Говь-Алтай аймгийн ИТХ-ын асуудлыг хурдан шийдвэрлэх ёстой гэв
Говь-Алтай аймагт үүсээд буй нөхцөл байдалд СЕХ, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын хийх ажилтай холбогдуулж МАН-ын бүлэг ярилцсан байна. Говь-Алтай аймагт Орон нутгийн сонгуулийн зарим тойрог, жагсаалтаар нэр дэвшигчид зэрэг 17 хүнийг дахин сонгох сонгууль болох ёстой аж. Гэвч хууль эрх зүйн зохицуулалт байхгүй, 2012 оноос өмнө ажиллаж байсан ИТХ нь шийдвэр гаргаад байгаа зэрэг асуудал үүсчээ.
Энэ талаар МАН-ын бүлгийн орон тооны бус зөвлөх Ш.Раднаасэд ярихдаа “Тус аймагт таван тойрогт дахин сонгууль явуулах, намын нэрийн жагсаалтаар аймаг даяар дахин сонгууль явуулах шийдвэр гарсан. Тус аймагт 2008-2012 онд ажилласан иргэдийн хурал нь үйл ажиллагаа явуулах юм уу, 2012 оны сонгуулиар байгуулагдсан иргэдийн хурал нь үйл ажиллагаа явуулах уу гэдэг нь маргаантай болчихоод байна. Уг нь Улсын дээд шүүхийн шийдвэрээр 2012 онд байгуулагдсан иргэдийн хурал нь бүрэн ажиллах боломжтой. 18 хүн ажиллана. Гэтэл аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба болон Засгийн газрын хэрэг эрхлэх газраас очсон бичгийн дагуу энэ 35 төлөөлөгчийг хүчингүй болгоод 2008-2012 онд ажиллаж байсан төлөөлөгчид гарч ирээд сонгуультай холбоотой асуудал шийдээд эхэллээ. Тэгээд энэ аймагт хоёр иргэдийн хурал гарч ирчихээд хэн нь дарга, хэн нь ажилтан болох нь мэдэгдэхээ байчихаад байна. Аймгийн хэмжээнд дахин сонгуулийг ямар төсвөөр, хэзээ зохион байгуулах, шийдвэрийг хэрхэн гаргах талаар тодорхойгүй байна. Засгийн газрын хэрэг эрхлэх газраас 2008-2012 оны ИТХ-ын төлөөлөгчдийн эрхийг сэргээх шийдвэрийг гаргасан. Гэтэл УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакейгийн гарын үсэгтэй 2012 оны сонгуулийн сонгогдсон төлөөлөгчид болох 18 хүн эрх зүйн чадамжтай учраас шийдвэр гаргаж болно гэсэн бичгийг мөн хүргүүлсэн. Энэ дунд нь орон нутаг хүнд байдалд орсон байна. Энэ асуудлыг СЕХ, Засгийн газрын хэрэг эрхлэх газар шийдвэрлэх шаардлагатай байна” гэлээ. Тус аймагт дахин сонгууль ирэх оны нэгдүгээр сарын 19-ний өдөр зохион байгуулахаар товлогдоод байна.
URL: