Төрийн албан хаагчдыг сандлаас нь ингэж ховхолъё
Хариуцлагагүй ажилладаг төрийн байгууллагуудыг хашраах ийм нэгэн арга байдаг бололтой юм. Аливаа тендерт нь ялалт байгуулчихаад хяналт, шалгалт нь сулхан байвал төсвийн мөнгийг нь аваад “алга болох” гэх үү дээ.
Аль 1996 онд “соёлын төв барьж өгнө” гэж хэлээд улсын төсвөөс мөнгийг нь аваад суурийг нь цутгаад алга болсон нэгэн гашуун түүх байдгийг олж сонслоо. Одоо тэгээд соёлын төв ч үгүй, төсвийн мөнгө ч үгүй. Зөвхөн суурь л торойж үлдсэн юм байх. Энэ асуудлыг хаана, хаанаа харгалзаж үзээд алга болсон компанийг эрэн сурвалжилж байгаа аж. Шүүхэд хандаж, эрүүгийн хэрэг үүсгэсэн ч тэрхүү ид шидтэй компанийг одоо болтол олоогүй л байгаа юм байна.
Сүүлийн үед он дамжсан төсөвт өртөг гэж нэлээд шуугих шиг боллоо. Ер нь хяналтыг нь сайн тавьж чадахгүй газруудад дээрх ид шидтэй компанийн туршлагыг хэрэгжүүлээд эхэлбэл яасан юм бэ. Тэгвэл асуудалд хаана хаанаа анхаарч, дээрээс нь шахаж, түлхэж өгөх биз. Ер нь ажлаа хийдэггүй хүмүүсийг иймэрхүү аргаар айлгаж байгаад гуядаж хийлгэхэд болохгүй зүйл байхгүй л баймаар санагдах юм. Нэг ёсондоо төрийн байгууллагуудын назгайрсан байдлыг арилгаж, байнгын хараа хяналтыг нь сайжруулах шилдэг арга хөдөө орон нутагт аль хэдийнэ хэрэгжээд эхэлсэн байна шүү дээ. Манайхан л үүнийг анзаарахгүйгээсээ болж дахин дахин мадлуулаад байгаа юм шиг ээ.
Тиймээс ийм төрлийн ажил авсан хүмүүс сандлаасаа ховхордоггүй төрийн албан хаагчдыг нэг сайн сургаад өгөх хэрэгтэй юм шиг. Бүгд шидэт компанийн аргыг хэрэгжүүлээд эхлэх юм бол эрхбиш сандлаасаа ховхорч эхлэх байлгүй. Үгүй гэвэл дээрх тодорхой жишээн дээрх шиг хаанаас ч хайгаад олдохгүйгээр алга болчиход л болно шүү дээ.
Тиймээс ажлаа хийхгүй алга болсон компаниудыг нэг их буруутгаад байх шаардлагагүй. Төрийн албаныхны хариуцлагагүй үйлдлээс л болж компаниуд ажлаа хийхгүй байна.
Эх сурвалж: ipost.mn
URL: