Шударга бус нийгэмд залуус бид шударга байж чадна

527-1385975332ots4“Шударга нийгмийн төлөө хамтдаа” аяныг зохион байгуулж, оюутан сурагч болоод төрийн алба хаагчдад шударга үзлийн тухай уриалж, үгээ хүргэж буй нэгэн залуу болох Ү.Амарбаттай ярилцлаа. Тэрээр Отгонтэнгэр их суруулийн Хууль зүйн сургуулийн багш, Монголын лектор төвийн удирдах зөвлөлийн гишүүн бөгөөд мянга мянган залуусын төлөөлөл болж яваа эрхэм юм.
Шударга үзэл гэж юуг хэлэх вэ?
-Шударга гэдэг үгнээс эхлээд тодорхойлоход тун хэцүү. Гэхдээ хүмүүс олон мянган жилийн тэртээгээс шударга үзлийн талаар ярьж, түүний төлөө байлдаж, амиа алдаж ирсэн. Шударга зүйл гэж юу вэ? хэмээн гудамжинд явж буй хэнээс ч асуухад хүн болгон өөрийн гэсэн тайлбарыг хэлнэ. Надад “Шударга нийгмийн төлөө хамтдаа” аянд хамтран ажиллах санал тавьсан. Энэ хүсэлтийг аваад надад юу бодогдсон гэхээр яавал хүмүүсийг шударга байлгаж болох вэ? шударга гэдэг үгийг хэрхэн ойлгуулах вэ? гэсэн асуултыг өөртөө тавьсан.
Уг асуултаас ургаад эрэл хайгуул хийж эхэлсэн. Эцэст нь олж, харахдаа шударга байхад шаардагдах үйлдэл, зан, харилцааг 7 зүйлээр томьёолж гаргасан. Үүнд дадал, зан чанар, шударга үзлийн үнэ цэнэ гээд тал бүрээс нь багтааж хүмүүст ойлгуулахыг хичээсэн. Хүн болгон нийгэмдээ ямар нэг хөрөнгө оруулалт хийдэг гэж боддог Миний хувьд хуульч мэргэжилтэй учраас шударга ёстой илүү ойр, холдож болошгүй байхыг шаарддаг. Тийм ч учраас хамгийн түрүүнд талархан хүлээж авсан.
Бид гурван зүйлийг ялгаж, ойлгох хэрэгтэй. Өсөлт, хөгжил, баяжих гэдэг зүйлс тусад нь авч үзэхгүй байна гэж анзаарагддаг Говьд байгаа хэдэн нүүрсээ урагшаа гаргаж зараад, мөнгөтэй болонгуутаа түүгээрээ барилга барьж, бетон болгочихоод хөгжиж байна гээд байх шиг Эсвэл “570″ гэдэг машин хотын гудамжаар хөглөрч байгааг хөгжил гээд байна.
Гэтэл миний хувьд уг ойлголт нь хүнтэй хамаатай, тэр дундаа оюуны чадвар, зан чанартай холбоотой. Өөрөөр хэлбэл, хүний хөгжлийн салшгүй нэг хэсэг бол шударга ёс зайлшгүй мөн. Үүнийгээ орхиод бид хөгжинө гэж бодвол яг хүзүүндээ гинжтэй нохой урагш тэмүүлж буйтай агаар нэг болно. Харин залуус бид шударга бус явдалтай тэмцэж тэр гинжийг таслах хэрэгтэй.
Лекц уншаад явж байхад хүмүүсийн хандлага ямар байна вэ?
-Миний хувьд энэ ажлыг эхлүүлээд явж буйдаа их баярлаж байна. Залуучууд бидэнд яг ийм зүйл хэрэгтэй байсан. Тэр дундаа хамгийн шударга байх ёстой АТГ өөрөө энэ сайхан аяныг зохион байгуулаад монголын залуусын тархинд шударга байх нь хичнээн сайхан гэдгийг мэдрүүлж, сурталчилж, таниулах гэгээн үйлсийг эхлүүлсэн нь нийгэмд буй залууст ус, агаар мэт хэрэгцээтэй. Одоогоор 17 гаруй газарт лекцээ уншчихлаа.
