Н.Алтанхуяг У.Хүрэлсүхийн амлалтыг давтах уу?

527-1385949339789_500x500“…Хэрэв чадахгүй бол Н.Алтанхуяг гэдэг даргатай Ардчилсан намынхантай УИХ-ын 2016 оны сонгуулийн үеэр хариуцлага тооцоход асуудалгүй байх аа! Ямартай ч дээрх мэдэгдлийг “Хувь улстөрч Н.Алтанхуягийн хэлсэн үг” гэж ойлгомооргүй байна. Тэгж хүлээж авмааргүй байна. Ерөнхий сайд Н.Алтанхуяг Ардчилсан намын даргын хувьд “2016 онд надтай хариуцлага тооцоорой” гээд хэлчихлээ. Яг У.Хүрэлсүх шиг…”
Н.Алтанхуяг ам алдав. “Улаанбаатарыг гурван жилийн дотор утаанаас нь салгаж чадахгүй бол хариуцлагыг нь би хүлээнэ” хэмээн мэдэгдэв. Элбэгээг эзгүйд эрхэм Ерөнхий сайд ийм том амлалт өгчихлөө. З.Энхболдын танхимд олонхийг бүрдүүлдэг АН-ын олигархиудыг Улаанбаатарын утаанаас дайжиж, гадаадад тансаглах зуур намын дарга нь тийм цочир үг хэллээ.
Тийм ээ, энэ бол Монгол Улсын Ерөнхий сайдын хэлсэн үг. Ардчилсан намын даргын зүгээс хийсэн хариуцлагатай мэдэгдэл. Тиймээс сөрөг хүчнийхний хувьд, улс төрийн “тоолуур”-аа одоо л ажиллуулдаг цаг. Н.Алтанхуяг өнгөрсөн пүрэв гарагт болсон “Ерөнхий сайдын 30 минут” уулзалтын үеэр дээрх мэдэгдлийг хийсэн нь 2016 онд Ардчилсан намынхнаас амыг нь асуух сайхан шалтаг болов, Ардын намынханд. “Улаанбаатарыг утаагүй болгоно”.
Энэ бол ард түмэнд таатай сонсогдох гоё үг. “Ард иргэдээ агаарын бохирдлоос ангижруулж чадахгүй бол алив надтай хариуцлага тооцоодох” гэж хэлсэн Ерөнхий сайдын үг бүр ч “nice”. Гэвч Н.Алтанхуягт итгэхгүй шалтгаан бас байна аа. Ардын намынхан эрх баригч хүчин байхад, бас МАХН гэдэг товчлолыг МАН болгон өөрчилсөн тэр өдөр “Хамтарсан Засгийн газар гэдэг “өндөг”-өө би хагалуулчихгүйг хичээж яваа шүү” хэмээн рапорт өгсөн хүн бол Н.Алтанхуяг.
Ардын намын XXVI их хурлын индрээс Ардчилсан намын дарга, тухайн үеийн хамтарсан Засгийн газрын Тэргүүн шадар сайдын хувьд тэрбээр ийн мэдэгдэж байв. Тэр бол 2010 оны арваннэгдүгээр сард болсон явдал. Н.Алтанхуяг Ардын намынханд амласнаасаа төд удалгүй буцлаа.
УИХ-ын 2012 оны сонгууль эхлэхээс тавхан сарын өмнө тэрбээр хамтарсан Засгийн газар хэмээх “өндөг”-ийг өөрөө хагалав. З.Энхболд, “Женко” Х.Баттулга тэргүү тэй Ардчилсан хүчний холбооныхон Н.Алтанхуягийг Ардчилсан намын даргаас огцруулж, Ардын намтай хамтран байгуулсан танхимыг үгүй хийхээс урьтаж ийм алхам хийх нь тэр.
Ингэснээр тэр “Алтангадас” фракциа нөлөө бүхий хэвээр үлдээж чадав. Хувь улстөрчийн тухайд, амиа аврах төлөвлөгөөгөө ийн хэрэгжүүлж, Ардчилсан намыг сонгуульд удирдаад зогсохгүй ялсан намын даргын ямбыг эдэлж Ерөнхий сайдын сэнтийд заларсан юм.
Харин одоо У.Хүрэлсүхийг эргэн санацгаая. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан тэрбээр “МАН хэмээх ууган нэрээ сэргээснээр манай нам сонгуульд ялагдвал би хариуц лага хүлээнэ” хэмээн 2010 онд болсон XXVI их хурлын үеэр мэдэгдэж байв. Эрх баригч хүчний иртэй, бяртай генсекийн хэлсэн энэ үг тухайн үеийн супер мэдэгдлүүдийн нэг яах аргагүй мөн байв.
Коминтерний шахалтаар МАН хэмээх товчлол дунд хавчуулсан “Хувьсгалт” гэдэг үгийг хасч чадсан нь Сү.Батболд, У.Хүрэлсүх нарын хувьд түүхэн гавьяа яах аргагүй мөн. Харин МАХН гэдэг улс төрийн том “хөлөг онгоц”-ны нэрийг МАН болгон өөрчлөхийг XXVI их хурлын үеэр хэдхэн хүн эсэргүүцсэний нэг нь экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр байлаа. Тусгаар тогтнолын ордны эзэд намынхаа ууган нэрийг сэргээж, нэгэн цагт “Монгол төрийн ажлыг та мэддэг юм уу.
Аль эсвэл таны эхнэр мэддэг үү” хэмээн Н.Энхбаярыг улалзуулж явсан У.Хүрэлсүх “Манай нам УИХ-ын 2012 оны сонгуульд ялагдвал би хариуцлага хүлээнэ” гэж мэдэгдсэн нь сөргөлдөгч хүчнийхэнд ихээхэн олз болов. Н.Энхбаяр Ардын намаас салан тусгаарлаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2009 оны сонгуульд ялагдсан хорслоо ч аажим, аажмаар тайлж эхэлсэн юм.
Экс Ерөнхийлөгч ийнхүү улс төрийн сөрөг фокусаа Тусгаар тогтнолын ордон руу тааруулсан нь Ардчилсан намынханд ашигтай байсан нь мэдээж. Тиймээс тэд эрх баригч хүчний энэ хуваагдал дээр тоглох болов. Ц.Элбэгдоржийг гадаадад айлчлах зуур Улсын дээд шүүхийнхэн Н.Энхбаяр нарт МАХН гэдэг товчлолыг өмчлүүлэхээр шийдвэрлэсэн нь санамсаргүй үйлдэл, санаандгүй алдаа биш байсан нь ч тодорхой байсан юм.
Ийнхүү Монголын улс төрд МАХН гэдэг нам нэн шинээр мэндлэв. Эрх баригч хүчнийхэн биш, энгэрээ улаан сарнайгаар гоёсон Н.Энхбаярынхан 2012 оны сонгуулийн өмнөхөн М.Энхсайхан тэргүүтэй МҮАН-ынхантай хамтран “Шударга ёс” эвслийг байгуулсан нь Ардын намынхны ялагдлыг зөгнөсөн хэрэг биш байсан гэж үү.
Тийм ээ, Н.Энхбаяр, М.Энхсайхан тэргүүтэй “Шударга ёс” эвслийнхэн Сү.Батболд гэдэг даргатай Ардын намынхны саналыг сонгуулиар ийн хуваасан. Эвслийнхний эзэлсэн суудал Ардын намынхныг эрх баригч хүчний тугаа бөхийлгөхөд хүргэж, Ардчилсан намынхныг олонхийн орон зайг эзэгнэхэд хүргэсэн нь УИХ-ын 2012 оны сонгуулийн үр дүн. У.Хүрэлсүхийн хувьд ч “Нам ялагдвал би хариуцлага хүлээнэ” гэж хэлсэндээ эзэн байх том шалгуурыг тавьсан үе билээ.
Ингээд Ардын намын журамт цэргүүд сонгуулийн ялагдлын хариуцлагыг дарга нараасаа нэхэж эхэлсэн. Тэгэхээс ч өөр аргагүй байсан. Монголын улс төрийн монополь хүчнийг цөөнхийн суудалд шилжүүлсний ялыг дарга нараасаа асуух нь зүйн хэрэг.
Тиймээс Сү.Батболд 2012 оны зун хуралдсан Бага хурлын ээлжит хуралдааны үеэр намын даргаасаа огцорч, түүнээс хойш хэдхэн сарын дараа У.Хүрэлсүх УИХ-ын гишүүний албанаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн юм. Гэхдээ л Ардын намын экс генсекийн “Хариуцлагаа би хүлээнэ” гэсэн үг өдгөө ч хариултаа нэхсэн хэвээр…
Хамгийн сонирхолтой нь Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг У.Хүрэлсүхийн сургамжийг давтаж мэдэх нь. “Улаанбаатарыг утаагүй хот болгож чадахгүй бол би хариуцлага хүлээнэ” гэж хэлсэндээ тэр эзэн байх үүрэг хүлээлээ. Эрх баригч хүчний тэргүүний хувьд ч, энэ улсын Ерөнхий сайдын тухайд ч Н.Алтанхуяг хэлсэн үгэндээ эзэн байх ёстой.
Харин худлаа хэлж болохгүй. Учир нь түүний хэлсэн үг, хийсэн үйлдэл бүхэн Ардчилсан намынх болж харагдана. Н.Алтанхуягийн ард түмэнд амласан болгон Ардчилсан намынхнаас нэхэх хариуцлага болох учиртай. Тиймээс Ерөнхий сайд аа, та Улаанбаатарыг гурван жилийн дотор агаарын бохирдлоос ангижруулах амлалтаа биелүүлж чадна биз!
Хэрэв чадахгүй бол Н.Алтанхуяг гэдэг даргатай Ардчилсан намынхантай УИХын 2016 оны сонгуулийн үеэр хариуцлага тооцоход асуудалгүй байх аа! Ямартай ч дээрх мэдэгдлийг “Хувь улстөрч Н.Алтанхуягийн хэлсэн үг” гэж ойлгомооргүй байна. Тэгж хүлээж авмааргүй байна.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг Ардчилсан намын даргын хувьд “2016 онд надтай хариуцлага тооцоорой” гээд хэлчихлээ. Яг У.Хүрэлсүх шиг… Үүнээс гадна Ардчилсан нам гурван жилийн дараа Н.Алтанхуяг гэдэг даргатай, Монгол Улс ийм Ерөнхий сайдтай хэвээр байх уу гэдэг бас сонин, тийм үү.
С.Баттулга
Эх сурвалж

URL:

Сэтгэгдэл бичих