Технологийн хуульч дарга

Хэдэн жилийн өмнөх “Глобал удирдагч” нэвтрүүлгийн хөтлөгч залуу Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга болсон нь Ц.Жадамбаа юм. Ерөнхий сайдын харъяа гурван агентлагийн нэг нь энэ газар бөгөөд даргыг нь “Хэн нь хэн бэ?” буландаа онцлов. Тэрээр сэтгүүлч биш ч “Глобал удирдагч сан” хэмээх хувийн бизнесээ сурталчлахын тулд телевизийн нэвтрүүлэг бэлтгэн, өөрөө хөтлөгчөөр нь ажиллаж олны танил болсон нэгэн. Тухайн үед англи хэл сурч буй, суралцах гэсэн хүсэлтэй залууст үлгэр жишээ болсон нэвтрүүлэг байв.  Телевизийн дэлгэцийг ашиглан олны танил болчихоод улс төрд орж, Ардчилсан намын нарийн бичгийн даргын албан тушаалыг хашсан залуусын нэг нь Ц.Жадамбаа.

Одоогийн Ерөнхий сайдтай ойр байсан тул албан тушаалд хурдтай дэвшсэн гэдэг. Тиймдээ ч одоо Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга болчихсон. Харин Ерөнхийлөгч, УИХ-ын даргад загнуулсан дарга нарын нэг бол Ц.Жадамбаа юм. Цахим ертөнц дэх иргэдийн сэтгэгдлүүдийг цензурдах санаачилга гаргасан гэж Төрийн тэргүүнээс зэмлэл хүртэж байв. Үүнээс гадна телевиз, сувгуудад олгосон тусгай зөвшөөрөл болон хууль зөрчиж буй контентийн асуудлыг ч хөндөж байв. Мөн кабелийн хэд хэдэн телевизийн тусгай зөвшөөрлүүдийг цуцлах мэдэгдэл, шаардлага хүргүүлж нэлээд хэл ам болж, хэвлэлийнхний “дайснаар” Ц.Жадамбаа тодорч байсан удаатай.

Мөн өнгөрсөн жил УИХ-аар төсөв хэлэлцэх үеэр байгууллагынхаа төсвийг хамгаалж чадаагүй  тул УИХ-ын даргаас банга хүртсэн.  Угаас энэ агентлагийн даргаар мэргэжлийн бус хүнийг томилсон нь шүүмжлэлийн бай болж байлаа. Тэрээр хуульч мэргэжилтэй юм билээ.  Түүнийг эхлээд түр орлон гүйцэтгэгчээр томилон дараа нь жинхэлсэн. Учир нь агентлагийн дарга нар төрийн албан хаагчийн шалгалт өгч энэ албанд орох ёстой байв. Удалгүй шалгаруулалтад Ц.Жадамбаа тэнцэж  агентлагийн даргаар жинхэлсэн юм.

Тус газрын дарга болохоосоо өмнө Ардчилсан намын нарийн бичгийн дарга, Улс төрийн бодлогын хэлтсийн даргын албыг хашиж байсан. Ардчилсан нам УИХ-ын сонгуулийн өмнө орон даяар “Монгол хүн- 2020” хэлэлцүүлэг зохион байгуулахад Ц.Жадамбаа голлон оролцсон залуусын нэг нь.

Тэрээр Дорноговь аймагт төрж, Хэнтийд өсч, АНУ-д боловсрол эзэмшиж, Ардчилсан намаар дамжин агентлагийн дарга болсон товчхон намтартай нэгэн. Түүний хувийн амьдралтай холбоотой жиг жуг мэдээлэл хааяа нэг гардаг ч одоогоор цахим ертөнцөд энэ тухай алга. Ц.Жадамбаа эрхэлж буй албан тушаалаа ашиглан өөрт холбоотой таагүй мэдээллүүдийг цахим ертөнцийн хайлтын системээс хасуулсан бололтой.

 

М.ЦЭЦЭГ /ЗУУНЫ МЭДЭЭ/


URL:

Сэтгэгдэл бичих