Энэ бол хийх ажлынхаа талаас илүүд орчихоод байна гэсэн үг Энэ лекцийг уншаад явж байхад миний ертөнцийг үзэх үзэл, бодол санаа минь их өөрчлөгдсөн. Хүмүүсийн хувьд янз янзаар сонсдог Наснаасаа, боловсролоосоо, эсвэл амьдардаг орчноосоо гээд л. Тэр бүү хэл гэр хорооллын сургуулийн, захын дүүргийн хүүхдүүдийн сонсох чадвар нь шал ондоо. Эсвэл төрийн алба хаагчдын, дарга нарын сонсч байгаа түвшин гээд өөр өөр.
Алслагдсан сургуулийн хүүхдүүд лекцийг сонсохдоо илүү анхаарал хандуулдаг Энэ нь мэдээлэл бага очдогтой холбоотой. Гэтэл хотын төвийн сургуулиудын хүүхдүүд залхасан байдалтай сонсох нь элбэг Учир нь янз бүрийн хүмүүс очоод зөв, буруу мэдээллүүдийг их хийдэг.
Миний хувьд лекцээ хүмүүсийг идэвхтэй байлгах, тэдний өдөр тутам сонсдог мэдээллээс нь өөр зүйлийн тухай ярьж, сонирхолтой байлгах үүднээс нь их хичээж байна. Аль болох өөр өнцгөөс шударга ёсны тухай өгүүлэхийг оролдож, зорьсон. Харин хүмүүс янз бүрээр хүлээж авдаг Гайхна, за даа энэ хүн ч тэнгэрийн юм ярьж байна даа, нээрээ ёстой зөв юм байна гээд л гэхдээ сургалтын төгсгөлд баяр хүргэж байгаа хүмүүс нь олон бий.
Цаашдаа яаж үргэлжлүүлбэл зүгээр гэж Таны хувьд бодож байна?
-Миний бодлоор лекц бол хүний оюун санаанд нөлөөлөхөд хамгийн дөхөм хэлбэр. Гэхдээ нэг лекц сонсоод хүмүүс 100 хувь өөрчлөгдчихнө гэж байхгүй л дээ. Харин цаашдаа сурагч, оюутнуудын дунд шударга үзлийн тухай өөрсдөөр нь удирдуулж, ажиллуулах хэрэгтэй. Ажиглахад хүмүүс өөрийнхөө хийсэн аливаа зүйлд илүү санаачилгатай ханддаг Тухайлбал хүүхэд өөрийнхөө тарьсан модийг хэзээч хугалдаггүй, тарьсан цэцгээ тасддаггүй.
Тийм болохоор сурагчдын зөвлөл юм уу, тэдний дунд шударга ёсны клуб байгуулаад өөрсдөөр нь шударга үнэний төлөө гэх сэтгэлтэй байх нь ямар гоё болох талаар сурталчлуулах нь зүйтэй. Магадгүй уг ажлыг нь АТГ ч юмуу, Азийн сан дэмжээд, урамшуулаад явбал илүү үр дүнд хүрч болох юм. Мөн нэгэнт төрийн албанд орсон хойно нь авлигын талаар ярих бус ирээдүйд авлига хамгийн их байж болох салбаруудад ажиллах хүүхэд залуучууд руу чиглэх хэрэгтэй.
Тухайлбал эрүүл мэндийн салбар авлига ихтэй байна гэж үзвэл, анагаах ухаанаар сурч буй оюутнууд руу чиглэсэн компанит ажлуудыг зохион байгуулж болно. Тиймээс ирээдүйд төрийн албанд орох хүмүүст одооноос эхэлж тархинд нь шударга ёсыг сурталчилж, дархлааг нь бий болгох хэрэгтэй. Нэг ёсондоо урьдчилан сэргийлэх ажил гээд нэрлэчихэж болох юм.
Та ямар оюутан байсан бэ?
-Оюутнуудыг хоёр хувааж болно. Нэгийг нь дүнгээ мартчихсан, нөгөөг нь дүнгийн төлөө улаардаг оюутан гэж. Зөв нь бол энэ хоёрын голд, хоёр туйл руу хазаахгүй байх хэрэгтэй. Мэдээж дүн бол чухал. Чамайг илэрхийлэх нэг үзүүлэлт болно. Үүнтэй адил би их сургуульд байх даа хангалттай сайн дүн авахыг хичээдэг байсан. Гэхдээ энэ миний эцсийн зорилго байгаагүй. Өөрөөр хэлбэл сургуулиа төгсөөд ямар хүн болох вэ, түүний тулд надад ямар чадварууд шаардлагатай вэ, гэх зэргээр байгаа зүйлээ эрэмбэлээд аль нь миний төсөөлдөг ирээдүйд хэрэгтэй вэ гэж салгадаг байсан. Тэгээд ном уншдаг, энд тэнд болж буй лекцийг алдахгүй очиж сонсож, өөрөө аль болох оролцохыг боддог байсан.
Багш хүний хувьд оюутан залуустай их харьцдаг. Тэдний дунд шударга үзэл хэр их байна вэ?
-Ер нь тийм ч их гэж хэлж чадахгүй. Залуучуудын дунд амархан баяжих сонирхол их байдаг юм шиг. Тухайлбал эмэгтэйчүүд нь баян хүнтэй суух, эрчүүд нь төрийн албанд ороод богино хугацаанд баян болохыг хүсдэг Гэхдээ энэ нь тэдгээр хүмүүсийг шударга байхыг хүсдэггүй гэсэн үг биш байж болно. Магадгүй шударга бус үйлдэл гаргаж байгаа хүмүүсийн тодорхой хувь нь үнэхээрийн зайлшгүй шаардлага тулгардаг учраас байж болох.
Гэхдээ залуучууд бид одоо л өөрсдөөсөө эхлэхгүй бол аль хэдийн сэмрээд үгүй болчихсон дээлийг нөхөх гээд суух нь утгагүй. Хүн гэдэг оршихуй өөрөө цаг үе, нийгмээ дагаад хувьсаж байдаг Би ингэж хэлэх дуртай “Биднийг амьдрал өөрчлөхөөс өмнө бид амьдралыг өөрчилнө” гэж гэхдээ ихэнх хүмүүсийг амьдралаа өөрчлөхөөс өмнө амьдрал тэднийг өөрчилсөн байдаг л даа. Залуучуудыг шударга ёсны тухай бодож ч амжаагүй байхад шударга бус үйлдэл хийхийг нийгэм өөрөө шаардаж байна шүү дээ.
Та шударга хүн үү?
-Би шударга хүн. Яагаад гэвэл багш хүн бусдад зааж, сургаж буй зүйлээ өөрөө эхлээд хэрэгжүүлсэн байх хэрэгтэй. Анхны туршилтын лаборатори нь өөрөө байх ёстой биз дээ. Шударга ёсны лекц ойролцоогоор 10 мянган хүнд хүрэх ёстой. Одоогийн байдлаар 4 мянга гаруй хүнд хүрээд байна. Шударга ёсыг зөндөө уриалчихаад өөрөө түүнийгээ амьдралынхаа дадал, зуршил болгож чадаагүй байвал ярьж буй зүйлс минь хэзээ ч хүнд хүрэхгүй.
Нөгөө талаас хүн нэг л амьдарна. Залуучууд энэ үгийг ойлгохдоо тэгвэл яасан ч яадаг юм гэж боддог Харин миний хувьд нэг л олдож буй амьдралаа утга учиртай, үнэ цэнэтэйгээр өнгөрүүлэхгүй бол насны эцэст туулсан амьдралдаа харамсана гэж ойлгодог. Тийм учраас монголоор дүүрэн шударга бус байгаагаараа гоё харагдаж, төд удалгүй эмгэнэлтэйгээр төгсөж буй тохиолдлуудыг харж, тэдгээр хүмүүс шиг алдахгүй байхыг хичээдэг
Тэгвэл бидний амьдарч буй нийгэм хэр шударга байна вэ?
-Хамгийн тод илэрхийлэх баримт бол дэлхийн улсуудаас авлигын индексээрээ 140 гаруй орноос 94 дүгээр байрт алхаж байгаа нь шүү дээ. Энэ бол 150 гаруй машин уралдаж байхад бид 94 дүгээр байрт явж байна гэсэн үг Нийгэм өөрөө шударга бус байхад шударга байна гэдэг нь хэцүү. Тухайлбал таны эхнэр төрөх гэж буй мөчид эх барих гэж байгаа эмчид бэлэг сэлт, мөнгө өгөөд хүүхдээ эмч нарын илүү анхаарал дунд эрсдэлгүй мэндлүүлэх үү, эсвэл шударга царайлж байгаад хүүхэддээ аюул учруулах уу гэдэг чинь тухайн агшинд танаас шалтгаална.
Эсвэл та 3 хоногийн дараа гадаад руу явах гэж байгаад өөрийн хариуцлагагүй үйлдлээсээ хоног хугацаа алдсан ч хууль бус арга хэрэглээд гадаад паспортоо шуурхай гаргуулж авах уу, эсвэл үлдэх үү гэдэг сонголтын үзүүр дээр ирээд таны жинхэнэ шударга хүн үү эсвэл… гэдгийг чинь харж болно. Гэхдээ хэдий хэцүү ч гэсэн түнэр харанхуйг зүхэж суухаар нэг ч гэсэн лаа асаа гэдэгтэй санал нэг байгаа.
Хүүхэд залуусыг шударга байлгахын тулд юу хийх ёстой вэ? Таны бодлоор…
-Хүүхдүүд үлгэрийнхээ баатруудыг даган дуурайж, үлгэрлэдэг шиг шударга байх нь ийм сайхан зүйл юм хэмээн харуулж, даган дуурайдаг баатарлаг хүнтэй байх хэрэгтэй. Түүнээс ашиг сонирхлын тухай хууль гэдэг чинь ийм хууль байдаг юм шүү. Тийм болохоор авлига авж болохгүй гэж хүүхдүүдэд хэлээд нэмэргүй.
Монголчууд бид шударга байж чадах үндэстэн мөн үү?
-Үндэстний, угсаатан зүйн талаас нь ажиглахад улс бүрт өөр өөр байж болохыг үгүйсгэхгүй. Миний бодлоор харин ч монголчууд хамгийн шударга байж чадах ард түмэн. Учир нь эртнээс өршөөлгүй байгалийн хууль дор захирагдаж ирсэн. Энэ хуульд хэн илүү хөдөлмөрлөж, хэн тэсвэр тэвчээртэй байж чадсан нь үлддэг Байгал өөрөө хэзээ ч шударга бус шүүлт явуулдаггүй. Энэ зайлуул Доржийн хамаатан юм болохоор энэ өвөлдөө өршөө гэж хэзээ ч байгал үзэхгүй.
Миний бодлоор нийгэм 1990 онд бүтэн эргэчихсэн. Тэр үймээн, нийгмийн шуурганд хүний сайхан сэтгэл, шударга байдал гээд биднийг хүн байлгадаг үнэт зүйлсийн дээр нь мөнгө баялаг, эрх мэдэл гарчихсан учраас бид үүндээ зохицож амьдраад байгаа. Түүнээс биш Чингис хааны үед хууль үйлчилдэг байсан уу үйлчилдэг байсан. Хэн илүү шударга байж чадна түүнийг дайсан ч бай өршөөж чаддаг байсан. Тийм болохоор бид шударга байж чадах үндэстэн.
Таньд шударга байсандаа харамсах тохиолдол гарч байсан уу?
-Харамсах үе , огтхон ч байгаагүй. Харин хохирч байсан тохиолдлуудыг олон харж байлаа. Эхнэр нь төрөх гээд байхад эмчийн гарыг цайлгаагүйн улмаас хүүхдэд нь анхаарал бага ноогдож, хохирсон хүнийг мэднэ. Тэр залууд гэр бүлийхэн нь “Чи юу дутлаа гэж эмчид хэдхэн цаас өгчихөж чадахгүй байгаа юм” гэж зандарч байсан. Харин залуу амьхандаа шударга байх гэж оролдсондоо “Ер нь эрүүл мэндийн салбарынхан яахаараа…” гэж бодсоныхоо дүнд өөрийнхөө үр удмаар хохирсон. Гэвч шударга ёс үргэлж ялдаг гэдгийг хэзээ ч мартаж болохгүй. Шударга бус нийгэмд залуус бид л шударга байж чадна.
Ярилцсан М.Мөнхзориг
Эх сурвалж: “Соёмбо” сонин

URL:

Сэтгэгдэл бичих