Б.Долгорсүрэн: Энэ спорт эрсдэл ихтэй ч надад таалагддаг
Чингис хаан, Хубилай хааны үед цэргүүд тулалдааны бус цагаар тактикийн тоглолт, бэлтгэл хийдэг байсан учраас Морин поло спортыг Монголоос гаралтай гэж үздэг. Гэвч спортын энэхүү төрөл манай улсад хожим сэргэж байгаа бөгөөд сүүлийн хэдэн жилд л сонирхогчид эрчимтэй хичээллэж эхэлж байгаа юм. Уг спортоор тууштай хичээллэж, Монголынхоо нэрийг олон улсад гаргаж яваа нэгэн охинтой уулзлаа. Түүнийг Б.Долгорсүрэн гэдэг бөгөөд “Морин поло” спортын Азийн тэргүүн байрын шагнал хүртёэн юм. Тэрбээр Хархорин сумын Ерөнхий боловсролын сургуульд сурдаг.
-Миний дүү өөрийгөө танилцуулахгүй юу? Хэзээнээс морин пологоор хичээлэж эхлэв? Яагаад энэ спортыг сонирхох болов?
-Намайг Бат-Оюуны Долгорсүрэн гэдэг. Өвөрхангай аймгийн Хархорин сумын “Орхон” цогцолбор сургуулийн 10б ангийн сурагч. Би дөрвөн жилийн өмнөөс хичээллэж эхэлсэн. Би моринд их хайртай. Манайх хөдөөний айл, тэгээд ч айлын том хүүхэд болохоор аав, ээждээ тусалж малд их явна. Аавыгаа байнга дагаж явсаар байгаад морь унаж сурсан. Бас аав маань хурдан морь уядаг болохоор багаасаа хурдан морь унадаг байлаа. Гэрийн хажууд “Чингис хаан” морин поло сургалтын жуулчны бааз байдаг болохоор тэнд байнга очиж энэ спортыг сонирхдог байсан. Тэгээд л тэндхийн дасгалжуулагч багш надад санал тавьснаар хичээллэж эхэлсэн юм.
-Олон улсын уралдаан тэмцээнд удаа дараа оролцож байсан юм байна. Монголын анхны эмэгтэй тамирчин гэхэд нас бага байна шүү?
-/Инээв/“Чингис хаан” кемп /жуулчны бааз/-д гадаадын хүмүүс их ирдэг. Биднийг морин пологоор хичээллэж байхыг хараад нутагтаа урьдаг юм. Миний хувьд Олон улсын тэмцээнд морин пологоор оролцож амжилт үзүүлсэн анхны эмэгтэй тамирчин гэгддэг. Энэ спорт заримдаа эрсдэл ихтэй л дээ. Гэхдээ надад таалагддаг. Мөн Монгол Улсад морин поло спортыг хөгжүүлэхийн тулд идэвхтэй хичээллэж байгаа.
- Ямар, ямар улсад очиж байв. Үзүүлсэн амжилтаасаа дурдвал…?
- Сингапур, Аргентин, Шинэ Зеланд, Герман гээд морин спорт түлхүү хөгжсөн улс орноор очиж байсан. Одоо удахгүй Шинэ Зеланд явж “Beach polo” тэмцээнд урилгаар оролцоно. Энэ тэмцээн нь жил бүр болж, Азийн бүх тамирчид оролцдог нэлээн том тэмцээн гэсэн. Би анх удаа оролцох гэж байгаа. Үзүүлсэн амжилт гэвэл 2012 онд Энэтхэг улсад болсон морин пологийн тэмцээнд 2 дугаар байр, Герман улсад 3-р байр, Шинэ Зеландад 1-р байрыг тус тус эзэлж байсан.
- Бэлтгэлээ хэр хангаж байгаа вэ?
-Тэндээ очиж бэлдэнэ. Уралдаанд оролцохдоо сарын өмнө тухайн улсад очиж нэгдсэн байдлаар сургуулилт хийдэг. “Beach polo” тэмцээн 12 сард болох учраас би 2-3 хоногоос явна.
-Морьтой Монголчууд гэгддэг нэр төрөө хамгаалж, улсынхаа нэрийг олон улсад гаргаж яваа чинь бахархууштай явдал юм. Улсаас, аймгаас ямар нэг дэмжлэг үзүүлдэг үү?
-Тэмцээн болох гэж байгаа улсууд оролцогч тамирчдынхаа нислэг, очих орон байр, хоол унд гээд бүх зардлыг даачихдаг. Бүр гарын мөнгө ч өгдөг. Тийм болохоор хэн нэгэнд хандаж байгаагүй. Гэхдээ “Чингис хаан поло” клубийн ерөнхийлөгч Chirstopper болон Энхцэцэг эгч ивээн тэтгэдэг.
-Чамд өөрийн гэсэн морь бий юу?
-Манайх адуутай айл. Надад олон морь бий. Тэр дотроос би өөрөө дасгалжуулсан хонгор морь байдаг. Тэр мориндоо илүү анхаарал тавина.
-Морийг “полочин” болгож дасгалжуулна гэдэг хэцүү биз?
-Хэцүү. Эхлээд бөмбөгнөөсөө айхгүй болгоно. Тэгээд өрсөлдөгч морио шахах, налах гээд олон юм заах хэрэгтэй болдог. Хөл хөнгөнтэй морь гайгүй сурчихдаг юм.
-Олон улсын тэмцээнд очихоор гадаадын тоомсог унаж оролцдог уу?
-Тэгнэ. Гадныхан морин полог их өндөр түвшинд хөгжүүлсэн байдаг. Ихэндээ хурдтай, шаламгай морьдыг сургана. Морь гэхээсээ гүүг их ухаантай, сэргэлэн гэж үздэг учраас гүүг сургадаг юм билээ.
-Чиний дасгалжуулагч багш хэн бэ?
-Шинэ Зеландаас Гарти / Garti/ гэдэг хүн зуны улиралд ирж дасгалжуулдаг. Харин өвөлдөө Монгол тамирчдыг гадаад руу сургалтанд хамруулж, дасгалжуулагчийн гэрчилгээ олгодог. Тэд сургалтанд хамрагдаж ирээд кемпдээ хүүхдүүдийг дасгалжуулдаг юм.
-Одоо танай клубд хичнээн тамирчин байгаа вэ. Эмэгтэй тамирчин өөрөөс чинь өөр бий юу?
-“Чингис хаан-поло” клубд 25 тамирчин байгаагийн дөрөв нь эмэгтэй. Нөгөө гурав маань одоохондоо уралдаан тэмцээнд оролцож амжаагүй л байгаа. “Чингис хаан-поло” жуулчны бааз Хархорин, Хужирт сумын дунд байдаг. Дасгалжуулагч ах нар сумдын сургуульд очиж, хүүхдүүдэд энэ спортыг танилцуулж, сонирхолтой, авьяастай хүүхэд байвал энэ зун хичээллүүлэх, цаашид тэмцээнд оруулах төлөвлөгөөтэй байгаа.
- Анх тэмцээнд оролцож байсан үеэ дурсахгүй юу. Ямар нэг хөгжилтэй явдал гарна биз дээ?
- Хөгжилтэй явдал тохиолдож байсныг сайн санахгүй байна аа. 12 настай байхдаа анх Сингапур улс руу тэмцээнд явсан. Тэр жил манай ангид анх англи хэл зааж эхэлсэн болохоор өөрийгөө танилцуулахаас өөр үг мэддэггүй байсан. Тэндхийн морин поло клубын ерөнхийлөгч нь Монгол эхнэртэй. Түүний дүү нь надтай хамт явсан болохоор хэл нэвтрэлцэхгүй гэх асуудалгүй сайхан байсан ч тэр эгч маань удахгүй буцаж, би өөрөө ямар нэг аргаар ярихаас өөр аргагүй болсон. Гэхдээ орчинд нь байхаар долоо хоногийн дотор л хальт яриад сурчихдаг юм билээ. Эхэндээ юу ч ойлгодоггүй байсан ч удалгүй ойлголцдог, ярьдаг болсон. Одоо англи хэлэндээ гайгүй ээ.
-Морин пологийн тэмцээнд чанга хатуу дэг журам байх уу?
-Хөл бөмбөгийн талбайд ямар ч цагаан зураасгүй тоглодог болохоор нарийн дэг журамтай. Бөмбөг аваад явж байхад өмнүүр хөндлөн орохгүй гэх мэт Олон улсын нэгдсэн дүрэмтэй. Их нарийн спорт шүү дээ. Морин дээрээс цохиураар бөмбөгийг нүхэнд оруулахад багагүй ур чадвар, нүдний хараа шаардана. Тамирчин өөрөө хамгаалалтын малгай, гутал, өвдөгний хамгаалалт өмсдөг. Мөн мориныхоо шилбийг хамгаалахаас гадна эмээл, хазаар, оломны хэмжээ ч чухал байдаг.
-Гадаадын өрсөлдөгчид хэр хүчтэй вэ? Уг нь Монголчууд л моринд эрэмгий шүү дээ?
- Өө хүчтэй. Хамгийн гол нь тэд бяраар биш эвээр тоглодог. Бүгд өөрийн арга техниктэй.
- Багаасаа хурдан морь унаж байсан гэсэн. Эмнэг морь сургаж байв уу?
- Моринд ч муугүй л дээ. Гэхдээ эмнэг сургаж байгаагүй ээ/инээв/. Анх 5 настайгаасаа морь унаж сураад баг, сумын наадамд уралдаж эхэлсэн. Сумынхаа наадамд зургаан удаа айрагдаж байлаа.
- Цаашдын мөрөөдөл, төлөвлөгөө гэвэл…?
- Морин пологоор хичээллэсэн Монголын анхны эмэгтэй тамирчин гэдгээрээ, олон улсад улсынхаа нэрийг хэд, хэдэн тэмцээнд гаргасан гэдгээрээ бахархаж явдаг. Гэхдээ цаашид дэлхийн хэмжээний гоолтой тамирчин болохыг мөрөөдөж байна. Энэ спортод тамирчны чадварыг гоолоор нь үнэлдэг.
- Хэдэн нас хүртлээ энэ спортоор хичээллэх вэ?
-Тоглож чадахаа больтлоо л явна даа. Эрсдэл ихтэй, хүнд спорт болохоор нас ахисан хүмүүс тэр бүр хичээллээд байдаггүй юм билээ.
-За баярлалаа. Аймгийнхаа, улсынхаа нэр төрийг улам өндөрт мандуулаарай.
-Та бүхэнд ч баярлалаа. Нэмж хэлэхэд энэ спорт нь Чингис хааны үеийн Монголоос гаралтай. Одоо дэлхийн хэмжээний мэргэжлийн спорт болсон. Тийм болохоор энэ спортоор дэлхийд Монголчууд л тэргүүлдэг байх ёстой гэж боддог.
Өвөрхангай аймаг Б.Батчимэг
МОНЦАМЭ
URL: