Гэмтлийн эмнэлгийнхэн өнөөдрөөс ажил хаяж магадгүй

20130520152342ГССҮТ-ийн Б.Бүргэд тэргүүтэй эмч нар өнгөрсөн долоо хоногт Эрүүл мэндийн яам болон тус эмнэлгийн захирлын үүрэг гүйцэтгэгч Ц.Энхбаярт удаах шаардлагаа хүргүүлжээ. Хамгийн аймаар нь тэд энэ удаад ч “Шаардлагыг хүлээж авахгүй бол эмнэлгийн эмч, ажилтнууд дахин ажил хаяна” гэдэг үгийг хэлж чадсан байх юм.

Өмнө нь Эрүүл мэндийн сайдын тус эмнэлэгт хийсэн томилгоог эсэргүүцэж эмч, ажилтнууд нь ажил хаях үеэр хоёр ч хүний амь нас эрсэдсэн талаарх харамсалтай мэдээлэл одоо ч хуучраагүй байгаа. Амиа алдсан хүмүүсийн гэр бүлийнхний нулимс хатаж ч амжаагүй байгаа энэ үед тэд ийм шаардлага хүргүүлсэн нь үнэндээ аймшигтай, бас хариуцлагагүй сонсогдож байна.  ГССҮТ-д цаг минут тутамд шахам үхэлтэй тэмцэлдсэн өвчтөнүүд хүргэгдэн ирдэг. Ажил хаях талаар шаардлага хүргүүлэх нь битгий хэл, бодож ч болдоггүй тийм л ажлыг ГССҮТ-ийн эмч нар хийж байгаа.

Нэг талаар Монголдоо цөөхөн байдаг чадвартай эмч нарт ийм ажил хийж байгаад нь баярлахгүй байхын аргагүй ч “Ажлаас халагдсан эмч нарыг буцааж авахгүй бол дахин ажил хаяна” гэснийг нь бодохоор Эрүүгийн хуулийн дагуу хариуцлага хүлээлгэмээр санагдаж байна. Мөн Хууль зүйн сайд Х.Тэмүүжингээс “Энэ асуудлаар ямар арга хэмжээ авч байна вэ. ГССҮТ-ийн эмч нарыг ажил хаях үеэр хүний амь нас эрсэдсэн. Тиймээс зүгээр сууж байгаад өвчтөнөө хохироосон эмч нарт Эрүүгийн хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж болдоггүй юм уу” гэдгийг асуумаар байна. Дуртай үедээ ажлаа хаядаг энэ хэдэн эмч нарыг шалгах хууль эрхзүйн зохицуулалт хаа хаанаа байх нь зүйн хэрэг болов уу.

Эмч нар нь ажлаа хаяхаа мэдэгдэж, эцэст нь иргэд хохирч суугаа энэ үед Эрүүл мэндийн сайд Н.Удвалын хувьд ГССҮТ-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Ц.Энхбаярын “толгойг илсээр” суугаа. Ц.Энхбаярыг эсэргүүцээд, өвчтөнүүдээ хүртэл мартсан эмч нар “Ц.Энхбаяр үүрэг гүйцэтгэх хугацаандаа асуудлыг өөрөө өдөөн турхирч байгаа. Танил талаа шинээр албан тушаалд томилж, хууль бус шийдвэр гаргасан. Засвар, үйлчилгээг дур мэдэн хийж, үргүй зардал гаргахаас гадна удирдах албан тушаалтанд байж боломгүй ноцтой асуудлыг удаа дараалан гаргасан. Хамгийн ноцтой нь хүний алтан амь, эрүүл мэндтэй холбоотой байгууллагад ажиллаж байгаа гэдгээ ухаарахгүй эмчилгээ үйлчилгээ тасалдуулах, өвчтөн, үйлчлүүлэгчид, эмч, эмнэлгийн ажилчдын дунд үл ойлголцлыг бий болгож байгаа” гэдэг юм билээ.

Харин тэр өөрөө “Хууль бус томилгоо, халаа сэлгээ хийсэн зүйл байхгүй” гэсэн тайлбарыг хэвлэлийнхэнд өгдөг. Хамгийн гол нь энэ асуудал өрнөж эхлээд бараг 3-4 сар өнгөрчихөөд байхад тэдний хэн нь үнэн ярьж, хэн нь хууль зөрчиж байгааг Эрүүл мэндийн сайд яагаад тогтоохгүй байна вэ, яагаад даруйхан арга хэмжээ авахгүй байна вэ гэдэг нь сонин байна.

Ямартай ч шаардлага хүргүүлсэн эмч нар хариугаа өнөөдөр 12 цагаас ГССҮТ-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Ц.Энхбаяраас авахаар төлөвлөж байгаа юм билээ. Хэрвээ тэд эмнэлгийн шинэ удирдлагуудаас татгалзсан хариулт авбал дараагийнхаа арга хэмжээг авч эхэлнэ гэдгээ өчигдөр дуулгасан юм. Дараагийн арга хэмжээ гэдгийнх нь хамгийн эхэнд ажил хаях гэсэн хувилбар байгаа гэдгийг ч үгүйсгэсэнгүй.

Нэг ёсондоо иргэдийн амь насны өмнө хариуцлага хүлээсэн ГССҮТ-ийн эмч нар өнөөдрөөс эхэлж ажил хаяж магадгүй байна. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Эмчилгээ эрхэлсэн захирал Т.Нарантуяагаас энэ талаар тодруулахад “Эмч нар шаардлага өгөөгүй. Мэдсэн юм алга. Халагдсан эмч нарыг ажилд нь аваагүй байгаа” гэсэн хариултыг л өгсөн юм. Гэмтэл согог судлалын үндэсний төвд болж буй энэ үйл явдал дахиад хүний аминд хүрэх юм биш байгаа гэсэн “аймаар” бодол төрснийг ч нуух юун.

Т.Урангэрэл

http://stat.gogo.mn/news/2010/6/15/uls%20turiin%20toim%20shine480x.jpg


URL:

Сэтгэгдэл бичих