Д.Дэмбэрэл: ”УИХ-ын гишүүний нэр төр сэвтэхгүй байх нь хамгийн үнэ цэнэтэй”

УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл өчигдөр “Монголын Үнэн” сонины редакцид зочиллоо. Олон жил төрийн хүндхэн ачаанаас үүрэлцэж яваа түүний үнэтэй үгийг уншигчдадаа хүргэе.
-Та 1990 оноос хойш тасралтгүй парламентын гишүүнээр сонгогдож төрийн бодлого тодорхойлолцож яваа хүн. 1996- 2000 оныг эс тооцвол МАН дангаараа болон хамтарч эрх баригч хүчний байр суурьтай явж ирлээ. Одоо сөрөг хүчин болонгуут ажлын ачаалал, сэтгэлзүйн талаасаа ямар мэдрэмж төрж байх юм?
 -Сөрөг хүчин гэж нэрлэх нь ерөнхийдүү ойлголт юм л даа. Ямар ч байсан төрийн эрх барьж үзсэн хүмүүс соёлтой сөрөг хүчин болж чаддаг юм байна. Нэг удаа сөрөг хүчин боллоо ч дараагийн удаа эрх барих боломжтой. МАН-ын бүлгийг засгийн эрх авах зорилготой сөрөг хүчин гэж хүмүүс ойлгоод байх шиг.
Тиймээс эрх баригчдыг муулаад өг, шахаж шаард, хариуцлага тооц гэж хэлдэг. Энэ буруу биш л дээ. Гэхдээ бас зөв юм ч биш. Яагаад гэвэл, бид дахиад эрх барихад сөрөг хүчин нь бидэнтэй адилхан аашлах үндэс суурийг тавьж болохгүй.
Өөрөөр хэлбэл, бид соёлтой сөрөг хүчин байж чадвал дараагийн сөрөг хүчнээ бас тийм байлгахаар бэлтгэж байна аа гэсэн үг. Харин намын бүлгийн гишүүд улс эх орны эрх ашигтай холбоотой асуудлаар эрх баригчдад хэлж шаардах ёстой юу гэвэл ёстой.
Олон жил төр барьсан туршлага, мэдлэгтэй сөрөг хүчний хувьд зарим асуудалд хүлээцтэй, уужуу сэтгэлээр хандах нь бидний гол фигур юм. Иргэдэд хүлээн зөвшөөрүүлэхээр ажиллах нь бидний үүрэг. Гэхдээ сөрөг хүчин гэхээр бусдыг муулахын нэр биш л дээ.
Аль болох далайцтай асуудлыг авч үзэж, түүнийгээ УИХ-д оруулж хэлэлцүүлэх ёстой. Хийж буй ажлаараа энэ нам эрх барьж чадна шүү гэдгийг ойлгуулна, хүлээн зөвшөөрөгдөнө гэдэг их чухал л даа. Хамгийн ухаалаг ажиллагаа ард түмэнд үнэлэгдэнэ шүү дээ.
Одоогийн засаг төрийн үйл ажиллагаа сул байгаа учраас иргэд шахаж шаард гэж хэлэх нь бий. Ийм зүй ёсны хүсэлтийг бид биелүүлж ажиллана.
-Таны хэлсэнчилэн хүлээцтэй, уужуу сэтгэлээр хандах нь хөндлөнгөөс харахад залхсан шинжтэй ч юм шиг, нэг л үлбэгэр харагдах болж? 
-Энэ Засгийн газар үйл ажиллагаагаа явуулаад 1.6 жилийг ардаа үджээ. Эхний үед массын сэтгэлгээ Засгийн газар ямархуу ажиллахыг харах хэрэгтэй гэсэн хандлагатай байдаг. Иргэд ч эрх баригч нам сайн сайхан ажил хийх гэхээр сөрөг хүчин тээг садаа болоод байна уу, үгүй юу гэдгийг сайн анзаардаг.
Уужуу тайван, хүлээцтэй хандана гэдэг сөрөг хүчин үүргээ биелүүлэхгүй байна гэсэн үг биш. Бид өнгөрсөн хугацаанд ирэх оны төсөв, оюутны 70 мянга, улсын өрийн хэмжээг өсгөхгүй байх зэрэг тодорхой асуудалд сөрөг хүчний дуу хоолойгоо хүчтэй илэрхийлсэн. Үүний хүчинд улс орны ирээдүйтэй холбоотой зөв зүйтэй юм ярьж байна шүү гэж олонхи хүлээн зөвшөөрсөн тохиолдол ч бий.
Ер нь сөрөг хүчин шуурхай ажиллаж, болохгүйг нь ч, болж бүтэж байгааг нь ч хэлэх үүрэгтэй. Түүнээс биш удааширсан, хайнга залхсан байдал үнэндээ байхгүй л дээ. Гаднаас харахад хүнд яаж ч харагдаж болно.
-Засгийн газар болгон өөр өөрийн түүхтэй, өнгө төрхтэй байх. Энэ Засгийн газрын үйл ажиллагааг та хэрхэн дүгнэж байна вэ ? 
-Би Бага хурлын гишүүнээс эхлээд төрд 20 гаруй жил тасралтгүй ажиллаж байна. Ингэхдээ Засгийн газрын гишүүнээр ч ажиллаж явлаа. Одоогийн Засгийн газар их ажил хийсэн болж харагдахыг хүсдэг юм уу, яадаг юм, жижиг асуудалд оролцоод явах юм. Бүх юманд хошуу дүрж байна шүү дээ.
Энэ дүр төрхийг нь харахаар гүйцэтгэх засаглал гэдэг энэ сүртэй, том нэр хүндийг унагаад байгаа юм. Дандаа жижиг юмаар хөөцөлдөж байна. Үүнийг иргэд бэлхнээ харж байна. Төр барьж байгаа олонхи нь ийм маягаар ажиллахаар бид ч хэмнэлд нь орчих гээд байна.
Биднийг ч жижиг юмаар хөөцөлдөх ажилдаа татан оролцуулчих гээд байна шүү дээ. Жишээ нь хүн бүр амарч байхад Засгийн газар хагас сайн өдөр хуралдаанаа хийх юм. Төрийн ажил ажлын цагаар болох ёстой. Тэр үеэр хэвлэл мэдээллийнхэн иргэдэд мэдээлэл хүргэнэ.
Гэтэл бямба гаригт хуралдахаар ямар телевиз, сониныхон ирэх юм. Үүнийгээ дараа нь Засгийн газрын хэвлэлийн албанаас мэдээлэл тараачихна гэж тайлбарладаг. Бас л сайн ажил санаачиллаа, сайхан хуралдаан боллоо гэсэн хуурай магтсан мэдээ тараана шүү дээ. Манай Засгийн газар агентлаг шиг ажиллаж байна.
Жижиг асуудалд анхаарал хандуулж байгаа нь төрийг доожоо муутай, сульдаатай юм шиг харагдуулж байна. Засгийн ажил яваад байна уу. Нэг яам хуралдаад байна уу гэдгийг ялгахад тун бэрх боллоо. Уг нь Үндсэн хуулиа батлаад 20 жил болчихсон.
Засаг төр ажиллах уламжлалт залгамж чанар гэгч юм бий. Хууль журмынхаа хүрээнд төрийн ажил хариуцлагатай явах ёстой. Энэ төрд тогтсон ёс журам гэж байдаг юм. Энэ хэвээрээ ажиллаж болохгүй.
-Та одоо ямар хуулийн төсөл дээр ажиллаж байна вэ? 
-Би өмнөх парламентын үед олон хуулийн төсөл санаачлан, батлуулж байлаа. Одоохондоо шинэ хууль санаачлах тухай бодол алга. Хамтарсан засгийн үед одоо яригдаад байгаа томоохон хуулиудын үндэс суурь нь тавигдсан юм. Том өөрчлөлтүүд хийсэн.
Хөдөө аж ахуйн салбарт гэхэд “Монгол мал” хөтөлбөр хэрэгжүүлж малчдад төрөөс анхаарал халамж үзүүлэх болсон. Газар тариалангийн салбарт “Атрын III” аян өрнүүлсэн. Тиймээс газар тариалан, хөдөө аж ахуйн салбарынхан бусад салбарын хүмүүс шиг гомдоллохгүй байна.
Өмнө нь авч хэрэгжүүлсэн бодлогын үр шим өнөөдөр харагдаж байна. Одоогоор Мөрдөх албаны тухай, Алтны ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийн төслийн УИХ болон бүлгээс байгуулсан ажлын хэсэгт орж ажиллаж байна.
-Алтны ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийн төслийг “Оюутолгой” компанитай холбоотой гэж хардах хүн цөөнгүй байна. Харин эрх баригчид тус компанитай огт хамаагүй, улстөржүүлж байна гэж тайлбарлаж байна ? 
-“Оюутолгой” компани энэ хуультай хамаагүй гэж тайлбарлах нь буруу юм л даа. Алт худалдах, худалдан авах үйл ажиллагаатай холбоотой хууль юм чинь тус компанитай ч холбоотой байх нь тодорхой. Хэн ч бодсон үйл ажиллагаа явуулж байгаа улс нь татвараас хөнгөлөх тухай хууль хэрэгжүүлж байхад манайд хамаагүй гээд зогсохгүй шүү дээ.
Манай улс жилд 50 тонн алт авдаг гэж бодоход үүний 40 тонныг нь Оюутолгойн ордоос авдаг. Яаж ч бодсон ийм их хэмжээний алт авч байгаа компанитай салбарынх нь хууль хамаагүй байхгүй шүү дээ. Бид энэ хуулийн төслийг энэ хэвээр баталбал Оюутолгойгоос авах зуу, зуун тэрбум төгрөгийг алдана.
Түрүүчийн парламентын үед авсан арга хэмжээ, гаргасан хуулийг би зөв гэж боддог. Байгаль орчин, эрдэс баялагтай холбоотой асуудлыг зохицуулах хоёр бодлого байна. Байгалиа ухсаар байгаад алтаа гаргаж авах уу. Алт гэдэг их үнэтэй эд. Хүн болгоны нүд гялалздаг.
Хаана ч ямар ч байдлаар төлбөрийн хэрэгсэл болон хөрвөж чаддаг. Алттай хүн чинь ам бардам байдаг. Та нар санаж байгаа байх, Бямбасүрэнгийн Засгийн газрын үед Оросын их өрийг алтаараа эргүүлж төлнө гэж ханхалзаж байсан гэдэг. Оюутолгойгоос жилд 40 тонн алт авна гэдэг хангалттай үзүүлэлт.
Ер нь хүссэн болгон алт ухаад байж бас болохгүй л дээ. Эндээс олсон мөнгөөр юуг тэтгэх вэ гэдэг нь бас сонин. Ер нь экспортын бүтээгдэхүүнээ дэмжих, оюуны хөрөнгө оруулалтад зарцуулах нь зүйтэй болов уу. Түүнчлэн Монголбанкинд алт өгвөл манайх тодорхой хэмжээний урамшуулал өгөх бодлого хэрэгжиж байгаа.
Энэ бол хамгийн ноцтой. Урамшууллын асуудлыг хоёр хуваах ёстой. Ингэж татвараар урамшуулдаг орон манайхаас өөр байхгүй шүү дээ. Үүнийг халах болсон. Бид өмнө нь татвар хөнгөлдгөө болих хэрэгтэй гэдэгт нэгдсэн. Харин Монголбанкинд тушааж байгаа бол урамшуулал үзүүлж болно.
Энэ чинь татвараар урамшуулахаас тэс өөр асуудал. Эдийн засгийн бодлогын механизмуудын алийг нь ашиглах вэ. Том компаниудын эрх ашигт үйлчлэх албагүй. Одоогийн яригдаж байгаа төсөл бол их муу боловсруулагдсан гэж дүгнэж байна. Энэ хууль бичил уурхайчдад үйлчилнэ. Бичил нь байна уу, агуу их том Оюутолгой байна уу, дундаж байна уу хамаагүй бүгдэд нь тэгш үйлчлэх ёстой.
-Мөрдөх албан тухай хууль яригдаж эхэллээ. Энэ хууль батлагдснаар үндэстэн дамнасан хэргүүдтэй тэмцэх шинэ алба байгуулагдах нь гэж ойлгоод байна. Ер нь тийм хүлээлт ч байгаа. Хамгийн гол нь энэ хууль манай хөрсөнд хэр буух бол. Ажлын хэсэгт ажиллаж байгаа хүний байр суурийг сонсох нь зүйтэй болов уу?
-Бүлгийн хуралдаанаар Мөрдөх албаны тухай хуулийн талаар хэлэлцсэн. Ингэхдээ хэд хэдэн асуудлыг дахин авч үзэх ёстой, мөн ажлын хэсгээс гаргасан саналыг харьцуулж үзэх шийдэл гаргасан. Ерөнхийдөө мөрдөх алба байгуулна гэдэг нь төрийн бүтэц томорно л гэсэн үг.
Мөрдөх алба нь хүний наймаа, хар тамхи, сүүлийн үед цахим сүлжээтэй холбоотой гарч буй гэмт хэргийн асуудал зэргийг дагнан ажиллах юм. Гэхдээ АТГ-ын үүрэг бол хар тамхи, зэвсгийн наймаа, хүн худалдаалахтай холбоотой гэмт хэргүүдийг шалгаж мөрддөг. Прокурорт ч гэсэн ялгаагүй мөрдөх алба бий.
Цагдаад Улсын мөрдөн байцаах газар гээд бүгдийг нь хамарсан том бүтэц байж л байна шүү дээ. Ийм байхад дахин мөрдөх алба гэж байгуулах нь хэр зөв зүйтэй юм бол гэдгийг дахин ярилцах хэрэгтэй. Сүүлийн үед шүүх гэдэг байгууллага асар их орон тоотой, нүсэр бүтэц болсон.
Тэгэхээр бид шинэ байгууллага нэмээд байх нь хэр зөв зүйтэй юм бэ гэдгийг бодох ёстой л доо. Ер нь хараад байхад хүний эрхтэй холбогдсон төрийн механизмыг улам хүчирхэг болгоод байна. Дарангуйлах шинж чанарыг илүү бий болгоод байгаа ч юм шиг.
-Мөрдөх албаны бүтэц нь их данхар юм шиг санагдсан. Мөрдөх албаны дарга, тэргүүн дэд дарга, дэд дарга гэх мэтээр? 
-Таны хэлж байгаа зөв л дөө. Бүтцийг дотор нь нарийвчлан заагаад байхаар данхар болж байгаа хэрэг. Дээрх хуулийн тухайд албан тушаалтнуудыг бүгдийг нь дэс дараалан заагаад байхаар орон тоо нь хамаагүй их болж байгаа юм.
-Ер нь нэг хууль дагаад нэг бүтэц бий болдог болж. Тухайлбал, Хилийн боомтын тухай хууль батлагдахаар Үндэсний зөвлөл байгуулагдах юм билээ? 
-Өнөөдөр Хуульзүйн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хамтарсан хуралд суухдаа тодорхой томъёолол оруулсан. Боомтын Үндэсний зөвлөлийг ЗГХЭГ-ын дарга нь толгойлж ажиллана гэсэн. Мөн Үндэсний зөвлөлийн эрх хэмжээг тогтоочихсон гэсэн хэрнээ хажуугаар нь дахиад боомтын нэгдсэн захиргаа гэж гаргаад ирж байгаа юм.
Тэгсэн Үндэсний зөвлөлд өгсөн тэр үүргүүдийг нэгдсэн захиргаандаа давхар үүрүүлчихэж. Тиймээс нэгдсэн захиргаа гэдгээ хас гэдэг томъёолол оруулсан боловч олонхи хүлээж авсангүй.
-Ардын намын гишүүд “Цөөнх ажил хэрэгч зүйл ярьсан ч олонхи үл тоодог” гэдэг зүйлийг байнга ярих болсон. Ер нь энэ парламентын үйл ажиллагаа ямархуу байдалтай болчихоод байгаа юм бэ?
-Би нэг жишээ хэлье. Өнөөдрийн байнгын хорооны хуралдааныг харж байхад манай байнгын хорооны дарга нар Засгийн газрынхаа саналыг дэмжээд, УИХ- ын гишүүдийнхээ саналыг үл тоож байх жишээний. Засгийн газрын гишүүдийг оруулж ирж асуугаад л. Наад зах нь УИХ-ын чуулган байнгын хорооны хэлэлцэх зарчмыг зөв авч явах ёстой.
Тухайлбал, анхны хэлэлцүүлгийн хэлэлцэх эсэхийг шийдэх үед Засгийн газар, Ерөнхийлөгч, хууль санаачлагч асуудлаа хамгаалж УИХ хүлээж авах уу, үгүй юу гэдэг байдлаар хандана. УИХ хүлээж авсны дараа байнгын хороод ажлыг цааш авч явдаг ёстой. Гэтэл өнөөдрийн хуралдсан Хууль зүй, Аюулгүй байдал,гадаад бодлогын байнгын хорооны дарга нар УИХ-ын гишүүнийхээ саналын эсрэг, Засгийн газрын гишүүдийг дуудаж яриулаад, өөрсдөө тайлбар өгөөд л сууж байгаа юм.
УИХ-ын өөрийнх нь бүтцийн байгууллагууд нь хүртэл Засгийн газрын үйлчилгээний байгууллага юм шиг ажилладаг болж. Байнгын хороодын дарга нар Засгийн газраа хамгаалаад эхлэх юм бол хэцүү л асуудал гарна даа. Мөн манай бүлгийн гишүүд одоогоор нэг байнгын хороонд харьяалагдаж байгаа учраас саналын хувьд мэдээж хүчин мөхөстөж байгаа юм.
Манай бүлгийн гишүүдийн байнгын хороонд харьяалагдах асуудлыг төсөв зэрэг чухал асуудал хэлэлцэх болохоор сөхөж ярьчихаад асуудлаа шийдэж дуусахаар орхичих юм. Ерөөсөө л бяцхан хууралтууд хийгээд байна л даа.
Олонхи аль болох өөрсдийнхөө монополь эрхийг хадгалах байр суурин дээр л байгаад байна. Манайхан аргаа бараад Үндсэн хуулийн цэцэд хүртэл хандсан ч одоо болтол эцэслэн шийдэгдээгүй л байна. Ямар ч байсан цэцэд давж заалдаж байгаа.
-Ер нь төрийн ажил нэлээн назгай явдаг болчихсон юм уу даа гэдэг нь УИХ-ын чуулган, байнгын хорооны ирцээс харагддаг болсон. Үүнд та ямар байр суурьтай байна вэ? 
-УИХ-ын гишүүд сургуулийн хүүхэд шиг товлосон цагтаа цуглаад хуралдаа ордоггүй л дээ. Яагаад гэвэл төрийн өөр бусад ажил ихтэй учраас тэгж таардаг. Гэхдээ өмнө нь УИХ-ын чуулган сайндаа 15-20 минут хоцорч эхэлдэг байж. Гэтэл одоо бүтэн цагаар хоцорч байна. Уг нь олонхи ирцээ бүрдүүлэх ёстой.
Олонхийн хариуцлагыг өндөржүүлэх хэрэгтэй байна. Энэ бүхэн УИХ задгай байгаагийн жишээ. Мөн УИХ-ын гишүүд нь Засгийн газрын гишүүний ажлыг давхар хийж байгаа нь ирц хүрэхгүй байх нэг том шалтгаан.
Өмнө нь УИХ-ын чуулганыг 10 цагаас эхлүүлдэг байсан. Эд нар их эртэч хүмүүс болох гээд 09.00 цагт эхлүүлдэг болсон боловч харамсалтай нь 10 цагаас эхлүүлдэгтэй адилхан л байна. Зарим үед бараг ч дор болсон.
-Хүн алхам тутамдаа суралцаж, аливааг ойлгож явдаг. Та энэ олон жил төрд зүтгэхдээ ямар ухаарал, үнэт зүйлийг өөрөө бий болгосон бэ? 
-Миний хамгийн гол үнэт зүйл бол УИХ-ын гишүүний нэр хүнд. УИХ-ын гишүүний нэр хүнд сэвтэхгүй л байх ёстой. Авлига, хээл хахууль, гэмт хэрэгт холбогдохгүй явж байгаа нь миний хамгийн гол үнэ цэнэ. Өнгөрсөн хугацаанд бид парламентаар маш хэцүү хэдэн хууль гаргасан.
Авлигатай тэмцэх тухай хууль, УИХ-ын гишүүдийн ёс зүйн дүрэм, УИХ-ын ёс зүйн дэд хорооны дүрэм зэргийг хуульчилж өгсөн. Ингээд дурьдаад байх юм бол маш олон. Энэ парламентаар гарч байгаа хуулиудыг батлахад миний оролцоо байгаа. Тэгэхээр энэ бүхэн миний үнэ цэнэ, давуу тал юм уу даа.
-Одоо тэгээд тойроггүй онцгүй байна уу? 
-Тойргоос сонгогдохгүй байх нь сайн муу хоёр талтай юмуу даа. Тойрог гэхээр аймгийнхаа тулгамдсан асуудлыг нэн тэргүүнд тавьдаг. Тойрогт байхаар бүтээлч ажил хийх бололцоотой. Харин одоо бол жаахан ерөнхий болсон учраас бодлогын асуудал дээр илүү анхаарч байна.
-Та шат шатны бүхий л албан тушаал хашиж явсан байх. Одоогийн залуус шууд дарга болох эсвэл өндөр албан тушаалд очих сонирхолтой болсон гэж шүүмжилдэг. Та энэ тал дээр залуусдаа хандаж юу хэлэх вэ? 
-Ер нь ажлыг багаас нь хийвэл зүгээр гэж хэлмээр байна. Аливаа ажил доод албан тушаалаас эхлэх тусмаа амьдралд илүү туршлага болно. Манай залуучууд нэлээн эрт улстөрд ордог болчихсон. Үүнийг би буруу гэж байгаа юм биш. Хамгийн гол нь зөв явах хэрэгтэй.
Яагаа ч үгүй хөрөнгө мөнгө, албан тушаалд шунаж буруу замаар дээш гарах нь маш том алдаа. Хэдий хэр өндөрт гарна төдий чинээ л бяц унана шүү дээ. Залуучууддаа хандан хэлэхэд хийж буй ажлынхаа төлөө зүрх сэтгэлээ гарган шударга ажиллах нь чухал гэдгийг хэлье.
-Ялангуяа дуучид, жүжигчид би энэ тайзан дээр байх ёстой юу гэдгээ үзэгчдийн алга ташилтаар мэдэрдэг гэж ярьдаг даа. Улстөрчдийн хувьд би энэ төрд хэрэгтэй хүн мөн үү, биш үү гэдгээ хэзээ мэдэрдэг юм бол? 
-Жишээ нь, дуучин бол хоолойны хүч чадлаар дуулдаг. Нас ахиад, хөгшрөөд ирвэл хоолойны хүч ямар болох билээ. Бие физилогийн онцлог гэж бий. Харин улстөрч хүн бол цэвэр оюун ухаан, туршлага, мэдрэмжээр ажилладаг болохоор насны хувьд нэг их доройтохгүй байх гэж боддог.
Гэхдээ намайг ард түмэн дэмжих үү, үгүй юу гэдгийг мэдрэх хэрэгтэй гэж боддог. Үнэхээр энэ төрд хэрэгтэй хүн юм бол сонгогчид надад итгэл хүлээлгэнэ, хэрэггүй гэвэл сонгохоо болино. Иймд хувь хүн талаасаа ард түмнийхээ итгэлийг алдахгүй байх, үнэ цэнэтэй төрийн түшээ байх эсэх нь өөрөөс нь шалтгаална гэдгийг мартаж болохгүй.
-Та үе үеийн спикерийн арга барилыг хараад голох, сайшаахын аль нь дийлдэг вэ. Өмнө нь энэ ажлыг хийж байсан туршлагаас чинь хуваалцах, зөвлөгөө авах зэргээр танд ханддаг уу? 
-Миний баримталдаг нэг зарчим байдаг юм. Ажлаа өгсний дараа оронд нь ирсэн хүний ажлыг дүгнэдэг, эргэж орооцолддог байх нь зохимжгүй. Би Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд хийж байгаад УИХ-ын дарга болсон. Тэгээд л эргэж буцаад, би тийм ажил эхлүүлсэн, тэрийг тэгж хийх ёстой, мостой гэж ерөөсөө зууралдах дургүй. Хүн болгон өөр өөрийн арга барилтай.
Ер нь улстөрч хүний баримталж байх хамгийн гол ёс зүй бол хуучин хийж байсан ажлынхаа оронд ирсэн хүнийг янз янзаар үнэлэх, тэр ажлыг мэдэмхийрч заах нь хамгийн ёс зүйгүй зүйл гэж боддог. Төрийн албаны ёсзүйн талаар би номондоо тодорхой бичсэн байгаа.
Яахав, туршлагатай түшээгийн хувьд, олон жил хууль тогтоох дээд байгууллагад ажилласан мэдлэг чадварыг маань хэрэгтэй гэж үзээд зааж зөвлөөч гээд ирсэн залуу гишүүддээ зөвлөгөөгөө харамгүй өгдөг. Дан ганц Ардын намынхан ч гэлгүй, бусад намын залуус ч ирж зөвлөгөө авдаг даа.
Д.Мягмарсүрэн 
Ц.Оюунтунгалаг
Эх сурвалж: 

URL:

Сэтгэгдэл бичих