“Нийслэл өргөө” 100 ХУВЬ Б.Ганзоригийн мэдлийнх гэнэ
“Нийслэл Өргөө” компанитай холбоотой олон асуудал гарах боллоо. Саяхан тус компанийн захирал Б.Ганзоригийг АТГ-аас сэжигтнээр татаж, цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан.
Түүнийг авсан тендерээ дамласан байж болзошгүй гэдэг үндэслэлээр шалгаж байгаа аж. “Нийслэл Өргөө” компани нь 1962 онд Улаанбаатар хотын байшин үйлдвэрлэх комбинатын дэргэд “Угсармал орон сууцны анги” нэртэйгээр байгуулагдаж байсан бол 1999 онд хувьчлагдан “Нийслэл Өргөө” нэртэй болсон байдаг. Тус компани улсын төсвөөс зарласан олон тендерийн ажлыг авч байсан бөгөөд өнгөрсөн хугацаанд Төрийн ёслол хүндэтгэлийн цогцолбор, Багануур дүүргийн орон сууцны барилгууд, Монгол Улсын эрдэнэсийн сангийн барилга, МУИС-ийн хичээлийн байрны өргөтгөл, Говь-Алтай аймгийн алтай хотын нисэх онгоцны буудал зэрэг олон барилгын ажлыг гүйцэтгэж байжээ. Харин одоо Үндэсний архивын газрын барилга, дөрөвдүгээр төрөх зэрэг барилгын ажлыг гүйцэтгэж байна.
Саяхан нийслэлд барилгын ажил нь олон жил үргэлжилж, төсөвт өртөг нь жил бүр нэмэгддэг барилгуудын жагсаалтыг гаргасан. Уг жагсаалтад “Нийслэл-Өргөө” ХХК-ийн барьж буй хэд хэдэн барилга багтсан байгаа юм. Тухайлбал тус компани Хан-Уул дүүрэгт Үндэсний төв архивын нэгдсэн байрны барилгын тендерт ялж 2009 онд барилгын ажлыг эхлүүлж байжээ. Анх Үндэсний төв архивын газрын барилгын ажлыг эхлэхдээ найман тэрбум 600 сая төгрөгөөр барихаар тусгасан байна. Гэтэл төсөвт өртөг нь долоон тэрбум 722 сая, есөн тэрбум 798 сая гэх мэтчилэн жил дараалан өссөөр ирэх оны төсөвт 11 тэрбум 925 сая төгрөг болгон нэмж оруулж ирсэн байгаа юм.
Үүнээс гадна Хан-Уул дүүрэгт 300 ортой дөрөвдүгээр төрөх эмнэлгийн барилгын ажлыг дөрвөн жилийн өмнө эхлүүлсэн ч одоог хүртэл ашиглалтад оруулж чадаагүй байгаа. Учир нь анх 19 тэрбум төгрөгөөс эхэлсэн тус эмнэлгийн барилгын төсөв ирэх онд 33 тэрбум 222.8 төгрөг болон өсчихөөд байна. Тус төрөх эмнэлэг нь таван блок, 32 мянга 277 метр квадрат хэмжээтэй аж. Төрөх эмнэлгийн барилгын ажлыг гүйцэтгэгч “Нийслэл Өргөө” компанийн захирал Б.Ганзориг төсөвт өртөг ийнхүү бараг хоёр дахин нэмэгдсэн шалтгааныг “Бид 2010 онд энэ эмнэлгийн барилгын нэг метр квадратын өртгийг 565 мянган төгрөг байхаар тооцсон. Гэтэл одоо барилгын материалын үнэ огцом өсчихөөд байна. Үүнээс гадна дэд бүтэц, цэвэр, бохир усаа хаанаас татах нь шийдээгүй байсан” гэдэг тайлбар өгсөн юм. Барилгын материалын үнэ хэчнээн өслөө ч нийт өртөг ингэж нэмэгдэх боломжгүй учраас энэ мэт төсөвт өртөг нь нэмэгдсэн барилгуудын ажлыг зогсоож нарийн шалгалт оруулна гэдгээ Барилга, хот байгуулалтын яамнаас мэдэгдээд байгаа юм. Одоогийн байдлаар энэ мэт нэмэлт санхүүжилт шаардсан 110 барилгын ажил байгаа бөгөөд үүнд “Нийслэл Өргөө” ХХК-ийн цөөнгүй барилга орж байна.
Тухайлбал тус компани “Пума” ХХК-тай хамтран Хөдөө аж ахуйн их сургуулийн хичээлийн хоёрдугаар байрыг барихаар 2012 оноос ажлаа эхлүүлсэн аж. Ингээд тус барилгын төсөвт өртөг нь энэ онд дөрвөн тэрбум 120 сая төгрөг байсан бол ирэх онд зургаан тэрбум 634.9 сая төгрөг болж нэмэгджээ. “Нийслэл Өргөө” компанийг УИХ-ын гишүүн Д.Арвингийн мэдлийнх гэсэн мэдээлэл гарсан боловч тэрбээр үүнийг үгүйсгэсэн. Д.Арвин гишүүний байгуулсан “Их Өргөө” компанийг одоо түүний хүү А.Од удирдаж байгаа аж. Үүнээс гадна “Нийслэл Өргөө” компанийг УИХ-ын хэн нэгэн гишүүний мэдлийнх гэсэн яриа гарч байгаа боловч энэ компани Б.Ганзоригийн 100 хувь мэдлийнх аж. Харин 1999 оноос бизнесээ эхэлсэн Б.Ганзориг улс төрийн хүрээнийхэн дунд нэлээд алдартай нэгэн гэнэ.
Н.Санжаасүрэн
URL: