл байна.

Нэгдүгээрт: Нийслэл болон бусад хотуудад жил болгон нөөцийн мах бэлтгэнэ гэж олон тэрбумын хөрөнгө зардгаа боливол яасан юм. Мах бэлтгэл нэрийн доор танил тал, ах дүүсийн хэдэн компаниа ивээн тэтгээд, жирийн иргэд бидэнд бол өөдтэй нэмэр тус болсон юмгүй өнгөрч байгааг болиучихвал яасан юм. Бэлтгэсэн махнаас 234 тонн мах сох дутчихаад байхад огт мэдэхгүй, хэн буруутайг ч мэдэхгүй өнгөрч байгаа өнөөгийн нөхцөлд нөөцийн мах бэлтгэл гэдэг чинь илүү ажил болоод байна.

Хоёрдугаарт: Мал мах бэлтгэнэ гэдэг чинь хуучин тогтолцооны үед огт өөр зүйл байлаа. Миний нагац ах Лувсанбалдан, эхнэр Дугаа нар аймаг орон нутагтаа нэртэй тууварчид байлаа. Хавар нэг юм уу хоёр суурь, хариугүй туранхай мал туугаад гарна. Урин дулаан цагт тааваар нь хариулж туусаар намар төлгийг л гэхэд одоогийн эр хонь шиг болгож тушаадаг байсан сан. Тарга хүчний шагнал гэж өвөртөө багтахгүй мөнгөтэй ирнэ. Одоогийн бэлтгэчихсэн махыг нь хар даа! Бүтэн хониных нь махыг хөгшин чавганц сугавчлаад явчихаж байна билээ. Ийм махыг нэг хэсэг нь бэлтгэсэн болж, нөгөө хэсэг нь гол зогоож байхын хэрэг байгаа юмуу даа.

Гуравдугаарт: Хамгийн гол нь борлуулалт. Нөөцийн махны багахан хэсэг нь жинхэнэ эзэддээ хүрч байгаа. Ихэнх нь танил тал дэлгүүрийн эзэд, ченжүүдийн гар дамжаад бидний гар дээр захын ханшаар ирж байгаа нь нууц  биш. Нөөцийн махны борлуулалтыг, шудрага журмаар хуваарьлах зарчимд тулгуурлан, байгууллага, олон нийтийн маш нарийн хяналтанд борлуулмаар юм билээ.

Эцэст нь: 234 тонн махны булагдсан эсэх, буруутанд ямар хариуцлага тооцсон тухайгаа нийслэлийн удирдлага, цагдаа хуулийн байгууллагынхан ард түмэндээ үнэн зөв мэдээлэл өгмөөр байна. Шаардлагатай гэж үзвэл, булж устгасан газарт нь иргэдийн төлөөлөгчид, сэтгүүлчид, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах байгууллагынхан оролцсон баг бүрэлдэхүүн очиж үзмээр байна. Олон түмэнд үнэн зөв мэдээлэл хүргэмээр байна.

Нөгөө нэг чухал зүйл бол 234 тонн мах муутгачихаад гэм зэмгүй өнгөрдөг юм байна гэж дараа дараагийн хүмүүс гэмгүй царайлж суухаас болгоомжлон, буруутай хүмүүст хуулийн дагуу арга хэмжээ авч олон түмэнд мэдээлмээр байна.

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Жамъян


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих