Увсын сонгогчдын долоон сая төгрөг СЕХ-г “Ацан шалаа”-д оруулав

​ Сонгуулийн ерөнхий хороог УИХ томилдог. Гэтэл тус хороо өнөөдөр бие даасан шийдвэр гаргаж чадахгүй УИХ-ын бүлгүүдийн “амыг харан ангалзаж” сууна.

Хэрэв “Бид л сонгогдсон бол боллоо” гэсэн сэтгэлээр ханддаггүй бол ардчиллын тулгуур зарчмуудын нэг болсон сонгуулийн үйл ажиллагааг цэвэр тунгалаг байлгах талаар анхаарах цаг болжээ. УИХ-ын 2012 оны сонгуулийн тухайд маргаантай тойргуудын асууд­лыг холбогдох шатны шүүхүүд шийдвэрлэсэн. Ийм байдлаар цаашид явах бол “Сонгуулийн дүнг шүүх шийдвэрлэнэ” гэж хуульдаа өөрчлөлт оруулаад Сонгуулийн ерөнхий хороог татан буулгавал таарна. Тэртэй тэргүй автомат машины “билл”-ийг хэн ч нэгтгэж чадна.

Эсвэл СЕХ сонгуультай холбоотой ажлаа бие даан бүрэн дүүрэн шийдэх чадамжтай байх учиртай. “Сонгогчдын боловсрол төв”-өөр овоглосон УИХ-ын гишүүн Р.Бурмаа өнгөрсөн долоо хоногт мэдээлэл хийхдээ “СЕХ Увсын тойргийн асуудлыг хэлэлцэх эрхтэй” хэмээсэн. Гэтэл УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд үүний эсрэг мэдээллийг бүлгийн хурлынхаа дараа өгч байв. Тэгэхээр Сонгуулийн ерөнхий хороонд ямар эрх, мэдэл үлдэв гэдгийг хар даа. Өмнө нь “Сонгинохайрхан дүүргээс Д.Сумъяабазар, Л.Эрхэмбаяр нарын аль нь УИХ-ын гишүүнээр сонгогох ёстой вэ” гэдэг асуудал үүсээд байсан. Тэр үед СЕХ дээрх маргааныг хэлэлцэх эрхтэй байсан билээ. Харин одоо бол “Хэлэлцэх эрхгүй” гэнэ шүү. УИХ-ын сонгууль бүртэй холбоотой маш олон “но”-той мэдээлэл тус хороонд ирдэг. Ямар нэг хариу үйлдэл хийж байсан удаагүй. Магадгүй тойргийн хорооны ч юм уу, ямар нэгэн хэлэлцэх шаардлагатай асуудлыг “дараад хэвтчих” нь тэдэнд ашиг авчирдаг бололтой.

Энэ удаа алс холын Увс нутгийн сонгогчид нэр дэвшигчийн мөнгө авчихсанаа зарлаад, тус бүр нэг сая төгрөг барьсан долоон сонгогч СЕХ-нд хандаад байна. Тун удахгүй дахин арваад хүн ирэх гэж буй сурагтай. Энэ тоо улам нэмэгдэж ч мэдэх аж. Харин СЕХ энэхүү баримт бүхий үйлдлийг олзлоод баярлахын оронд сандралдаж буйн учир юунд байна.

Юуны өмнө шат, шатны шүүхээр Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарын талд шийдвэр гаргасан учир дээрх хоёр нэр дэвшигч УИХ-ын гишүүний тангараг өргөсөн. Тэгэхээр СЕХ Увсын сонгогчдын баримт болох долоон сая төгрөгийг авчихвал СЕХ шүүхтэй “дайсагнасан” хэрэг болчих гээд байдаг. Авахгүй гэхээр ард түмэн СЕХ-нд итгэхгүй. Ардчилалд бүр ч итгэхгүй. Харин “Мөнгө бүхнээс хүчтэй” гэдэгт итгэл үнэмшил нь батжих биз ээ. Нөгөөтэйгүүр зарим эх сурвалжийн хардаад байгаачлан ямар нэг тохироо байсан, тэр амлалтаасаа буцах нь Ч.Содномцэрэн тэргүүтэнд “аюултай” байж мэдэх юм.

Ийм л нөхцөл байдал өнөөдрийн байдлаар үүсчихээд байна. Яагаад хязгаар нутгийн иргэн, сонгогч нэр дэвшигчээс авсан мөнгөө өөрийн биеэр авч ирж байхад СЕХ асуудлыг шийдвэрлэхгүй “зугтаж” чадаж байна аа. Ингэж ажиллах СЕХ хэнд хэрэгтэй юм бэ. Увсынхан, ер нь хөдөөгийн иргэд Ч.Содномцэрэнгээ сайн танина л даа. АН-ын “Соцдек”-үүдийн нэгэн тэрбээр ХААҮ-ийн сайд, УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга байхаасаа л хөдөөгийн иргэд, сонгогчидтой ойр дотно байж ирсэн. Харин энэ удаад СЕХ-ны даргын хувиар тэднийг хүлээн авч уулзах, санал гомдолд нь ямар хариу өгөхийг харж л байя.

Шүүхийнхний хувьд хэрэгтэнг олж тогтоож хариуцлага хүлээлгэх нь чухал байх нь мэдээж. Уг нь хэрэг хүлээснийг нь биш “цаад эзэд”-ийг нь цээрлүүлэх учиртай байсан юм. Ямартай ч УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нар сонгогчдынхоо өмнө “Тэр залуусыг мөнгө тараасныг мэдээгүй” гэж хэлээгүй. Шүүхийн өмнө бол хэлсэн байж магадгүй. Тийм ч учраас Увсаас ирсэн сонгогчид бухимдалтай байгаа харагдсан. Олон жил “улаан тойрог” гэгдсэн тус аймгийнхан ардчиллыг дэмжмэгцээ луйвардуулчихлаа. Тэр сонгогчдын сэтгэгдэл ямар байгаа бол. Ардчилалд итгэх итгэлийг нь хэмжээд үзэхсэн.

Энэ тохиолдолд УИХ гэдэг институци өөрсдийнхөө сонгосон Сонгуулийн ерөнхий хорооны байр байдлыг хэрхэн дүгнэж байгаа бол. Шинэчлэлийн Засгийн газар гэдэг шиг Шинэчлэлийн УИХ гэж байдаггүй аж. УИХ “Би сонгогдсон бол бусад нь хамаагүй” гэдэг зарчмаар ажиллаж байгаа л биш бол Сонгуулийн ерөнхий хороогоо шинэчилж шударга дүгнэлтийг толгой даан гаргах чадвартай аавын хүү олоод тавьчихмаар юм. Уг нь тэрбээр 2012 оны сонгуулийн дараа дахин сонгогдохдоо “Би тангараг өргөсөн хүн. Хуулийг дээдэлж шударга ажиллахаа илэрхийлж Үндсэн хууль дээр гараа тавьж байгаад тангарагласан. Тэгэхээр чадахаасаа чадахгүйгээ хүртэл ажиллана” гэж байсныг нь санаж байна. Харин өнөөдрийг хүртэл тангаргийнхаа дагуу хэрхэн ажиллав, түүнийг огцруулах тухай асуудал хэдэнтээ яригдав гэдгийг бодоод үзэхээр арай л өөр дүн гараад байх шиг.

Ямартай ч Увсаас ирсэн долоон сонгогч, тэдний араас ирэх хүмүүсийн хүсэлт болон барьж ирэх “нэг сая төгрөгүүд” Ч.Содномцэрэн даргыг “ацан шалаан”-нд оруулчихав бололтой.

 

У.Оргилмаа

Эх сурвалж: ipost.mn


URL:

Сэтгэгдэл бичих